СУРВАЛЖИЛГА:

Нийгэм
UBn teamУнших: 6 мин 38 сек
00

“Цалин орсон өдрөө хамгийн түрүүнд байрны мөнгөө л боддог болждээ. Орон сууцтай болохын тулд хуримтлал үүсгэе гэж дандаа боддог ч түрээсэндээ л хамаг мөнгөө явуулчихдаг. Ямар түрээсээ төлөхгүй байж байгаад гудманд гаралтайн биш дээ. Тэгээд үлдсэн жаахан мөнгөөрөө хуримтлал үүсгэх нь битгий хэл тэр сараа яааж даван даа л гэж боддог болсон шүү дээ гэж ярих залууг А.Билэгжаргал гэнэ. Тэрээр Улаанбаатар хотод байр түрээслэн нэгэн. Их сургуулиа төгсөөд, ажилтай болж, сар бүр тогтмол цалин авдаг болсон хэдий ч өөрийн гэсэн байртай болох нь түүний хувьд одоохондоо холын зорилго хэвээр байгааг санаа алдан ярина.

Түрээсийн байр гэдэг залуусын хувьд түр зуурын сонголт мэт боловч жил ирэх тусам амьдралынх нь салашгүй нэгэн хэсэг болчихдог нь өнөөгийн нийгмийн үнэн төрх гэлтэй. Цалин нэмэгдэхэд байрны түрээс дагаад өснө. Үүний улмаас хямд байр хайгаад хотын зах руу нүүвэл ажилдаа явах зам холдхоос гадна түгжрэлд хамаг цагаа үрх нь наад захын асуудал. Ажилдаа ойрхон байр сонговол түрээс нь нэмэгдэх нь бичигдээгүй дүрэм юм.

Тийм ч учраас хаана амьдрахаас үл хамаараад сарын орлогын тодорхой хэсэг нь байрны төлбөрт явдаг болсон нь өнөөгийн залуусын амьдралд хууль гэлтэй.

Их сургуулиа төгсөөд ажилд орсон тэрбээр улаанбаатарт оюутан байх үеэсээ хойш түрээсийн байранд амьдарч байгаа. Түүний ярьснаар, анх байр хайж эхэлж байсан үетэйгээ харьцуулахад өнөөдөр түрээсийн үнэ мэдэгдэхүйц нэмэгджээ.

Одоо нэг өрөө байр түрээслэн амьдардаг бөгөөд сардаа дан ганц байрандаа л гэхэд 1.5 сая төгрөг төлдөг. Өмнө нь арай бага үнээр байр түрээсэлж амьдараад болоод л байдаг байсансан. Гэтэл 8 сар дөхөөд байрны эзэн маань гэрээгээ шинэчлэх нэрийдлээр түрээсээ нэмсэн байсан Гэв.

Байрны эзэн ч өөрийн шалтгаанаа хэлжээ.

“Зах зээлийн үнэ дагаад л нэмж байна шүү дээ. Ашиглалтын зардал өссөн, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдсэн. Дээрээс нь бензиний үнэ хүртэл тэнгэрт хадчихлаа. Ах нь одоо яалтай билээ” гэж тайлбарлав.

Энд нэг талд нь байрны эзэн нэмэгдсэн зардлаа нөхөх шаардлагатай, нөгөө талд нь түрээслэгч цалингаасаа хэтийдсэн зардлаа хаанаас олох вэ гэдгээ бодох хэрэгтэй болдог аж.

Улаанбаатар хотод нэг өрөө байр түрээслэх үнэ байршил, ашиглалтад орсон он, талбайн хэмжээ, тавилга, засвар, сургууль, ажил болон үйлчилгээний төвтэй хэр ойр байгаа зэргээс шалтгаалан шалтгаалан 1.2-1.8 хооронд хэлбэлздэг болжээ.

2026 оны зун нэг өрөө байрны дундаж түрээс 1.4 сая төгрөг орчимд хүрээд байна. Харин хотын төв болон шинэ орон сууцны хороолол, сургууль, үйлчилгээний төвүүдтэй ойр байрлалтай байрны түрээс 2 сая ч хүрэх тохиолдол олон.

Гэхдээ 1.2 сая төгрөгийн түрээстэй байр оллоо гээд сар бүр 1.2 сая төгрөг л байрны зардалд гарна гэсэн үг огт биш юм. Үүн дээр нэмэгдээд цахилгаан, ус, дулаан, СӨХ, интернэт гээд дагалдах төлбөрүүд мундахгүй. Мөн байрнаас гадна хүний өдөр тутмын хэрэглээ болох хоол хүнс, унаа, утас, гэх мэт зардлууд үлднэ. Түрээсэлж буй Байр нь ажил, сургуулаас хол бол бүр ч өөр. Өглөө эрт гарч, орой харих хүртлээ хэдэн цагийг түгжржлтэй замд өнгөрөөнө. Нийтийн тээврийн зардал нэмэгдэхээс гадна өдөр бүр түгжрэлд зарцуулж байгаа цаг хугацаа бас нэг төрлийн “зардал” болж хувирна.

Тиймээс хямд байр сонгосон хүмүүс хэмнэсэн мөнгөө цаг хугацаагаараа төлж буй хэрэг гэлтэй. Иймд байр сонгохдоо зөвхөн “сарын түрээс хэд вэ” гэж харах бус түрээсийн мөнгө, хэрэглээний төлбөр, замын зардал, ажилдаа хүрэхэд зарцуулж байгаа хугацаа гээд бүгдийг нь хамтад нь тоцоолох нь наад захын асуудал аж.

Мөн байр хайж эхлэхэд тулгардаг хамгийн том асуудлын нэг нь сарын түрээсээс гадна байранд орох эхний төлбөр юм. Зарим байрны эзэд сар бүр түрээсээ авдаг бол дийлэнх нь гурван сар, зургаан сар, бүр бүтэн жилийн төлбөрийг урьдчилан шаарддаг нь түрээслэгчын хувьд хүндрэлтэй нөхцөл болдог. Үүн дээр мэдээж нэг сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцаа нэмэгдэх нь тодорхой.

Жишээ авч үзвэл сарын түрээс нь 1.5 сая төгрөгийн байр гурван сарын төлбөрөө урьдчилан авч, нэг сарын барьцаа шаарддаг байлаа гэж бодъё. Байранд орох хүн эхний ээлжид 4.5 сая төгрөгийн түрээс төлөөд, дээр нь 1.5 сая төгрөгийн барьцаа гаргана. Ингээд нийт зургаан сая төгрөгийг нэг дор төлөх хүндхэн шалгууртай тулах юм.

Сар бүр 1.5 сая төгрөгийн түрээс төлөх боломжтой хүн байлаа ч зургаан сая төгрөгийг нэг дор гаргана гэдэг нь өөрөө хэцүү даваа. Ялангуяа шинээр ажилд орсон, хуримтлал багатай залуусын хувьд энэ нь бараг л боломжгүй зүйл мэт.

Барьцаа авах нь байрны эзний хувьд тодорхой шалтгаантай гэдэг нь дамжиггүй. Түрээслэгч төлбөрөө төлөхгүй байх, эд хөрөнгө эвдэж гэмтээх, ашиглалтын зардал үлдээх гэх мэт эрсдэлээс өөрийгөө хамгаалах шаардлагатай шүү дээ.

Харин түрээслэгчийн хувьд байрнаас гарах үед барьцаагаа хэрхэн буцааж авах вэ гэдэг асуудалтай. Жижиг сэв, гэмтлийг хэн хариуцах, хэдий хэмжээний мөнгө суутгах зэргийг урьдчилан тодорхой тохироогүй нөхцөлд хоёр талын хооронд маргаан үүсэж түрээслэгч тал байрцаа мөнгөө өөртөө үлдээх тохиолдол ч ихээхэн гардаг ажээ.

Тиймээс түрээсийн харилцааг зөвхөн амаар тохироод өнгөрөхөөс илүүтэй гэрээгээр баталгаажуулах нэн шаардлагатай. Түрээсийн үнэ, урьдчилгаа төлбөр, барьцаа, ашиглалтын зардал, эвдрэл гэмтлийг хэн хариуцах зэрэг асуудлыг эхнээс нь тодорхой болгох нь хэн хэндээ хүндрэл учруулах нөхцлийг багасгана.

Харын 1.5 сая төгрөгийн түрээсийг ганцаараа төлөхөд хэцүү болсон залуусын хувьд байр хувааж амьдрах буюу roommate- тэй болох нь нэг төрлийн гаргалгаа юм.

Жишээ нь 1.5 сая төгрөгийн түрээсийг хоёр хүн хуваавал нэг хүнд үндсэн түрээсийн 750 мянган төгрөг ногдоно.

Гэхдээ хамт амьдрах хүнтэй болно гэдэг ч мөн өөрийн гэсэн асуудлыг дагуулна. Өдөр тутмын амьдралын олон зүйл дээр тохиролцож тухайн хүнтэйгээ зохицож амьдарна гэдэг нь өөрөө маш том шалгуур юм. Цэвэрлэгээ хийхээс авхуулаад асуудал мундахгүй.

Түүнчлэн түрээсийн байрны цахим заруудын дийлэн дээр нь оюутан бол түрээслэхгүй, ганц бие эмэгтэйд л түрээслүүлнэ эсвэл гэр бүлтэй хүнд удаан хугацаагаар түрээслэнэ, амьтан тэжээдэг хүүхэдтэй айл оруулахгүй гэх мэт нөхцөл ихэнх зарууд дээр байдаг.

Баянгол дүүрэгт байраа түрээсэлдэг Г.Батнасан: “Байраа түрээслүүлнэ гэдэг зүгээр л зар тавиад хүн оруулчихдаг зүйл биш. Байр үзэхээр бүтэх бүтэхгүй олон хүмүүс холбогддог хэнтэй нь гэрээ хийх вэ гэдэг дээр нэлээд бодож сонгохгүй бол одоогын залууё байрцгүй болсон цаг. Эцсийн эцэст өөрийн өмч учраас эвдэж гэмтээлгүй, түрээсээ хугацаанд нь төлдөг, айл хөршдөө асуудалгүй хүн олох гэж л хичээдэг.

Ялангуяа ганцаараа амьдрах эрэгтэй хүн байр сонирхож ирэхээр өмнө нь ямар хүнтэй гэрээ хийж байсан, хаана ажилладаг, хэдүүлээ суух вэ гэдгийг нь арай дэлгэрэнгүй асуудаг. Учир нь ганцаараа орно гэж хэлчихээд дараа нь найз нөхөдөө байнга дуудаж авчраад хажуу хавиарх айлуудаас утасдах нь олонтой. Гэхдээ ах нь эрэгтэй, эмэгтэй гэдгээс нь илүү тухайн хүний хариуцлагыг хардаг. Тайван амьдардаг, цэвэрхэн, гэрээгээр тохирсон зүйлээ баримталдаг хүн байвал хэн ч байсан асуудалгүй ор л гэдэг” хэмээн байр түрээслүүлэгч ярьж байна.

Улаанбаатар хотын байр түрээсийн зах зээлд ч мөн улирал хамаардаг аж. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө орон нутгаас нийслэлд ирэх оюутнуудын тоо нэмэгдэж, байрны эрэлт огцом өсдөг. Харин хичээлийн жил дуусах үед эрэлт бага зэрэг буурч, зарим байр удаан хугацаагаар эзэнгүй байх тохиолдол ч гардаг аж.

Хэдэн жилийн дараа юу болох нь тодорхойгүй ч өнөөдөр сарын цалин орсон өдөр хамгийн түрүүнд байрны мөнгөө боддог залуусын хувьд өөрийн гэсэн байртай болох мөрөөдөл түрээсийн төлбөрийн цаана үлдсээр байна.

Улаанбаатарт амьдрахад байр хэрэгтэй. Гэхдээ байртай байх зардал зөвхөн түрээсээр дуусахгүй. Түрээсийн мөнгө дээр хэрэглээний төлбөр, хоол, унаа, замд зарцуулах цаг, зарим тохиолдолд урьдчилгаа болон барьцаа хүртэл нэмэгдэнэ.

Тиймээс 1.2, 1.5 эсвэл 1.8 сая төгрөгийн түрээс гэдэг зүгээр нэг сарын төлбөр биш. Тэр мөнгөний цаана тухайн хүний бүтэн сарын орлого, өдөр тутмын хэрэглээ, хуримтлал хийх боломж, цаашдын төлөвлөгөө хүртэл яригдана.

Өнөөгийн нийгэмд монголд амьдарч буй залуус орон сууцны урьдчилгаа бүрдүүлэхийн тулд хуримтлал үүсгэх хэрэгтэй болов ч сар бүрийн орлогынхоо дийлэнх хэсэг нь түрээсэнд өгөөд л төөрдөг аж. Орох оронтой байна гэдэг нь хүний наад захийн хэрээглээ атал монгол бараг л боломж даалгавар мэт болжээ.

О.АРИУНТӨГС