Ц.Мөнхцэцэг: Дотоодын дүрэмт хувцас үйлдвэрлэж буй оёдлын үйлдвэрүүд материалын чанарт анхаарах хэрэгтэй байгааг БШУЯ-д уламжилъя

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 44 сек
40
legacy:Munkhtsetseg gishuun/мөнхцэцэг.jpg

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан дүрэмт хувцасны асуудал ихээхэн яригддаг. Чанар, өнгө үзэмж, материал гээд тоочиход хуруу дарам асуудал бий. Тэгвэл сурагчийн дүрэмт хувцасны асуудалд УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг өөрийн байр сууриа илэрхийлж, цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрбээр, "Дүрэмт хувцас өмсөх эсэх тухайд сошиал орчинд нэлээд өргөн хэлэлцүүлэг, мэтгэлцээн болж байна.

МУБИС-т 20 гаруй жил багшилж, ЕБС-иудад дадлагын оюутнуудаа жил бүр удирдан ажиллаж ирсэн багш хүний хувьд, 5, 6-р ангийн хоёр хүүхэдтэй ээж хүний хувьд байр сууриа илэрхийлье гэж бодлоо.

ЕБС-д дүрэмт хувцсаа өмсөх нь хамгийн зөв шийдэл. Дүрэмт хувцас өмсөх нь хүүхдийн сэтгэл зүй, сурах сэдэлд эерэгээр нөлөөлдөг болох нь сурган хүмүүжүүлэх практикаар шалгагдсан.

Хүүхэд дүрэмт хувцсаа өмсөхөөр сурах үйл ажиллагаанд сэтгэл зүйн хувьд бэлтгэгдэнэ

Дүрэмт хувцастай хүүхэд биеэ хянан захирах, анхаарал төвлөрөх, дүрэм журмыг илүүтэй дагаж мөрдөнө.

Дүрэмт хувцасны нэг том давуу тал бол үе тэнгийнхний дунд хөрөнгө мөнгөний ялгаа, өрхийн орлогын ялгаанаас үүдэлтэй дээрэлхэлт, ялгарлыг багасгадаг явдал юм.

Эдийн засгийн хувьд хэмнэлттэй, хүүхдийг хувцсаа ариг гамтай өмсөхөд сургадаг.

Өнөөдөр төрийн өмчийн бүх ЕБС-иуд дүрэмт хувцсаа нэгэн жигд өмсч байгаа бөгөөд төрийн бус өмчийн ихэнх сургууль ч бас дүрэмт хувцас өмсөх сургуулийн дүрэмтэй.

ЕБС-ийн багш нар болон сурган хүмүүжүүлэхийн эрдэмтэд 100 хувь санал нэгтэйгээр дүрэмт хувцсыг дэмжиж байр сууриа илэрхийлж байгаа нь харагдаж байна.

Харин дүрэмт хувцасны чанарын хувьд анхаарах асуудал байгааг хэлэх нь зүйтэй. Дүрэмт хувцасны даавуу хурдан бөөсөрдөг, оёдол муутай, даргар материалтай, хүүхдийн биед эвтэй бус гэдгийг олон эцэг эхчүүд шүүмжилдэгтэй санал нэг байна.

Манай бага охин 5-р анги, дунд хүү 6-р ангид орж байна. Хичээлийн жилд 2 ээлжийн цэнхэр цамц, нэг форм өмсдөг. Дүрэмт хувцас хог, үс их татдаг материалтай, тэгээд дээрээс нь манайх үс ихтэй цагаан мууртай тул хоёр хүүхдийн формыг өглөө бүр үс арилгагч өнхрүүшээр цэвэрлэж явуулдаг гээд асуудал ихтэй.

Манай дотоодын дүрэмт хувцас үйлдвэрлэж буй оёдлын үйлдвэрүүд материалын чанарт анхаарах хэрэгтэй байгааг БШУЯ-д уламжилья.

Та бүхэн энэ тухайд байр сууриа хуваалцаарай" гэжээ.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • О
    оёдлын үйлдвэрүүдээ дэмжье

    Энэ нь нэг талдаа дотоодын үйлдвэрүүдээ дэмжиж байгаа сайн хэрэг. Дүрэмт хувцасны захиалга ихэссэнээр дотоодын хэрэгцээгээ хангахын тулд эдийн засгийн эргэлт үүснэ. Энэ их сайн хэрэг. Гол нь эцэг эхчүүд маань хямдыг нь бодож урдааж орж ирснийг нь биш дотоодын үйлдвэрийнхийгээ авах хэрэгтэй юм аа.

  • Б
    Батсүх

    дүрэмт хувцасны үнэ эцэг эхчүүдэд нээх их дарамт болохгүй байлгүй дээ. Харин чанар тал дээр нь сайжруулж, үнийг тогтворжуулах тал дээр гишүүнтэй санал нэг байна.

  • Б
    багш

    ЕБС-ийн багш бид нар ч мөн дүрэмтж хувцас өмсдөг болсон. Ингэснээр бас л нөгөө баян хоосны ялгаа, өмсөж зүүх зардал мөнгө харьцангуй гайгүй болж нэгэнтээ жишигдэх харьцуулагдах гээд эмэгтэй л хүн болсон хойно үүсдэг аахар шаахар асуудал харьцангуй гайгүй болсон. Багш бидний дунд ч ийм ялгаа байхад хүүхдүүдийн дунд өмсөж зүүсэнтэй холбоотой олон асуудал үүснэ.

  • М
    Маш зөв

    Дүрэмт хувцас бол маш зөв шийдвэр шүү. Нийгмийн, орлогын ялгааг гаргахгүй үүднээс маш зөв