Ц.Цэлмэг: Би өөрийгөө сониуч, эрх чөлөөтэй, халамжтай гэж тодорхойлно

Хоосон
AriunjargalУнших: 5 мин 18 сек
00
legacy:2026/09/NewFolder/sssdw2.jpg

Жүжигчин Ц.Цэлмэг өөрийгөө “сониуч, эрх чөлөөтэй, халамжтай” гэж тодорхойлдог. Тэрбээр тавдугаар ангиасаа жүжигчин мэргэжлийг сонирхож, Б.Лхагвасүрэн гуайн шүлгийг сонсож, цээжилж, “Уран жиргээ” наадамд оролцсоноор урлагийн анхны алхмаа хийжээ. Хүүхдийн театрын тоглолтуудад оролцож, тайзнаас ирэх алга ташилтыг мэдрэх тусам жүжигчний мэргэжилд улам татагджээ. Тэгвэл бид энэ удаагийн ярилцлагаараа залуу жүжигчин Ц.Цэлмэгийн онцолж байна.

-Яриагаа шууд өөрийгөө гурван үгээр тодорхойлж эхэлье

-Сониуч, эрх чөлөөтэй, халамжтай

-Жүжигчин мэргэжлийг сонгоход тань хамгийн их нөлөөлсөн зүйл юу байсан бэ? Гэр бүлийнхэн тань энэ сонголтыг хэр дэмжсэн бэ?

legacy:2026/09/NewFolder/sssdw3.jpg

-Жүжигчний мэргэжлийг тавдугаар ангиасаа хойш сонирхож эхэлсэн. Уран бүтээлч хүмүүс гоё санагддаг байсан юм. Тавдугаар ангид байхад ээж маань Б.Лхагвасүрэн гуайн шүлгийн цоморлогийг авчирч өгч байсан. Тэр нь дотроо СИДИ-тэй. СИДИ-н дотор нь Б.Лхагвасүрэн гуайн шүлгийн хүмүүс уншчихсан тэрийг нь сонсож цээжлээд анх “Уран жиргээ” наадамд орж урлагийн гараа эхэлж байсан.

Дараа нь хүүхдийн театрт ороод олон олон тоглолтод орсон. Тэр үед хүмүүсийн алга ташилтын мэдрэмжээс болж жүжигчний мэргэжлийг илүү сонирхох болсон. Гэрийнхэн маань намайг дэмжиж ойлгодог. Айлын эмэгтэй хүүхэд байж гэр орондоо тогтохгүй байнга л зураг авалт, ажил гээд л явчихдаг энэ үед аав, ээж, эгч маань арыг маань бат даадаг. Урлагийн хүнд арыг нь бат даадаг гэр бүл хамгийн чухал санагддаг.

-Оюутан байхаасаа уран бүтээлд орж, ажиллаж эхэлсэн. Анхны уран бүтээлдээ тоглож байх үеийн Цэлмэг одоогийн Цэлмэгээс юугаараа өөр байсан бол?

-Би бүр 10 жилд байхаасаа л кинонд тоглох сонирхолтой байсан. Киноны дүрийн сонгон шалгаруулалт өөрөө гүйж очоод л орчихдог байсан юм. Анх есдүгээр ангид байхдаа “Шилжилт” кинонд тоглож байсан. Түүнээс хойш хичээл 10 жилээ төгсөөд, их сургуулийн 3 дугаар дамжаа хүртлээ кинонд тоглоогүй байж байгаад “Нарны сүүдэр” кинонд тоглосон.

legacy:2026/09/NewFolder/sssdw6.jpg

“Нарны сүүдэр” кинонд тоглосноос хойш хичээлийн хажуугаар 6-8 уран бүтээлд ажиллаад. Гурван жилийн завсарлага аваад саяхан нээлтэй хийсэн “Хараал хүрсэн хот” олон ангит кинонд гол дүрийг бүтээсэн.

-СУИС-д суралцаж байхдаа кинонд тоглох, төгсөөд мэргэжлийн жүжигчин болж ажиллах хоёрын хооронд хамгийн их мэдэрсэн ялгаа юу байв?

-10 жилд байхдаа кинонд тоглох, оюутан болоод, их сургуулиа төгссөний дараа бүтээл дээр ажиллах маш өөр байсан. Мэдээж цаг хугацаа өнгөрөх тусам суралцаж ахисан түвшинд ажиллаж эхэлдэг. Ядаж дүрийнхээ төлөө санаа зовдог, зохиолоо задлах гээд илүү их мэдэрч ажилладаг болдог санагдсан.

-Жүжигчин мэргэжлээр ажиллах явцад энэ чинь миний бодож байснаас хамаагүй хэцүү мэргэжил юм байна гэж хамгийн хүчтэй мэдэрсэн үе байсан уу?

legacy:2026/09/NewFolder/sssdw5.jpg

-Хараал хүрсэн хот” их хүнд сэдэвтэй кино байсан. Үүнээс өмнө Монгол, Солонгосын хамтарсан төслийн нэг кинонд ажиллахад шантарч байсан. Учир нь миний тэнцсэн дүр таван жил Солонгост сурсан оюутан охины дүр байсан. Бэрхшээл нь Солонгос хэлгүй болохоор текст дээрээ ажиллахад хэцүү байсан.

Бие ээ дааж анх удаа гадаад улсад удаан хугацаагаар амьдарч үзсэн. Олон улсын болохоор үүнийгээ дагаад хариуцлага илүү нэмэгдэнэ. Тэр үед л үнэхээр жинхэнээсээ шантарсан хэцүү санагдсан. Гэхдээ чадахаараа хичээсэн. Яагаад гэвэл миний ард ямар нэг байгууллага продакшн биш бүхэл бүтэн Монгол улс гэдэг нэр байсан юм. Өдөр болгон уйлаад л дүр дээрээ ажилладаг байсан.

-Урлагийн салбарыг “хатуу” гэж ярьдаг. Та энэ салбарт орж ирээд хүнээс үг даах, шүүмжлэл хүлээж авах, өөрийгөө хамгаалах тал дээр юу ойлгож эхэлж байна вэ?

-Урлагийн салбар тэр дундаа театрт ажиллахаар хүнийг их олон талаас нь нээж задалж өгдөг юм байна. Би драмын театрт ажиллаад 4 дэх жил рүү гээ орж байна. Ахмад уран бүтээлчдээ хүндлэх, хариуцлага тал дээр, хүний үг сонсож сурсан гээд олон зүйл сурсан.

-Драмын театрыг сонгох болсон шалтгаан нь юу байсан бэ?

Намайг оюутан байхад ангийн багш маань “Чи хэзээ ч театрын жүжигчин болохгүй” гэдэг байсан юм. Ер нь гуравдугаар дамжаанаасаа эхлээд л хичээлдээ сууж чадахгүй кинонд ажиллах гээд явчихдаг байсан. Үүнийг ангийн багш их дэмжиж явуулдаг байсан. Би өөрөө ч гэсэн театрт тийм сонирхолгүй байсан.

Харин төгсдөг жил маань аз болж сонгон шалгаруулалт зарлаад манай ангийнхан шалгалт өгөөд байхаар нь зүгээр л өгөөд үзье гэж бодоод шалгаруултад ороод тэнцчихсэн юм. Ажиллаж үзээд зөв сонголт хийсэн гэдгээ мэдрээд явж байна. Уран бүтээлч хүн талаасаа их зүйлийг сурч ойлгож авсан.

-Мэдээж олны танил болж байгаа хүний хувьд сошиал орчинд эерэг сөрөг сэтгэгдлүүд тодорхой хэмжээнд байдаг байх. Тэр бүхнийг яаж хүлээж авч байна?

- Би ер нь сошиалаас аль болох хол байхыг илүүд үздэг.

Гэхдээ цаг үе өөрчлөгдсөн. Бидний мэргэжил ч бас хол байх боломжгүй. Харин сөрөг сэтгэгдлийг их хүндээр хүлээж авдаг. Танихгүй хүнээс сөрөг сэтгэгдэл сонсох чинь муухай шүү дээ. Тэр тал дээр хөнгөн хүлээж авах чадвар суугаагүй. Ирж байгаа сэтгэгдлүүдийн маань ихэнх нь урам хайрласан эерэг байдаг. Тэр болгонд илүү хичээх юм сан. Илүү майхан уран бүтээлээр уулзах юм сан гэж боддог.

-Залуу жүжигчин хүний хувьд амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?

-Мэдээж хариуцлага, цаг барих гэх мэт бол хүнд заавал байх ёстой зүйл. Харин миний ухан бүтээлдээ баримталдаг зарчим гэвэл эротик кинонд тоглохгүй гэж боддог. Ингэж хэлэхээр тийм кинонд тоглосон гэж бодож магадгүй. Оюутан байхдаа “Бэхэн зүрх” гээд кинонд тоглож байсан. Тэр кинонд тийм хэсэг байдаг хэдий киноны агуулга бүхэлдээ эротик биш, өөр сэдэвтэй кино.

Одоо бодоход ямар ч зоригтой байсан юм гэж боддог. Тэр киноноос болоод шүүмжлэлд их өртөж байсан. Яагаад гэвэл тэр үед “Шилжилт” УСК-д тоглочихсон хүүхдүүд намайг их үздэг байсан. Тийм болохоор хүүхдэд буруу үйлдэл үзүүлж байна гэж шүүмжлүүлсэн. Бас биеэ зөв авч явахыг хичээдэг. Хүүхдүүд намайг хараад үлгэр дуурайлал авна шүү дээ.

Урлагийн хүний хувьд надад ирж байгаа хамгийн том хариуцлага энэ байх.

-Урлагийн хүн болохоор завгүй хуваарьтай байдаг байх. Ажлаас өөр хобби бий юу, Үзэгчдийн мэддэггүй, магадгүй тайзан дээр хэзээ ч харж байгаагүй таны ямар нэгэн нууц авьяас?

legacy:2026/09/NewFolder/sssdw4.jpg

Яг тийм хобби гэх зүйл байхгүй. Учир жүжигчний мэргэжил бүтээж буй дүрээсээ хамаараад судлах сурах зүйлс маань өөрчлөгдөж байдаг. Драмын театр тэр дундаа ачаалал ихтэй байдаг. Өөртөө гаргах цаг хомс. Харин олдож байгаа тэр цагтаа тархиа амрааж байгальд байхыг илүүд үздэг.

Жүжигчин хүний зүгээс ийм дүрд тоглох юмсан, тийм дүрийг амилуулах юмсан гэж бодогддог бодол бий юу?

Яг тийм ийм гэсэн дүр байхгүй. Өөрт оногдсон дүрээ л хамгийн сайнаараа гаргахыг зорьдог. Өөртэйгөө л тулж ажиллахыг илүүд үздэг.