Хямд үнээр алт авчирч өгнө гэх залиланд 24 иргэн 3.7 тэрбум төгрөгөөр хохирчээ

Нийгэм
М.Ариунжаргал Унших: 1 мин 16 сек
00
1d8a697d31bf1142great.webp


БНСУ-аас зах зээлийн үнээс хэт хямд үнээр алт, алтан эдлэл авчирч өгнө гэх зарын дагуу захиалга өгсөн 24 иргэн залилуулж, урьдчилсан байдлаар 3.7 тэрбум төгрөгийн хохирол амсаад байна.

Цагдаагийн байгууллагад уг хэргийн талаарх гомдол, мэдээлэл уржигдар ирсэн бөгөөд урьдчилсан байдлаар нийт хохирол 3.8 тэрбум төгрөгт хүрсэн гэх мэдээлэл байна. Хохирсон иргэдийн тоо болон хохирлын хэмжээ цаашид нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Уг гэмт хэргийг сэжиглэгдэж буй этгээдүүд энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн БНСУ-аас алт, алтан эдлэл захиалгаар авчирч өгнө гэх нэрийдлээр иргэдээс мөнгө авч, олон удаагийн үйлдлээр залилан хийсэн байж болзошгүй байна.

Тодруулбал, Фэйсбүүк дэх “Сак сайхнууд”, “Алтаар урс” зэрэг бүлгэмээр дамжуулан БНСУ-д нэг грамм алт 500 гаруй мянган төгрөгийн үнэтэй байхад 420 мянган төгрөгөөр захиалга авч, зах зээлийн үнээс үлэмж хямд үнэ санал болгож байжээ. Одоогийн байдлаар БНСУ-д нэг грамм алтны үнэ Монгол мөнгөөр ойролцоогоор 503 мянган төгрөг байгаа аж.

Мөн өмнө нь захиалга өгсөн иргэдэд барааг нь цаг тухайд нь хүргэж өгсөн зэргээр итгэл төрүүлсэн байна. Түүнчлэн нэр бүхий олны танил хүмүүс уг бүлгэмийг сурталчилж байсан нь иргэдийг тухайн захиалгын үйлчилгээнд итгэхэд нөлөөлсөн байна.


Одоогоор цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан иргэдийн хохирол 350-500 сая төгрөгөөс эхэлж байгаа бол нэг иргэн нэг тэрбум гаруй төгрөгөөр хохирсон тохиолдол бүртгэгдээд байна.

Иймд цагдаагийн байгууллагаас цахим орчинд зах зээлийн үнээс хэт хямд үнэ санал болгосон зар, мэдээлэлд болгоомжтой хандаж, онлайнаар үнэт эдлэл худалдан авахдаа урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхыг иргэдэд анхаарууллаа