АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ дэлхийн аваргын таван түрүүгээ дараалан хүртлээ

АНУ-ын эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн шигшээ баг Германд болсон ДАШТ-ий финалд Францын багийг 97:79-өөр хожиж, дэлхийн аваргын алтан медалийг хүртлээ.
Ингэснээр АНУ-ын шигшээ баг ДАШТ-д таван удаа дараалан түрүүлж, тус тэмцээний түүхэнд шинэ амжилтаа үргэлжлүүлэв. Мөн дэлхийн аваргын тэмцээнд дараалан 36 тоглолт хожигдогүй гэсэн гайхалтай цувралаа хадгалан үлджээ. Тус баг хамгийн сүүлд 2006 оны ДАШТ-ий хагас шигшээд ОХУ-ын шигшээ багт 68:75-аар хожигджээ.
Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Испанийн шигшээ баг талбайн эзэн Германыг 81:58-аар буулган авч, хүрэл медалийн эзэн болсон байна.
Францын шигшээ багийн хувьд ДАШТ-ий финалд анх удаа шалгарсан нь энэ бөгөөд өмнө нь 1953 онд хүрэл медаль хүртэж байжээ. АНУ, Францын багуудын хувьд 2024 оны Парисын Олимпын финалд мөн учраа таарч, АНУ 67:66-аар хожиж байсан юм.
ДАШТ-д зургаан удаа түрүүлсэн ОХУ-ын шигшээ баг 2022 оноос хойш олон улсын тэмцээнүүдэд оролцоогүй байна. Тус баг 1998, 2002, 2006 оны дэлхийн аваргад мөнгөн медаль хүртэж байв. ОХУ-ын дараа Бразил 1994 онд, Австрали 2006 онд тус тус ДАШТ-д түрүүлж байжээ.
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дараагийн ДАШТ 2030 онд Япон улсад болно.



