Ц.Хосбаяр тамирчдад хориотой бодис зарсан гэх хэргийн шүүхийн шийдвэр гарчээ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаярыг спортын тамирчдад хориглосон эм, бэлдмэл, тариа борлуулсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр Шүүхийн шийдвэрийн нэгдсэн санд байршжээ.
Түүнийг 2025 оноос Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, бэлдмэл, тариаг Монгол Улсын хилээр хууль бусаар оруулж ирэн, спортын тамирчдад борлуулж ашиг олсон гэх үндэслэлээр шалгасан байна. Улмаар 2026 оны тавдугаар сарын 6-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхээс Ц.Хосбаярыг 5.4 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. Шүүхийн шийдвэрт гэрчүүдийн мэдүүлэг, холбогдох байгууллагын тайлбар болон шинжилгээний талаарх мэдээллүүдийг тусгажээ.
Тухайлбал, нэг гэрч 2024 оны хоёрдугаар сарын сүүлээр хүндийн өргөлтийн дасгалжуулагч “Х” гэх хүнээс тамирчдын хэрэглэдэг гэх бодисын талаар сонсож, бусдаар дамжуулан холбогдон тухайн бодисоос авч, өөртөө тарьж хэрэглэсэн талаар мэдүүлсэн байна. Улмаар улсын наадамд барилдсаны дараах допингийн шинжилгээгээр тухайн бодис илэрсэн гэжээ.
Мөн өөр нэг гэрчийн мэдүүлэгт “парпонат” гэх нэртэй жижиг улаан савтай эмийг нэг ширхгийг нь 140 мянган төгрөгөөр тооцож, гурван ширхгийг авч байсан талаар дурдсан байна.
Тухайн эмүүдийг Казахстан Улсад байгаа хүнээс авч, мөнгийг дамжуулан шилжүүлдэг байсан гэж мэдүүлжээ. Харин Допингийн эсрэг байгууллагын ажилтан гэрчийн мэдүүлэгт “Only for Russian national team” гэх нэртэй бүтээгдэхүүнээс бүх цаг үед хориглосон S4-4 буюу бодисын солилцооны модуляторын ангилалд багтдаг AICAR (AICA-riboside, acadesine) гэх бодис илэрсэн талаар дурдсан байна.
Түүнчлэн уг байгууллагад мэдээлэл өгсөн зарим тамирчин тухайн бодисыг Ц.Хосбаяр санал болгон зарсан, худалдан авсан баримт болон бусад мэдээллийг өгсөн талаар мэдүүлэгт тусгажээ. Өөр нэг гэрч 2025 оны зургаадугаар сард Ц.Хосбаяраас 20 ширхэг бодисыг 4.667 сая төгрөгөөр худалдан авсан талаар мэдүүлсэн байна. Тухайн бодисыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн гэрээс бусдаар дамжуулан авсан бөгөөд мөнгийг дансаар шилжүүлсэн гэжээ. Мөн гэрч Я-ийн мэдүүлэгт Ц.Хосбаяртай уулзах үеэрээ сонирхож байсан тарианыхаа талаар асуухад “допингтой ямар ч хамааралгүй, дархлаа дэмжиж, ядралт багасгаж, ажиллах чадварыг нэмэгдүүлдэг” гэж тайлбарласан талаар дурдсан байна.
Үүний дараа тэрбээр 70-80 орчим ширхэг бүтээгдэхүүн авахаар 21.042 сая төгрөг шилжүүлсэн гэж мэдүүлжээ. Мөн 2024 оны аравдугаар сард нэгэн тамирчин Ц.Хосбаярт 2.9 сая төгрөг шилжүүлсний дараа “Testomed E250”, “Primomed 100”, “Stanozon” нэртэй тарилгын болон шахмал бэлдмэл хүлээн авсан талаар мэдүүлсэн байна. Эдгээр мэдүүлгээс гадна эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг Монгол Улсад импортлохтой холбоотой хууль, журмын талаар холбогдох байгууллагын мэргэжилтний тайлбарыг шүүхийн шийдвэрт тусгажээ.
Тухайлбал, ханган нийлүүлэх зорилгоор импортолж буй эм нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагатай бөгөөд эмийн бүртгэлгүй эм, биобэлдмэл, эмийн түүхий эдийг ханган нийлүүлэх зорилгоор оруулж ирэх боломжгүй талаар тайлбарласан байна.



