Улаанбаатар хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

Улаанбаатар хотод өнгөрсөн сарын 15-наас энэ сарын 1-ний өдрүүдэд 441 борлуулалтын цэгээр 23,107 тонн шахмал түлш борлуулжээ.
Энэ сарын 1-ний байдлаар хагас сайжруулсан шахмал түлш, коксон түлшний үйлдвэрийн талбайн болон агуулахад 52,749 тонн нөөц бүрдүүлснийг мэдээлэв.
Хагас коксон түлшийг арваннэгдүгээр сараас эхлэн борлуулах юм байна.
Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлж, есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд 30,768 тонн хийн түлшийг айл өрхөд борлуулжээ.
Харин “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх” сургалтыг дүүрэг, хороодын Засаг дарга нартай хамтран 2024, 2025 оны угаарын хийн өртөлтийн судалгаагаар өндөр эрсдэлтэй 32 хорооны иргэд, хэсгийн ахлагчдыг хамруулжээ.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, айл өрхийн зуухны хяналт шалгалт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт, шахмал түлшний үйлдвэрлэл, борлуулалт, нөөцийн мэдээллийг өдрөөр болон долоо хоногоор нэгтгэдэг байна.



