СХД-ийн 42 мянга гаруй ахмадад зориулсан өдөрлөгт 2000 гаруй ахмад оролцлоо

Олон улсын ахмадын өдөр болон Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүрэгт “Өв соёлоо дээдлэн ахмадуудаа хүндэлье” өдөрлөгийг зохион байгуулж, 2000 гаруй ахмад оролцлоо.
Өдөрлөгийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо болон дүүргийн дэргэдэх байгууллагууд хамтран ахмад настны хөгжил, оролцоо, эрүүл мэндийг дэмжих, тэдний мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэн сурталчлах зорилгоор зохион байгуулжээ.
Энэ үеэр дүүргийн Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар зэрэг байгууллагаас ахмадуудад төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, нийгмийн хамгаалалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид болон өвлөн уламжлагчид оролцож, урлагийн тоглолт толилуулсан байна. Сонгинохайрхан дүүрэгт нийт 42,880 ахмад настан амьдардаг бөгөөд тэдэнд зориулан 4 дүгээр хороонд Ахмад хөгжлийн төв, 34 дүгээр хороонд Ахмадын өргөө ажиллаж байна. Харин ирэх онд Өнөр бүсийн ахмад настнуудад зориулан дахин Ахмадын өргөө байгуулахаар төлөвлөжээ.



