Ц.БАТМӨНХИЙН ГЭР БҮЛ: Өвөл барилгын ажил зогсдог тул дансанд байгаа 14 саяаа ҮРЭХ ҮҮ, ҮРЖҮҮЛЭХ ҮҮ гэх сонголттой нүүр тулж “Чамин гэрийн бууз“-аа хийж эхэлсэн

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 15 сек
10
legacy:_shariljjj/Намуу/shine/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-1.jpg

"Цагдаагийн цалин амьдралд хүрэлцэхгүй болохоор нөхрийгөө ажлаас нь гаргаад хувийн бизнесээ эхлүүлэхээр шийдэж, 50 мянган төгрөгөөр нэг ширхэг дрилл, хоёр ширхэг түмпэн худалдаж аваад барилгын салбарт хөл тавьсан" хэмээн бахархалтайгаар ярих энэ бүсгүйг М.Хажидсүрэн гэдэг. Нөхөр, хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг залуу гэр бүлийн төлөөлөл.

Тэртээ 20 жилийн өмнө "Би чинь үзэгний үзүүрээр мөнгө олох хүн шүү дээ" хэмээн онгирч явсан дүрсгүй охин мөрөөдлөө биелүүлэхээр МУИС-ийн Математик, программ хангамжийн ангид суралцаж, БНСУ-д мэргэжил дээшлүүлээд эх орондоо ирсэн ч сарын цалингаар амьдралаа босгох амаргүй байсан тул арга буюу мөрөөдлөө орхижээ.

legacy:_shariljjj/Намуу/shine/418598083_707597124818712_3483697943337283991_n.png

Нөхөр нь цагдаагийн ажлаасаа гарч хамтдаа хувийн бизнесээ эхлүүлэхээр ярилцаж, удаан бодсны эцэст барилгын салбарыг сонгожээ. Барилгын салбарын туршлага мэдлэг байхгүй ч авсан ажил бүрээсээ шинийг суралцаж, хичээнгүйлэн ажилласаар арвин туршлага хуримтлуулж, өдгөө 4 дэх жилдээ барилгын салбарт ажиллаж байна.

Хэдийгээр өөрсдийн гэсэн багахан орон зайг бий болгож, амжилттай ажиллаж байгаа ч барилгын ажил улирлын чанартай учраас өвөл нь эрхэлсэн тодорхой ажилгүй гэх жагсаалтад автоматаар орчихдог нь М.Хажидсүрэнд таалагддаггүй. Эл асуудалд шийдэл хайж, удаан бодсны эцэст шийдвэрт хүрсэн нь өвлийн улиралд бууз, баншны цех ажиллуулах "мэргэн "санаа.

legacy:_shariljjj/Намуу/shine/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

Эл санаагаа нөхөртөө хэлж, дансан дахь мөнгөө шавхаж, тоног төхөөрөмж аваад ажлаа эхэлсэн ч амар байсангүй. Хоол үйлдвэрлэлийн салбараас хол хөндий болохоор олон хүнээс туршлага судалж, сар гаруйн хугацаанд 50 гаруй кг махаар тоглосны эцэст өөрийн гэсэн амтыг гаргаж чадсан нь олон хүнд таалагдаж, байнгын худалдан авагчидтай болоод амжжээ. Ажил хөдөлмөрт дурлаж, амьдралаа босгохоор зүтгэж яваа Ц.Батмөнх, М.Хажидсүрэн нар залуу насаа завгүй өнгөрөөхийг илүүд үздэг. Биднийг очих үед нөхөр Ц.Батмөнх ууц чанаад завгүй байлаа. Хамаатнуудаасаа ууц чанах захиалга авч, чанаж эхэлснээр туршлагажиж одоо онлайнаар захиалга авч ууц чанах үйлчилгээг үзүүлж байна.

legacy:_shariljjj/Намуу/shine/418744877_941753060714365_8486920230110347389_n.png

Өглөөд хаягаар нь очиж ууцаа аваад өдөр нь чаначихаад орой нь гэрт нь хүргэж өгнө. Хажуугаар нь эхнэрийнхээ хийсэн буузыг захиалагчдад нь хүргэж өгнө гээд түүний ажил дуусахгүй их. Залуу хосууд өглөөний 07.00 цагтаа уралдаж гэрээсээ гараад орой 11, 12-той уралдаж гэртээ ордог ч ядарч байна гэж ялархаж үзээгүй.

Ядарсан эсвэл шантарсан үедээ сайн үйлсийн аянд нэгдэж, баярлаж талархсан үгсээр нь өөрсдийгөө цэнэглэж, урам зориг авдаг гэх. Учир нь олсон орлого бүрийнхээ 10 хувийг тусгай дансанд хуримтлуулж хэвшсэн бөгөөд түүгээрээ тусламж хэрэгтэй хүмүүст туслах ажлыг тогтмол хийдэг байна.

legacy:_shariljjj/Намуу/shine/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy-2.jpg

"Амьдрал баян, нас залуу байхад аз жаргалтайгаар ажиллаад л байхаас өөр яахав" хэмээн эхнэр нь нөхрөөрөө, нөхөр нь эхнэрээрээ бахархсан аястай ярих залуу хосуудыг хараад "Энэ их ажлыг яаж амжуулдаг байна аа. Хаанаас нь гардаг эрч хүч, энерги вэ" гэх бодол өөрийн эрхгүй төрж, биширч суусныг нуух юун.