СУРВАЛЖИЛГА: Оюутнууд шахагдаж байна
“Хэдэн сая вэ” энэ асуулт хичээл эхлэхийн өмнөх өдрүүдэд оюутан бүрийн догдлон хүлээдэг “Ямар мэргэжлээр сурах вэ”, “Хичээл хэзээ орох вэ” гэх асуултыг түрэн орж ирлээ. Шинэ оюутнуудын хувьд их сургуулийн хаалгаар анх алхах нь олон жилийн мөрөөдлийн эхлэл. Харин өнөөдөр тэр мөрөөдлийн өмнө төлбөрийн нэхэмжлэл тавигдаж байна. Сургуулиа сонгохын тулд гэр бүлийнхээ санхүүгийн боломжийг давхар тооцох шаардлагатай болжээ. Хүссэн сургууль төлбөрөөр хязгаарлагдах болж. Нэг жилийн төлбөр зургаан сая төгрөг давахад оюутнууд зээл авах, ажил хийх, жил өнжих эсвэл төлбөр багатай сургууль руу шилжих гэсэн хүнд сонголтуудын өмнө зогсож байна. Цаг үеийн асуудлаар бид оюутан залуусын байр суурийг сонирхлоо. Фэйсбүүк дээр оюутнууд төлбөрийн өсөлттэй холбоотой санал гомдлоо нэгэн дуугаар илэрхийлж байгаа боловч сургуулиуд үүнийг инфляцтай холбон тайлбарлаж байна. Төлбөрийн жил бүрийн өсөлт эцэг эхчүүдийн санаа зовнилыг улам нэмэгдүүлж байна. Төлбөрийн хэмжээ сургалтын сонголтод шийдвэрлэх хүчин зүйл болж байна
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 2-р курсын оюутан Г: “Төлбөрөө олохын тулд амралтаараа тасралтгүй ажилласан ч төлбөр нэмэгдсэнээр хуримтлуулсан цалин хаана ч хүрэлцэхгүй болсон. Өмнө нь жилийн төлбөрөө тав хувааж төлдөг байсан бол шинэчлэлт хийгдсэнээр хоёр хувааж төлөх болсон нь гэнэтийн хүндрэл боллоо. Төлбөр төлөхөөс тавхан хоногийн өмнө төлбөрийн өсөлт, төлөх нөхцөлийг зарласан. Дөрөв орчим сая төгрөгийг шууд гаргаж өгөх боломжтой айл ховор шүү дээ. Төлбөрийн нэхэмжлэлийг хараад урам хугарсан. Манайх ганц хүний цалингаар зургаан ам бүл тэжээдэг тул тийм ч боломжтой айл биш. Миний хувьд жилийн чөлөө авч ажил хийх эсвэл төлбөр багатай сургууль руу шилжихээс өөр аргагүй болж байсан. Над шиг асуудалтай олон оюутан нэгдэж сургуулийн захиргаанд гомдол гаргасны үр дүнд төлбөрийг дөрөв хувааж төлөх боломжтой болгосон. Манай сургуулийн оюутны байрны жилийн төлбөр сургалтын төлбөртэй бараг тэнцүү. Энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бол” гэж бухимдлаа илэрхийлэв.
Харин эцэг эхийн санал бодлыг тусгалаа. Иргэн М: “Цалингийнхаа дийлэнх хувийг байр, машины зээлд өгдөг. Хүүхдээ мэргэжилтэй болгохын тулд цалингийн зээлээ тулгаж авдаг. Зарим үед хүн амьтнаас зээлж, урд хормойгоор хойдхоо нөхдөг. Төлбөр дахиад нэмэгдлээ л гэх юм. Ах дүүс маань “хоолны махгүй байж ийм өндөр төлбөрөөр сургаж яах юм” гэж хэлдэг болсон. Хоолоо олж идэх мэргэжилтэй болгочих гэж их зүйл үзэж байна. Төлж дийлэхгүй бол хүүхдээ ажил л хийлгэх байх даа” гэж санаа алдав. Үүнээс иргэдийн амьдрал ямар байгааг тод харуулж байна. Зээлээ төлөхийн тулд ажиллаж амьдардаг гэр бүлүүд олон. Ажил эрхэлж өөрөө төлбөрөө олдог оюутнууд ч цөөнгүй. Төрийн өмчит их дээд сургуулийн оюутантай ярилцахад ч ижил төстэй зүйл ажиглагдлаа.
Монгол Улсын Их Сургуулийн 3-р курсын оюутан А.Билэгт: “Жил бүр төлбөр өсөхийн хирээр оюутны байрны үнэ ч нэмэгддэг. Амралтаараа цалин ихийг харж зунжингаа барилгын талбайд ажилладаг. Оюутан болсноос хойш ганц л удаа гэр лүүгээ явсан. Сургалтын төлбөр, үнийн өсөлтөөс болж амралт гэдэг зүйлийг мартсан. Ээж, аав маань малчин учраас малчны зээлээр төлбөр төлдөг. Хичээлийн хажуугаар цагийн ажил хийдэг боловч цалин бага тул өдөр тутмын хэрэглээнээс цаашгүй. Амьдралынхаа боломж бололцоог хархаар зүгээр л ажилламаар байдаг. Харин гэр бүлээ зээл авхуулж байгаа учраас итгэлийг нь алдахгүйн тулд сурангаа ажиллаж байгаад төгсөхөөс өөр аргагүй” гэв.
Төлбөр хаана, хэд болов? (МУИС) шинэ элсэгчдэд нэг кредитийг 203,700 төгрөгөөр тооцож байгаа бөгөөд энэ нь 30 багц кредитийн жилийн төлбөрийг ойролцоогоор 6.1 сая төгрөг байна. (ШУТИС) суурь хичээлийн нэг кредитийг 209,000 төгрөгөөр, харин архитектур, программ хангамжийн инженерчлэл, хиймэл оюун ухаан зэрэг эрэлттэй мэргэжлийн нэг кредитийг 218,500 төгрөгөөр тогтоосон байна (АШУҮИС) төлбөр мэргэжлээс хамаарч 3.52–6.85 сая төгрөг (МУБИС) 3.7–4.2 сая төгрөг (СЭЗИС) нэг кредитийг 310,000 төгрөг (ХААИС) жилд 4.7–5.2 сая төгрөгөөр тооцож байна. Хувийн их дээд сургуулиуд ч төлбөрөө багагүй нэмэгдүүлсэн Тухайлбал, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХУИС) нэг кредитийг 310,000 төгрөгөөр тогтоож, жилийн нийт төлбөр 9.3 сая төгрөгт хүрчээ.
Боловсролын чанарыг сайжруулахын тулд төлбөр нэмэгдэх шаардлага байж болох ч энэ өсөлт оюутныг сургуулиас шахах хэмжээнд хүрэх ёсгүй. Төлбөрийн нэмэгдлийг урьдчилан мэдээлэх, хуваан төлөх боломжийг өргөжүүлэх, зорилтот тэтгэлэг, хөнгөлөлт болон орлоготой уялдсан санхүүгийн дэмжлэгийг бодитоор хэрэгжүүлэх шаардлага үүсч байна. Энэ асуудлыг эцэг эхийн зээлээр нөхөх бус, төр, их дээд сургууль, санхүүгийн байгууллага хамтран шийдэх цаг болжээ. Төлбөрөө төлөх боломжгүй болсон оюутан залуус сургуулиа орхих үед улс орны ирээдүйн хүний нөөцийн нэг хэсэг алдагдаж байгаа юм.



