НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томиллоо

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан НИТХ-ын анхдугаар хуралдаан "Хангарди" ордноо 11.40 цагт эхэллээ.
Хуралдааны өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар НИТХ-ын дарга асан Р.Дагвыг сонгож хуралдаанд оруулжээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, төлөөлөгчдийг баталгаажуулав. Улмаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлж, төлөөлөгчид асуулт, тодруулга авсны дараа 84.44 хувийн саналаар шинэ НИТХ-ын даргаар томилжээ. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлгээр хэлэлцэж, хотын даргад Д.Сумъяабазарыг томилуулах саналыг танилцууллаа. Яг одоо Д.Сумъяабазар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариулж байна.
Анхдугаар хуралдаанаар сонгуулийн хуулийн дагуу суудлын тоогоор МАН, АН НИТХ дахь бүлгүүдээ байгуулав. НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагва ажиллах бол АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг сонгосон юм. Мөн хуралдаанаар хуулийн дагуу НИТХ-ын тэргүүлэгч 11 хүнийг баталжээ.
НИТХ-ын даргад томилогдсон Ж.Батбаясгалан гэж хэн бэ?
Боловсрол:
1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль
1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
2000-2004 онд “Түшээ” дээд сургууль
2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, Хууль зүйн магистр
Ажилласан байдал:
2004.07-2006.07 онд УИХ-ын Тамгын газар
2006.07-2008.07 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
2008.09-2012.09 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
2008.09-2012.09 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч
Шагнал:
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”
Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”
Улсын онцгой комиссын “Хүндэт тэмдэг”
Төрийн дээд шагнал “Алтангадас” одон



