Вакцин хүлээх гэж хөл хорьсон ба МАН-ын даргын илтгэлийн Хятадтай холбоотой хэсгээс шалтгаалж хил хаагдаж, вакцин тасарсан уу

Улс төр
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 6 мин 25 сек
80
legacy:hereglesen zurag/ЗЗураг/Гол/received_150485807002181.jpeg

ЗГ вакцинжуулахын тулд бус, вакцинаа хүлээхийн тулд л хөл хорио тавьсан

Улс даяар өчигдөр ёслол төгөлдөр эхэлсэн хөл хориог саяын 4 дэх өдөр зарлахдаа "вакцинжуулалтаа хурдасгахын тулд хөл хорио тавьлаа" гээд ЗГ-ын хэвлэлийн алба нь мэдээлсэн. Ерөнхий сайдын хийсэн мэдээлэл хүн бүрт олгох 300 мянга, Оюутолгойн манайд түр өгсөн 1 их наяд 26 тэрбум төгрөг дээр л зөв, буруу эргэлдээд байснаас биш хэвлэлийн хурлын үеэр хэлсэн битүү, хатуу үгнүүдийг нь ихэнх хүмүүс анзаараагүй бололтой.

Мэдэгдлийнхээ сүүл үед ил цагаанаар "Вакцин авах хэцүү байна. Татан авалт дээр асуудалтай байгаа. 4-р сарын 25-наас хойш жигдэрнэ" гээд хэд хэд хэлээд амжив. Олон нийт хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимжүүлж, хоёр дахь тунг нь хийнэ гэж ойлгосон. Гэтэл орой нь "15 хоног вакцин хийхгүй шүү" гээд ЭМЯ зарлачихсан нь хөл хорионы үеэр вакциндаа хамрагдана гэж хүлээж байсан иргэдийн хүлээлтийг хөсөрдүүлэв. Гэвч эрх баригчид дотроо өөр хувилбар төлөвлөж байсан бололтой. Тодруулбал, эхний тунд 600 мянган хүн вакцинд хамрагдсан. Өчигдөр Сангийн сайдын өгсөн мэдээллээр төрөл бүрээсээ нь нийлээд 192 мянган тун вакцины нөөц бидэнд байгаа аж. Өнгөрсөн өдрүүдийнх шиг хурдаар вакцинаа тарихад дахиад 3-4 өдөрт л байгаа нөөцөө бид шавхана. Үүнээс давтан тунд шаардлагатай байгаа БНХАУ-ын вакцин 90 гаруй мянга л үлдээд байгаа гэж ойлгосон. Ер нь бол вакцины нөөцгүй болчихлоо гэсэн үг.

Шадар сайдын мэдээлснээр энэ сарын 9, 12-нд БНХАУ-аас орж ирэх байсан нийт 600 мянган тун Verocell вакцин тодорхойгүй шалтгаанаар хойшилчихсон. Ингээд нөөц байхгүй болохыг тооцоолсон ЗГ, УОК өнгөрсөн 3 дахь болон 4 дэхийг дамнуулан хуралдаж байж "Урьдчилгаа төлбөртэй хөл хорио" гээчийг сэтгэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл нөөцгүй учраас хөл хорио тогтоож эхний тундаа хамрагдсан иргэдийг аль болох халдвар авахуулахгүй байх арга замыг эрэлхийлэв. Тийм ч учраас мэдээллийнхээ үеэр вакцинжуулалтаараа сайн, муу хоёр кейсийг дурдаж, Чили болон Израиль улсуудын эш татаад байж. Вакцины эхний тунгаа хийлгэсэн хүмүүсээ 800 гаруй хүн халдвар авсан. Тэд тархвар судлалаар эсвэл, өөрийгөө мэдрээд шинжилгээ өгөөд "баригдсан" нь энэ. Цаана нь "баригдаагүй" хичнээн ч вакцинтай "тээгчид" яваа юм билээ бүү мэд.

Тэд тооцоолохдоо 15 хоног хөл хорио тогтоож дотоодын халдварыг тархахыг бага ч гэсэн бууруулна. Гол нь вакцинтай иргэдээ бусадтай нь холихгүйгээр гэрт нь суулгаж байгаад вакцин ирэхэд цаг хожих. Ингээд хөл хорио тавихынхаа өмнөх шөнө "хөл хорионы үеэр вакцинжуулах нь дэмий юм байна" гэдэг мэдээлэл гаргаж манийгаа молигдов. Яаж ч бодсон нийслэлд байгаа 1 сая гаруй иргэн, үүнээс эхний шатны вакцинаа хийлгэсэн 400 гаруй мянган иргэдийг хөл хорионы үеэр вакцинд хамруулах хэцүү. Хэрвээ хөл хорионы үеэр вакцинаа эрчимжүүлнэ гэвэл ёстой юун наадам, цагаан сар, хөл хорио болно.

Эндээс нэг зүйл маш тодорхой болж байгаа нь вакцинжуулахын тулд бус, вакцинаа хүлээхийн тулд л хөл хорио тавьсан. Нөгөө талаас үнэхээр гадна, дотны хайчин галд ороод вакцины нийлүүлэлт тасарчихсан бол энэ хөл хориог зөвтгөж болох юм. Гэвч хувийн хэвшлүүд өөр өөрсдийн шугамаар вакцин оруулж ирээд вакцинжуулаад явчихъя гээд байхад төр дангаараа "гавьяа" байгуулах гээд муйхарлаад байсны гор нь вакцингүй болж гарав.

Мөн заавал бусдаас бадар барьж гуйж, түүж явахын оронд зах зээл рүү хэтэрхий "зэрлэг"-ээр гаргаж нийлүүлсэн 300 мянган төгрөгөөрөө хамгийн түрүүнд, хамгийн чанартай вакциныг захиалах ажлыг яагаад хийж болсонгүй вэ. "Бидоон" Ганбаа гишүүн л хэлчихсэн болохоос биш "Бүхэл бүтэн улс орон иргэддээ ҮЛДЭГДЭЛ, ХАНДИВЫН ВАКЦИН хийж болохгүй" гэдэг үнэн шдээ. Төр хангалтгүй л ажиллаж байгаагийн нэг илрэл бол бусдад вакцинаа муриулж байгаа энэ явдал.

Ардын намын даргын 100 жилийн ойн илтгэлийн Хятадтай холбоотой таагүй хэсгээс шалтгаалан хилээ хааж, вакцины нийлүүлэлтээ хойшлуулах нөхцөл бүрдсэн үү

Тэгвэл одоо дараагийн нэг сонирхолтой асуудлыг хамтдаа тунгаая. Хятад яагаад гэрээ хэлцэл, хийгээд данс тооцоогоо нийлчихсэн байсан вакцины нийлүүлэлтээ таслав. Манайх яагаад 9, 12-нд орж ирэх ёстой байсан 600 мянган тун вакциныхаа татан авалтыг хийж чадсангүй вэ. Эрүүл мэндийн сайдын үг алдснаар бол вакцин 25 гэхэд орж ирэх эсэх нь ч тодорхойгүй байгаа бололтой.

Уг асуудлыг МАН-ын цагаан байрныхан нэгэн сонирхолтой үйл явдалтай холбож тайлбарлаж байгаа гэнэ. Тодруулбал, Хятад учир шалтгаангүйгээр хилээ 20 гаруй хоног хааж, нүүрс тээврийн урсгал, бусад бүх хил хоорондын хөдөлгөөнийг бүрэн зогсоосон болон 600 мянган тун вакцины нийлүүлэлтээ гэнэт удаашруулсан нь Ардын намын 100 жилийн ойтой холбоотой бололтой. Бүр нарийвчилбал Ардын намын даргын илтгэл дунд дипломат алдаа гаргаж Хятадын эрх баригчид Монголын эрх ашигт халдсаар ирсэн гээд ярьчихжээ. Түүнд нь эмзэглэсэн Хятадын тал дээрх хоёр үйлдлээрээ дамжуулан дипломат сануулга манайд өгч байхыг үгүйсгэхгүй.

Уг нь намынханд нь Монголын өнгөрсөн 100 жилийн түүхийг МАН бичиж, өнөөдрийн өндөрлөгт хүрсэн юм шүү гэдгийг ойлгуулсан их давгүй агуулгатай илтгэл гэж улс төр судлаачид дүгнэсэн. Гэвч У.Хүрэлсүх даргын илтгэлийн хэд хэдэн хэсэгт Хятад оронтой холбоотой тун таагуй хэллэг, агуулга, ньюансууд өвөрч орхижээ. Чухам юу гэж өгүүлснийг дараах бичлэгээс үзээрэй.

Хятад гүрэн манайхыг 100 жилийн өмнө хэрхэн эзэрхэж, үүнээс хойш хэрхэн нөлөөлж, хааж боож явсан нь үнэн баримтад үйл явдал. 100 жилийн өмнөх үйл явдал болоод ч тэр үү бүхий л бодит түүхүүд ил тодоор бичигдэж үлдсэн хойно МАН түүхэндээ дурдахгүй гээд яах ч билээ. Гэхдээ хоёр том хөршийн дунд халиуны зулзага шиг оршин байгаагаа санаж орчин цагийн дипломат ёсыг эргэцүүлж тунгаах байж. МАН-ын 100 жил Монголын сүүлийн 100 жилийн түүх, дээр нь нэмээд яг одоо эрх барьж буй улстөрийн хамгийн том хүчин.

Дипломат ёсны дагуу ийм том ой хөрш улсад нь болж байхад тухайн улсын хамгийн том дарга нар баярын мэндчилгээ илгээж хоёрын орны харилцааг сайхан байгааг илтгэдэг. Тэгвэл Ардын намын 100 жилийн ойн баярт зориулсан Хятадын коммунист намын мэндчилгээ Ши Жин Пинь даргын нэр дээрээс биш төв хорооны нэр дээрээс ирсэн гэнэ.

Мөн Хятадын элчин сайдын яамнаас МАН-д албан ёсоор хандаж, У.Хүрэлсүх даргын илтгэлийн Хятадтай холбоотой хэсэгт сэтгэл дундуур байгаагаа хэлээд хариу тайлбар шаардаж бололтой. Хятад орон Монгол Улсад найрсаг сэтгэлээр хандсаар ирсэн. Тийм ч учраас бид дотоодоо 100 хувь вакцинжуулж чадаагүй хэрнээ танай улсад вакцины туслалцаа үзүүлж байгаа. Гэтэл эрх барьж байгаа МАН 100 жилийн ойгоор дипломат алдаа гаргалаа. Үүнээс болоод нүүрсний экспорт, вакцинжуулалтад чинь саад гарч магадгүй шүү гэсэн агуулгатай дипломат сануулга өгсөн гэнэ.

Үүнээс болоод МАН дотор маш том шүүмжлэл өрнөж буй аж. Нэг хэсэг нь бодит түүхийг үнэнээр бичсэн гэж намаа зөвтгөж буй бол нөгөө хэсэг нь бүхэл бүтэн намын аппартын зөвлөх, газар хэлтсийнхэн дарга нар бүгд намын даргын илтгэлд оролцсон байхад яагаад ийм алдаа гаргав. Хэдий түүх байлаа ч гэсэн аль, аль талаа бодих дипломат ёсыг сахиж, яагаад хянаагүй юм бэ гэж маргажээ.

Сүүлийн хэд хоногт 20 хүрэхдээ үгүйтэй машин хилээр нэвтэрч буй явдал болон эхний хэсэгт өгүүлсэн энэ сарын 9, 12-ны өдрүүдэд Хятадын талаас ирэх байсан вакцины нийлүүлэлт тодорхойгүй шалтгаанаар саатсаныг үүнтэй холбож урд хөрш маань хариу бойкот хийж байна гэж тайлбарлах үндэслэл байна.

Үүнээс болоод дархлаажуулалтын явц хойшиллоо. Доголдоод буй МАН, Хятадын коммунист намын харилцааг хэрхэн яаж сэргээх. Эргээд харилцаагаа сайжруулах алхамыг чухам яаж хийж, хэвийн болох нь одоогоор тодорхойгүй байсаар байгаа аж.

Нэг сонирхолтой зүйл нэмж хэлэхэд төрийн албан хаагчид бүгд Астразеникагийн вакцин хийлгэж байхад ДЭМБ-аас эрхээ ч аваагүй Хятадын вакциныг 3 дугаар сарын 10-нд эрх баригчдын "том" дарга нар болох Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Д.Сумъяабазар нар гэнэт хийлгэсэн нь цаанаа өөр учиртай байсан уу. Иргэддээ Хятад вакцин чипгүй гэдгийг харуулсан ч, нөгөө талдаа 10 хоногийн өмнө гаргасан алдаагаа МАН залруулж, урд хөршдөө сайхан сэтгэгдэл төрүүлэх гэсэн алхам байсан ч байж болох юм.

Г.Лхагвадорж

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    нэрэлхүү зан5 жил өмнө

    Хүрэлсүхийн 100 жилийн ойн хурал дээр хэлсэн "Го мин дан-ны намаас явуулж байсан бодлого үнэн байлаа гэхэд өнөөдөр ярих хэрэг байсан уу? хэр зохимжтой вэ? Го мин дан нам өнөөдөр эх хятад байхгүй зөвхөн коммунист намаар толгойлуулсон улс төрийн 5:-6. нам албан ёсоор үйл ажилгаа явуулдаг.Эдгээр намуудаас бүрдсэн улс төрийн зөвлөлдөх хороо ажилдаг. Тэд коммунист намын их,бага хурлуудын өмнө зөвлөлдөх хурлаа хийдэг.Бодвол Улсын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлогч намдаа гол санаа бодлоо тусгуулахаар өгдөг биз. Яадаж энэ хэмжээний мэдлэгтэй байж ярих бус уу?! Улс төрийн удирдагч хүн хамрын доор хагархай байгаа гэж үзсэн харснаа яриад байж таардаггүй юм.Тэр дундаа улс хоорондын,өрсөн завхарсар асуудллаар үнэн байлаач хамаагүй яриад байдаг байж таарахгүй ээ.Цаг үе үнэлж хэлэх хэлэхгүй үгээ ялгаж салгах наад захын ухаан хэрэгтэй .Ийм мэдлэг боловсолтой хүн улс удирдах бодлого шийвэр гаргах МАН-ыг удирдаж байгаад харамсаж байна. Шуудхан хэлэхэд таарахгүй

  • С
    СҮР5 жил өмнө

    Хүэрэлсүх минь дээ!таныг яамаарч юм бэ дээ?Эхлээд го мин дхн нам ,хятадбн коммунис нам 2-ийн ялгааг мэдчихээд ярьж байна уу?Аль хэдэн арван жилийн өмнөх гоминданы намын бодлогийг өнөөдрийн хятадын коммунист намын бодлог мэтээр сүржигнэх нь арайл байна даа.Үнэн байлаа гэхэд улс төрийн удирдагч шүү юм бол хэдийд яаж илэрхийлэхээ мэддэг ,цагийг олж илэрхийлдэг ухаантай байх ёстой.Тэгээд ч гоминдан нам чинь тайванд л байгаа,хятад бол каммунист намбн бодлого,шийдвэр л үйлчилж байгаа гэдгийг ойлго.Бид өнөөр тайван гээд хошигорч эх хятадаа муулдаг. Тэр тайваны тань бодлогыг тодорхойлогч нам нь "Го мин-дан "шүү

  • Ү
    Үнэн5 жил өмнө

    Хятад вакцин худлаа шүү. Вакцин хийлгэсэн ч халдвар аваад байгаа биз дээ. Хятадууд өөрсдөө хүртэл вакцин нь хэрэггүй гэдгийг мэддэг. Өөр улсын вакцин хөөцөлдөөд оруулж ирсэн нь дээр. Хятадуудаас айгаад үг хэлээ засна гэжу юу байсан юм. Тусгаар улс гэдэг чинь хэнээр ч юу хэлэхээ заалгахгүй.

  • У
    УХААНТАЙ БАЙ.5 жил өмнө

    НААД ҮНЭН ҮГЭЭ ХЭЛСЭЭР ВАКЦИН Ч ҮГҮЙ ОРЛОГО Ч ҮГҮЙ ГӨЛИЙГЭЭД БАЙЖ БАЙХААС.СҮРЖИГНЭХДЭЭ РАМАА МЭДЭЖ ЯАЖИГНА.

  • Ц
    Ц.ЦЭНГЭЛ5 жил өмнө

    ҮНЭН Л ЯРЬСАН ШҮҮ ДЭЭ.ХӨРШӨӨСӨӨ АЙГААД БОДИТ ТҮҮХИЙГ ОЙН ИЛТГЭЛД ДУРДАЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ. ТЭГВЭЛ ТУСГАХР УЛС ГЭЖ БАЙХ ЯМАР ХЭРЭГТЭЙ ГЭЖ.БИТГИЙ БООЛЫН СЭТГЭЛГЭЭГЭЭР ХАНДААД БАЙГААЧ.

  • З
    Зохиолч Л. Пүрэвдорж5 жил өмнө

    Үнэн л юм хэлсэн байна шүү дээ. Хэрэв Сталин Рузвелльд хоёр санал нийлэн Чан Как Ши - г шахаж гарах газаргүй болгоогүй бол БНХУ 1945 оны 7 сарын 6-нд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахгүй байсан нь гарцаагүй. ХҮБ - манайх элсэхэд ч Америк Зөвлөлт хоёр Хятадыг шахаагүй бол хориг тавиад элсүүлэхгүй л байсан даа.

  • З
    Зохиолч Л. Пүрэвдорж5 жил өмнө

    Үнэн л юм хэлсэн байна шүү дээ. Хэрэв Сталин Рузвелльд хоёр санал нийлэн Чан Как Ши - г шахаж гарах газаргүй болгоогүй бол БНХУ 1945 оны 7 сарын 6-нд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурахгүй байсан нь гарцаагүй. ХҮБ - манайх элсэхэд ч Америк Зөвлөлт хоёр Хятадыг шахаагүй бол хориг тавиад элсүүлэхгүй л байсан даа.

  • З
    зочин5 жил өмнө

    ман-ын дарга том алдаа гаргажээ