ТҮҮНИЙ ТУХАЙ: 92 насандаа ч гүйлтийн замаа орхиогүй, 21 алтан медалиар эх орныхоо Төрийн дууллыг 21 удаа эгшиглүүлсэн ДЭЛХИЙН АВАРГА Ц.РАДНАА

Хоосон
ОргилмааУнших: 4 мин 33 сек
70

Багадаа гүйцэгдэхгүй хурдтайгаасаа “Цагаан зээрийн янзага” хэмээн хочлуулж явсан тэрбээр 92 насандаа ч гүйлтийн замаа орхиогүй. Өнөөдөр дэлхийн аваргын 21 алтан медалийн эзэн болсон Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднааг UBN сайт энэ удаагийн “ТҮҮНИЙ ТУХАЙ” буландаа онцолж ярилцлаа

–Раднаа гуай, юуны өмнө танд баяр хүргэе. Та дэлхийн аваргын 21 дэх алтан медалиа хүртлээ. Өөрөөр хэлбэл, 21 удаа Монгол Улсынхаа Төрийн дууллыг дэлхийн дэвжээнд эгшиглүүллээ. Ялагчийн тавцанд зогсох тэр мөчид танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

–Дэлхийн аваргын медалийн тавцанд гараад Төрийн дуулал эгшиглээд зогсож байхад хамар шархираад их эвгүй байдаг юм. Төр, улсынхаа өмнө хийсэн юмтай очно гэдэг нэг бодлын гавьяатай, нөгөө бодлын хүндэлмээр хэрэг. “Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж энэ байх даа гэж боддог юм.

–Та олон арван жилийн турш дэлхийн дэвжээнд өрсөлдөж байна. Тэмцээн бүрийн өмнө “заавал түрүүлнэ” гэсэн зорилготой гардаг уу, эсвэл өөртөө дарамт өгөхгүй байхыг илүүд үздэг үү?

–Би багш хүн. Олон олон сэтгэлзүйн сургалт, лекцэд сууж байсан болохоор сүртэй зүйл байхгүй. Хамгийн нэгдүгээрт тайван байх хэрэгтэй. Харин тэмцээн эхэлсний дараа түрүүлнэ л гэсэн сэтгэл зүйтэй байна шүү дээ.

–90 гаруй насандаа дэлхийн тэмцээнд өрсөлдөхийн тулд өдөр тутамдаа ямар бэлтгэл хийдэг вэ?

–Өдөр бүр бэлтгэлээ хийдэг. Өглөө 6 цагт босоод миний нэг гүйдэг газар байдаг юм. Тэнд 100 метрийн зайд 10 удаа хурд хийдэг. Буцаад амьсгаагаа дараад зөөлөн алхаж гэртээ ирнэ.

4 кг-ын хоёр гантель байгаа. Тэрийгээ бариад сандал дээрээс нэг нэг хөлөөрөө ээлжилж буух дасгалыг 25-аар дөрвөн удаа хийдэг. Энэ их хүчний бэлтгэл болдог юм. Нэг ёсондоо өөрийгөө л зовоож байгаа хүн. Хэр их дасгал хийж өөрийгөө зовооно, төдий чинээ эрүүл байна. Тэгэхгүй ууж идчихээд хэвтээд байвал ямар нэг өвчинд нэрвэгдэхэд ойрхон болно.

–Таны эрүүл, урт наслахад гүйлтээс гадна хооллолт тань чухал байх. Та хоол хүнсэндээ ямар зарчим баримталдаг вэ?

– Миний ерөнхийдөө анхаардаг ганц зүйл бол их идэж болохгүй гэсэн зарчим. Хүүхэд байхын л бага иддэг байсан. Одоо нас ахих тусам нойр, хоолонд муу болдог юм байна. Сүүтэй цай төдийлөн уудаггүй. Өглөө кофе уугаад хуурай идэх юм идчихнэ. Тэгээд бэлтгэлээ хийгээд оройн хоолоо иддэг.

–Таныг бага байхад “Цагаан зээрийн янзага” гэж хочилдог байсан гэсэн. Тэр үедээ гүйх авьяастайгаа мэдэрдэг байсан уу?

–Бага сургуульд байхдаа хүүхдүүд бие биенээ шоглох асуудал их гарна шүү дээ. Би их сахилгагүй, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Намайг “Цагаан зээр” гэж хочилдог байлаа. Хүүхдүүдийг шоглочхоод гүйцэгдэхгүй хол гүйчихдэг. Сургуульд гүйлтийн тэмцээн болоход дандаа түрүүлчихдэг. Говьд малын наана, цаана л гүйж өссөн дөө.

–Таныг ээж тань сайн малчин болоорой гэж захидаг байсан гэж та ярьсан. Харин өнөөдрийн Раднаа гуайг ээж тань харсан бол юу гэж хэлэх бол?

–Хүүхэд байхад ээж маань “Миний хүү сайн малчин болно шүү” гэж захидаг байлаа. Манайх 500-аад хонь, ямаатай, 200 үхэр, 30-аад ачлагын тэмээтэй, олон адуутай, мал олонтой айл байсан. Тэгэхээр тэр биз.

–Харин та өөрөө залуу насандаа ямар хүн болохыг хүсдэг байсан бэ? Спортын аварга болно гэсэн мөрөөдөл байв уу?

–Их мөрөөдөл байсан юм байхгүй ээ. Нэг мэргэжилтэй болох юмсан гэж боддог байлаа. 1954 онд Мал эмнэлгийн дээд сургуулийг төгсөөд малын эмч, зоотехникч хийдэг байсан.

–Тэгвэл малын эмч залуу Раднааг спортын зам руу хөтөлсөн анхны мөч хэзээ байсан бэ?

–1954 онд малын эмч хийж байх үед Үйлдвэрчний зөвлөлийн спартакиад болсон юм. Тэр үед сумандаа, аймагтаа, улсдаа түрүүлээд тэгээд л спортын замналд орсон хүн шүү дээ. 400, 800 метр, ойрын болон дундын зайн улс, бүсийн чанартай олон тэмцээнд оролцож явлаа. Одоог хүртэл 90 гарсан ч “гүйхээ больё” гэж бодохгүй байгаа. Ер нь хүн гүйж, хөдөлж л байвал эрүүл байдаг юм даа.

–Энэ олон жилийн замналд бэрхшээл, шантрах үе байсан уу?

–Үгүй ээ. Уралдаад гүйж байх явцад л хэцүү санагдана уу гэхээс миний хувьд өөр хэцүү зүйл байдаггүй юм. Бусад хүн хөл, гар, нуруу өвдсөн гэх байх. Надад өвдөх өвчин байдаггүй.

–Өнөөдөр таны гэрт олон жилийн хөдөлмөрийн тань дурсамж болсон хэдэн медаль байдаг бол?

–Дотоодын медаль гэвэл учраа алдсан олон. Гэрт хэд хэдэн газар, хэд хэдэн уут дүүрэн медаль бий.

–Таны амжилтыг хараад олон залуус “Би ч бас хөдөлгөөнтэй байж, спортоор хичээллэмээр байна” гэж бодож байгаа. Тэдэнд хамгийн түрүүнд юу гэж хэлэх вэ?

–Тийм залуучуудад би халуун баяр хүргэмээр байна. Өөрийнхөө биеийг хайрлаж, эрүүл мэнддээ анхаарч байгаа хэрэг. Муу зуршлаас хамаагүй дээр шүү дээ. Тэгэхээр өглөө эрт босож хурд хийх хэрэгтэй. Хараад байхад үүнийг манайхан муу хийж байна гэж боддог юм.

–Та өнөөдрийн 92 настай Раднаа гуайгаас 20 настай Раднаа өөрөө зөвлөгөө авах боломжтой байсан бол юу асуух байсан бол? Харин та түүнд юу гэж захих вэ?

–“Чи биеэ сайн дайчил. Өглөө эрт сэр. Өглөөний гүйлт сайн хий” гэж л хэлнэ. Би хувьдаа цастай, бороотой үед их гүйдэг юм. Учир нь тоос шороо байхгүй, цэвэр агаар дүүрэн байдаг.

–Эцэст нь, та залуучуудад зөвхөн спортоор хичээллэхээс гадна амьдралдаа ямар зарчим баримтлаасай гэж хүсдэг вэ?

–Хөдөлмөрч байгаарай. Ажил хөдөлмөр хийж, шаргуу байж, олон түмэнтэйгээ нийцтэй явбал бүх зүйл бүтдэг юм. Үүнийг амьдрал өөрөө дүгнэдэг дээ.

Урьд цагт олон түмэнтэйгээ нийцдэггүй хүнийг “Тэр харилцаа муутай, юу хийж байдаг юм, ажлаа хийхгүй тэнэж яваа биз” гэдэг байсан. Тийм болохоор хөдөлмөрч, шаргуу байж, олон түмэнтэйгээ нийцтэй явбал амьдралд бүх зүйл бүтнэ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин23 хоног өмнө

    Мастеруудын дэлхийн аварга нэртэй зөвхөн хөнгөн атлетик ч биш бөхийн төрлүүдэд залуудаа амжилт гаргаж чадаагүй манай хэдэн хөгшчүүл оролцдог энэхүү тэмцээн нь тэгж их гавьяа шагнал өгөхөөр хэмжээний өндөр түвшний тэмцээн биш шүү дээ, уг нь. Дурандаа л таван хүн оролцоод нэг нь түрүүлдэг шүү дээ. Тэмцээнд өндөр амжилт үзүүлж байсан тамирчид нэг их оролцдоггүй юм баына лээ, уншаарай.

  • З
    Зочин26 хоног өмнө

    Ю МАН-ны төрд шургалсан хулгайч луйварчид энэ 92 гарчихсан мундаг тамирчин өвгөнд Хөдөлмөрийн баатар цол хайрладаг ч болоосой!!!🙏🙏🙏

  • И
    Иргэн26 хоног өмнө

    Хөдөлмөрийн баатар цолыг үтэр түргэн өг!!!!!!!!! сагсуу хараа

  • З
    Зочин26 хоног өмнө

    Хүний хөдөлмөрийг үнэн зөв одоо л үнэлүүлэх хэрэгтэй 2 хүн хоцроод байх юмдаа Раднаа гуай,Болдсайхан эмч нар шүүдээ

  • Х
    Хөдөлмөрийн баатар27 хоног өмнө

    Раднаа гуайд мөнгө төгрөг, байр сууц өгдөггүй юмаа гэхэд Төр засаг Монгол бахархалын өдрөөр "Хөдөлмөрийн баатар" цолоор шагнамаар юм.

  • М
    Монголын баатар цол өг27 хоног өмнө

    Энэ маш ховор хүнд хөдөлмөрийн баатар цол олгоочээ!!!! Энэ тамирчин залуугийн үе нь цол гуншин шүүдээ . Юундаа харамлаад байгаа юм бэ?

  • З
    Зочин27 хоног өмнө

    Мундаг