Иргэдийн дуудлага хүлээлгүй гал түймрийг илрүүлэх 13 камер ажиллаж эхэлжээ

Нийслэлийн хэмжээнд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалттай өндрийн камерыг 13 байршилд суурилуулжээ.
Тус камерыг нийслэлийн алслагдсан Багахангай, Багануур, Налайх дүүрэгт байршуулсан байна.
Өндрийн камер нь хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар галын дөл болон утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, 10 хүртэлх километрийн радиуст гал түймрийн аюулыг мэдрэх боломжтой аж.
Ингэснээр иргэдийн дуудлага, мэдээллийг хүлээлгүйгээр гал түймрийн аюулыг эрт илрүүлж, холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх нөхцөл бүрдсэн талаар ОБЕГ-аас мэдээлэв.
Мөн нийслэлийн хүрээний аврах, гал унтраах анги, салбаруудыг камержуулахын зэрэгцээ гал сөнөөгч бүрийг энгэрийн камераар тоноглож, дүрс бичлэгийн мэдээллийг Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвтэй уялдуулах технологийн шийдлийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Камерын хяналт, мэдээллийн нэгдсэн системийг ашигласнаар аврах, гал унтраах ажиллагааг дүрсээр баримтжуулах, алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм.


