С.Цэнгүүн: Улсын төсвөө хавар баталсан хөгжлийн төлөвлөгөөтэйгөө уялдуулж байж, амь орно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 7 мин 16 сек
00
tsenguun1.webp

Төсвийн тодотголын хэлэлцүүлэг үргэлжилж буй энэ цаг мөчид төсвийн задаргаа, ил тод, нээлттэй байдалтай холбоотой асуудал олны шүүмжлэлийг дагуулж буй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Цэнгүүн төсвийн задаргаа, тооцооллыг УИХ-ын гишүүд төдийгүй олон нийтэд нээлттэй хүргэх агуулга бүхий Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өнгөрөгч долоо хоногт өргөн барьсан билээ. Тэгвэл эл хуулийн төслийн талаар түүнтэй ярилцлаа.

-Төсвийн тодотголын хэлэлцүүлэг эхэлсний дараахан Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байж болзошгүй асуудал хөндөгдөж, олон нийтээс нэлээдгүй шүүмжлэл хүртсэн. Энэ нь эргээд төсвийн ил тод, нээлттэй байдалтай холбоотой асуудлыг хөндөхөд хүргэж буй. Та энэ чиглэлд санаачилсан хуулийн төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнгөрөгч хавраас эхлэн Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажилласан. Бид улсын төсөв ярилцах үед маш том, том үнийн дүн дээр ажилладаг. Тэр тусмаа улсын төсвийн 70 хувийг эзэлж буй урсгал зардлын задаргаа байхгүйгээр хэлэлцүүлэг явагддаг. Жишээлбэл, бусдаар гүйцэтгүүлэх бараа үйлчилгээнд 300 тэрбум төгрөг гээд тавьчихдаг. Гэтэл түүний нарийвчилсан задаргаа нь байхгүйгээр зөвхөн эксел файлын нэг л нүдэн дээр бичигдчихсэн байдаг. Угтаа бол 300 тэрбум гэдэг чинь маш өндөр дүн шүү дээ. Энэ мэтчилэн маш өндөр мөнгөн дүнгүүдийн цаадах задаргааг хэлэлцэж чадахгүйгээр шууд батлаад явчихдаг нь улсын төсөв хяналтгүй урсах нөхцөлийг бүрдүүлж буй юм. Жил бүр төсөв томорч байна. Татвар төлөгчдөөс авах мөнгө нь нэмэгдээд л байдаг. Гэтэл тэр мөнгө эргээд иргэдийн амьдралыг сайжруулахад зарцуулагдсан уу эсхүл хэн нэг даргын цавчаа болсон уу гэдэгт хяналт тавьж чадахгүйд хүрдэг. Сүүлдээ аудитын дүгнэлтийг ярьсан болоод л өнгөрдөг. Ийм хариуцлагагүй байдал тогтоод удаж байна.

Ер нь бид улсын төсвөөр юуг хийх юм бэ, сууж орж ирсэн төсөл нь хэр чухал вэ гэдэг дээр эрэмбэ дарааг анхаарах хэрэгтэй. Бидэнд байгаа энэхүү төсвийн ном дээрх задаргаа маш дутмаг байдаг. Тодруулбал, хариуцаж байгаа салбар яамдаас нь Сангийн яаманд тухайн төслийг эрэмбэлээд оруулж ирсэн гэдэг. Гэвч хэлэлцүүлгийн үед тухайн төсөл ач холбогдлынхоо хувьд салбарын бодлогод хэддүгээрт эрэмбэлэгдсэн юм бэ гэдэг мэдээлэл дутмаг байдаг гэсэн үг. Үүнээс үүдэж УИХ-ын гишүүдийг асар бага мэдээлэл дунд шийдвэр гаргахыг шаарддаг.

Нөгөө талдаа энэ бол монголчуудын төсөв. Бүхий л татвар төлөгчдийн мөнгө. Энэ утгаараа төсвийн төсөл ил тод байх учиртай. Тиймээс улсын төсөвтэй холбоотой бүхий л материал, тооцоолол, задаргаа зэргийг баталгаажсан төслийнх нь хувилбараар онлайнд эксел хэлбэрээр тавих ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн төсөв дээр ажиллах боломжтой, хайлт хийх боломжтойгоор нь байршуулах ёстой гэсэн үг.

Тэгж байж иргэнд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн гээд хэн ч байсан төсөвт хяналт тавих боломж бүрдэнэ. Ер нь УИХ-ын гишүүд хүртэл мэдээллээр бүрэн хангагдаж чаддаггүй зовлон байна. Би УИХ-ын гишүүнээр ажиллаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд гишүүд бүгд л УИХ-ын групп чатнаас "Задаргаа нь хаана байна, энэ дотор ямар төсөл байгаа юм" зэргээр асуулт тавьдаг. Азтай байвал задаргааг нь олно. Энэ нь өөрөө албан бусаар явагддаг. Бидэнд задаргаа гээд мэйлээр PDF файл ирдэг. Яамдууд хэвлэж тараасан материалаа зүгээр л сканердаад төсвийн задаргаа гээд явуулчихдаг. Өөрөөр хэлбэл, гишүүд түүн дээр нь ажиллах боломжгүй хувилбараар бидэнд ирүүлдэг гэсэн үг.

-Энэ талаараа зохих шатны албан тушаалтнуудад нь ханддаг уу. Ямар хариу өгдөг юм бэ?

-Гишүүдийн зүгээс сүүлийн хоёр жилийн хугацаанд Сангийн сайдад "Төсвийн төслөө ажиллах боломжтой задгай файлаар өгөөч" гэж байнга хэлж ирсэн. Өнөөдрийг хүртэл энэ байдал өөрчлөгдөөгүй. Иймээс Төсвийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт хийж, нээлттэй төсөвтэй болох ёстой. Нэг хөгжилтэй зүйл бий. Яамдынханд "Төсвөө нээлттэй болгоод, бүх файлаа өгөөч" гэхээр "Үүнийг хэвлэнэ гэвэл хэтэрхий их материал болно" гэж тайлбарладаг. Гэтэл өнөөдөр чинь орчин үе шүү дээ. Заавал бүгдийг нь хэвлэж тараах шаардлага байхгүй. Онлайн хэлбэрээр л байршуулчихад монголчууд бүгдээрээ хараад явчихна шүү дээ.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг л гэхэд 20 гаруй удаа шинэчилсэн. Хуулиа зөвөөр ашиглах бус өөрсдөд нь саад болбол өөрчлөөд явчихдагаас замбараагүй байдал бий болж байна-

tsenguun2.webp

-Таны ярианд дурдсанчлан төсвийн мэдээлэл УИХ-ын гишүүдэд хүртэл ийм хангалтгүй ирдэг юм бол ард иргэдэд бүр ч хэцүү байх?

-Тийм ээ. Өмнө нь "Нээлттэй нийгэм" форумаас төсөл хэрэгжүүлж, Сангийн яам дээр "Иргэдийн төсөв" гэдгийг нээлттэй байршуулж ирсэн. Гэтэл тухайн төслийнх нь санхүүжилт зогссон тул энэхүү үйл ажиллагаа зогсчихсон байгаа. Гэхдээ гудамжинд яваа дурын нэг иргэнээс "Та иргэдийн төсвөө харсан уу" гэж асуувал ихэнх нь үгүй л гэж хариулах болов уу. Тиймээс Сангийн яамны ашиглаж буй платформ дээрээ төсвийн төслийг маш ойлгомжтой байдлаар буюу бүх задаргаатай, нийгэм эдийн засгийн ач холбогдлынх нь эрэмбэ дараалалтайгаар нь тухайн төслүүдийг нээлттэй байршуулдаг болохыг энэ хуулийн төслөөр Засгийн газарт даалгавар болгож өгсөн. Үүний үр дүнд төсвийн хяналт асар ихээр сайжирна.

Олон улсын түвшинд авч үзвэл, манай улсын төсвийн ил тод байдал 60 хувьтай байгаа. Энэ үзүүлэлтийг бид улам сайжруулах ёстой.

Шилэн данстай холбоотойгоор нэлээн сайжирч байсан боловч ил тод бус байдлаас үүдсэн маргаанууд гарсан хэвээр байна. Энэ хуулийн төслийн шинэчлэлээр улсын төсвөө илүү нээлттэй болгох, олон улсын жишигт ойртуулах бололцоо бүрэн дүүрэн гарч ирнэ.

-Аудитын байгууллагаас ТЕЗ нарын төсөв зарцуулалт, төслийн хэрэгжилтийг гаргадаг ч түүнийг нь хэлэлцээд л өнгөрдөг. Өөрөөр хэлбэл, тэнд төсөв зориулалт бусаар зарцуулагдсан ч хариуцлагын асуудал орхигдоод байна уу гэлтэй. Тэгвэл ТЕЗ нар дээр хариуцлагын асуудлыг тусгаж өгч байгаа юу?

-Мэдээж энэ бүхний цаана хариуцлага байх ёстой. Төсвөөс мөнгө шилжээд л тухайн ажил болчихлоо гэж харж болохгүй. Үр дүнгээ зөвөөр үнэлэх ёстой. Энэ асуудал дээр Засгийн газрын хариуцлагагүй байдал маш их харагддаг. Ер нь бид хуулиа тухай бүрт нь өөрсдөө тааруулаад, шинэчилж батлаад байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг л гэхэд 20 гаруй удаа шинэчилсэн. Манай улсад хууль хангалтгүй болохоор ийм замбараагүй байдалд байгаа биш юм. Харин байгаа хуулиа зөвөөр ашиглахгүйгээр өөрсдөд нь саад болбол өөрчлөөд явчихдагт л учир байна.

-Төлөвлөлтийг үр дүнтэй уялдуулдаггүй байдлын нэг үр дагавар бол олон жил дамнан хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүд. Тэгэхээр анх төлөвлөж оруулж ирэхээсээ л эхлүүлээд төслийн эрэмбэ дараа гэдэг зүйлийг сайн тогтоох нь чухал юм шиг?

-Хуулийн төслийн хүрээнд хэд хэдэн агуулгыг нэмж өгч байгаа. Хариуцлагатай холбоотой асуудлыг ч тусгаж өгсөн. Бид албан тушаалтнуудтай хариуцлага тооцохгүй яваад байна л даа. Жишээлбэл, өнгөрсөн жилийн төсвийг хараад үзвэл багш нарын цалинг нэмэгдүүлэхээр тооцсон боловч эх үүсвэрийг нь хаанаас шийдэхээ тодорхойлоогүйгээс болж, тодотгол ярих шаардлага бий болсон. Энэ бол монголын түүхэнд гарч байгаагүй маш том алдаа. Гэтэл үүнд хэн ч хариуцлага хүлээхгүйгээр "Өнгөрсөнд ийм алдаа гаргачхаж" гээд хараад сууж байна. Энэ асуудлыг шат шатандаа анхаарах ёстой байсан. Нөгөө талдаа УИХ ч хариуцлагатай хандах ёстой. Бид хуулийн шаардлага хангаагүй зүйлсийг авч хэлэлцэхээс татгалзах ёстой.

-Монгол Улсын төсөв цэгцтэй, нээлттэй байвал олон нийтийн хэлэлцүүлгээр дамжиж, илүү төлөвших тал руугаа явна-

tsenguun 3.webp

-Нэмэлт өөрчлөлт гэдэг утгаараа шинээр оруулж ирж буй агуулга бий юу?

-Улсын төсвөөр хийх хөрөнгө оруулалтуудын жагсаалт гардаг. Эл жагсаалтад тухайн төслийн нэр, эхлэх, дуусах хугацаа, анхны төсөвт өртөг болон тухайн төсвийн жилд санхүүжих өртгийг бичдэг. Харин үүнийг хуулийн төслөөр улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох арга хэмжээний дугаарыг бичдэг болж байгаа. Бид хаварт улсын хөгжлийн төлөвлөгөөг баталдаг. Тэгвэл тухайн төсөл нь хөгжлийн төлөвлөгөөнд орсон юм уу гэдгийг харах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хоёр баримт бичгийг холбож өгөх эхний алхам нь энэ болно. Яагаад гэвэл хавар хөгжлийн төлөвлөгөө гэж баахан ярьж баталдаг. Гэтэл намар өргөн барьж байгаа төсөв нь түүнтэй ямар ч холбогдолгүй байдлаар орж ирдэг. Энэ хоёр баримт бичиг өөр хоорондоо уялдаагүй явж ирсэн гэсэн үг. Тиймээс эдгээрийг хамтад нь уялдаатай явдаг байлгая гэж байгаа юм. Хавар баталсан тэрхүү төлөвлөгөө чинь амь орох ёстой.

Өөр нэг өөрчлөлт бол эрэмбийн оноог оруулж өгч байгаа. Сангийн яам руу маш олон төсөл хөтөлбөрийн санал өгдөг. Улсын төсөв маань тодорхой хэмжээний багтаамжтай байдаг учраас бүх төслийг оруулж чаддаггүй. Иймээс ач холбогдлынх нь эрэмбийн дагуу төслүүдээ оруулсан гэж Сангийн яам тайлбарладаг. Гэхдээ тэр нь яг бодит уу гэдгийг бид хармаар байна. Тиймээс энэ эрэмбийн оноожуулалтыг, тайлбарын хамтаар оруулж өгөхийг хуулийн төсөлд тусгасан. Мөн анхны төсөвт өртөг өөрчлөгдсөн байх юм бол түүний шалтгаан, үндэслэлийг тавьж өгөх ёстой. Үүнд хариуцлагатай хандахгүй бол шууд л эхэлсэн л юм чинь заавал дуусгах ёстой гэдэг байдлаар харж таарахгүй. Ямар шалтгааны улмаас анхны төсөвт өртгөөсөө нэмэгдээд байгаа юм бэ гэдгийг тайлбартайгаар нь хардаг байх ёстой. Монгол Улсын төсөв цэгцтэй, нээлттэй болох ёстой. Ингэж чадвал аль нь чухал, аль нь чухал биш вэ гэдэг олон нийтийн хэлэлцүүлгээр дамжиж, илүү төлөвших тал руугаа явна.