Улаанбаатарын замын хөдөлгөөн, нийтийн тээврийг 365 хоног нэгдсэн удирдлагаар зохицуулна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Шуурхай штаб байгууллаа.
Тус штаб нь нийслэлийн замын хөдөлгөөн, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг байгууллага хоорондын уялдаа холбоог ханган, жилийн 365 хоног нэгдсэн зохион байгуулалтаар шийдвэрлэх юм.
Нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр энэ талаар “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр нийслэлийн хэмжээнд Шуурхай штаб нэгдсэн зохион байгуулалтаар ажилласан. Энэ зохион байгуулалтыг цаашид Улаанбаатар хотод 365 хоног хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
Энэ хүрээнд замын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүндрэл чирэгдэлгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг хэлэлцсэн” гэв.
Шуурхай штабын удирдлага дор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Замын хөгжлийн газар, нийтийн тээвэр, эрүүл мэнд, онцгой байдлын байгууллагууд уялдаа холбоотой ажиллана.
Ингэснээр замын хөдөлгөөний ачаалал, нийтийн тээврийн үйлчилгээ болон зам дээр үүссэн осол, саатал зэрэг асуудалд холбогдох байгууллагууд тус тусдаа бус, нэгдсэн зохион байгуулалтаар шуурхай ажиллах нөхцөл бүрдэх юм.


