Л.Энхнасан: Гэр бүлийн хөгжлийг дэмжих хуулийг бодит хэрэгцээтэй гэр бүлүүдэд хүрдэг, орон сууц, эрүүл мэндэд дэмжлэгтэй хууль болгох хэрэгтэй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 21 сек
00
26e407a9-e440-4c18-9034-5d9286bcbeb2.webp

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энхнасан "Энэ хуулийн төслийн үндсэн зорилгыг дэмжиж байна. Гэхдээ гэр бүлийг дэмжинэ гэдэг зөвхөн уламжлалт гэр бүлийн нэг хэлбэрийг дэмжих биш, өнөөдөр бодит амьдрал дээр хамгийн их дэмжлэг хэрэгтэй байгаа гэр бүлүүдээ орхигдуулахгүй байх ёстой гэж бодож байна.

Нэгдүгээрт, 7.1-д хүүхэдтэй залуу гэр бүл болон 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг ипотекийн болон түрээсийн орон сууцанд тэргүүн ээлжид хамруулахаар тусгасан байна.

Гэтэл хүүхдээ ганцаараа өсгөж байгаа өрх толгойлсон эцэг, эхийн асуудал энд тодорхой харагдахгүй байна. Нэг орлоготой байж хүүхдийн асаргаа, сургалтын төлбөр, орон сууцны түрээсийн зардал зэргийг дангаараа хариуцаж байгаа энэ хүмүүс орон сууцны дэмжлэг хамгийн их хэрэгтэй бүлгийн нэг. Тиймээс өрх толгойлсон эцэг, эх гэсэн бүлгийг бас тодорхой оруулах шаардлагатай гэж үзэж байна.

Хоёрдугаарт, бид хүн амын өсөлт, гэр бүлийн хөгжлийг дэмжинэ гэж байгаа бол хүүхэдтэй болохыг хүсэж байгаа боловч үргүйдлийн асуудалтай тулгарсан гэр бүлүүдээ бас орхиж болохгүй.

Төслийн 10.1.7-д үргүйдэлтэй гэр бүлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, дэмжлэг үзүүлнэ гэж заасан. Гэхдээ “үйлчилгээг ойртуулна” гэдэг хангалтгүй.

Үргүйдлийн оношилгоо, эмчилгээ, шаардлагатай тохиолдолд үр шилжүүлэн суулгах зэрэг өндөр өртөгтэй туслах нөхөн үржихүйн эмчилгээний зардлыг төр, Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой шалгуураар дэмжих боломжийг судлах хэрэгтэй байна

Гэр бүлийг дэмжих тухай хууль юм бол яг ийм бодит хэрэгцээтэй гэр бүлүүдэд хүрдэг, орон сууц, эрүүл мэнд, санхүүгийн бодит дэмжлэгтэй хууль болгох хэрэгтэй гэж үзэж байна" гэлээ.