Н.Тэгшбаяр: 45 хоногийн курсийн багш нарыг харин ч хадаг, сүү барьж хүлээж авах хэрэгтэй

Нийгэм
Sosorburam
Унших: 6 мин 41 сек
140
legacy:2025/09/tegshbayar/460624566_1598367714427953_829418595673505100_n.jpg

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа. Тэрбээр Боловсролын яамнаас хэрэгжүүлж буй багш бэлтгэх 45 хоногийн курст сууж, физикийн хичээл заана гэдгээ цахим хуудастаа мэдэгдсэн байдаг.

-----------------

-Боловсролын сайд П.Наранбаяр есдүгээр сарын 16-нд "Багшийн хомсдолыг нөхөхийн тулд англи хэл, физик, хими, технологийн мэргэжлээр төгссөн хүмүүсийг 45 хоногийн курст сургаж багшлах эрхийн гэрчилгээ олгоно" гэж мэдэгдсэн. Таны хувьд физикийн багшаар багшлах хүсэлтэй байгаа юм байна лээ. Хүсэлтээ Боловсролын Ерөнхий газарт өгөв үү ?

-Боловсролын яамнаас хөтөлбөр боловсруулж байгаа гэсэн. Хөтөлбөр боловсруулж дуусаад албан ёсоор баталгаажсаны дараа сургуулиуд хүсэлтээ авч бүртгэлээ эхлэх юм байна лээ. Физикийн чиглэлээр академик хичээлийг нь үзчихсэн магистр, докторын зэрэг хамгаалчихсан над шиг хүмүүс сурган заах арга зүйг нь үзээд багшлах эрхтэй болж байгаа нь сайн зүйл. Социализмын үед бүр долоодугаар, аравдугаар ангиа төгсөөд багш болдог байлаа. Тэр үед МУИС-ийг төгссөн хүн бүр багшлах боломжтой байсан. Сүүлд зөвхөн МУБИС багш бэлдэнэ гэсэн сэтгэлгээтэй болчихсон. Учир зүйгээрээ бол МУИС 128 кредит үзэж байгаа бол нэмээд багшлах эрх нь нээлттэй байх ёстой. Монголоос бусад оронд аль нэг чиглэлээр мэргэшсэн хүмүүс оюутнуудад хичээл заахын тулд нэмэлт кредит аваад багшлах эрх авдаг системтэй.

Тиймээс англи хэл, физик, хими, технологийн мэргэжлээр төгссөн хүмүүсийг 45 хоногийн курст сургаж багшлах эрхийн гэрчилгээ олгох нь цоо шинэ зүйл бол биш. Бас шинээр ухаантай зүйл хийж байгаа ч юм биш.

Миний хувьд дээрх хичээлээр академик боловсрол эзэмшсэн хүмүүсийг 45 хоногийн курст хүчээ өгөөсэй гэж хүсэж байгаа. Магадгүй үндсэн ажлынхаа хажуугаар заавал дунд сургуульд очиж нэг цаг ч болтугай багшлаасай. Математик, физикт арын хаалга байхгүй. Тиймээс чанартай багш нар хүүхдүүдийн боловсролд хэрэгтэй. Дээрээс нь нэмээд тухайн сургуульд цус сэлбэнэ гэсэн үг.

-Гэхдээ багш нар үүнийг шүүмжилж, багш болох гэж бүхэл бүтэн дөрвөн жил сурдаг л гэнэ. Багшийн ажлыг үнэгүйдүүллээ л гэнэ?

-Сайн юманд садаа мунддаггүй гэгчээр. Физикийн анги төгссөн хүн мэс заслын хичээл заана гэдэгтэй адилхнаар гуйвуулаад байгаа. Физик төгссөн хүн багшлах эрхээ аваад физикээ заая, математик төгссөн хүн математикаа заая л гэсэн. Түүнээс биш Монгол хэлний багш физик заах талаар яриагүй.

Угаасаа ч Монгол хэлний багш физик заадаггүй л байхгүй юу. Харин физикийн багш уран зохиолын хичээл зааж чадах байх шүү. Би ийм хөрвөх чадвартай, гайхамшигтай мэргэжил эзэмшсэнээрээ бахархдаг.

Би 1999 оноос хойш физикийн салбарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагын дарга, улсын ерөнхий байцаагч, цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч, олон улсын атомын энергийн Монгол дахь бүрэн эрхт төлөөлөгч, шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний ажилтан гэх мэт физикч хүний хийж болох бүхий л ажлыг хийсэн.

Тиймээс энэ чиглэлийн багшийн хомсдолд орсон үед ЕБС-д багшлах нь нэг талаасаа эх орон ч, нөгөө талаасаа би сурагчдад физикийн хичээлийг дурлатал нь зааж чадна гэж бодож байна.

-Таныг багадаа математикийн багш болохыг мөрөөддөг байсан гэж сонссон юм байна?

-Тиймээ. Тэр мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч гэсэн физикийн чиглэлээр багшилж явлаа. Намайг оюутан байхад сайн багш нэг ам.доллараар хичээл заадаг байхад би цагийн хоёр ам.доллараар заадаг байсан. Дараа нь дээд сургуульд математик, физикийн хичээл заасан туршлагатай. Тиймээс энэ удаа мэргэшсэн чиглэлээрээ ЕБС-д хичээл заах хүсэлтэй байна. Багшлах урилга өгч байгаа сургуулиуд ч олон байна. ЕБС-д багшлахын давуу тал нь хүүхдүүдийг багаас нь шинжлэх ухаанд дурлуулах бүрэн боломжтой.

Учир нь дунд сургуульдаа байгалийн шинжлэх ухааны салбарын хичээлийг сонгоогүй бол ирээдүйд энэ талаар сонирхдоггүй. Тиймээс энэ ажилд хүчээ нэмэрлэнэ гэдэг нь их чухал. Анзаараад байхад физикийн ангид элсэж орох хүүхдүүд цөөрсөн. Бүгд л хуульч, эдийн засагч болох хүсэлтэй болж. Гэтэл физик, хими, биологи нь байгалийн шинжлэх ухаан. Байгалийн зүй тогтолд нийцүүлж хүмүүс оршдог. Эдийн засаг ч гэсэн байгалийн зүй тогтлыг дагаж явдаг.

Өөртөө л таалагдсан зүйлийг л үнэн гэж боддог хүмүүс олширсон. Гэтэл шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлсийг үнэн гэнэ

legacy:tegshbayardoktor/457084141_1193413968547482_4988838012972892377_n1.jpg

-Сүүлийн үед та шинжлэх ухааны талаар видео контент хийх болсон шүү дээ. Шинжлэх ухааны хялбаршуулсан нийтлэл болон Tegshee's podcast-ыг хэр их үзэж, сонирхож байна вэ ?

-Хүүхэд, залуусыг шинжлэх ухаанд дурлуулах, нийтийн шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлэх нь орчин цагийн тулгамдсан асуудал болоод байна. Өнгөрсөн хугацаанд ч тулгамдсан асуудал байсаар ирсэн. Шинжлэх ухааны томъёо яриад эхлэхээр хүүхдүүд залхчихдаг талтай. Тиймээс тэдний сонирхлыг төрүүлэх, шинжлэх ухаанд дуртай, мэдлэгтэй болгох зорилгоор долоо хоног бүр шинжлэх ухааны видео контент хийж байна. Газар яагаад хөдөлдөг, тэнгэр яагаад дуугардаг, дэлхий яаж эргэдэг, марс гарагийг дэлхийчилж болох уу, Монгол Улс хиймэл дагуул хөөргөх боломжтой юу гэх мэт олон сэдвээр ярилцсан видеонууд бий.

-Та яриандаа физикийн ангид элсэж орох хүүхдүүд цөөрсөн талаар дурдаад өнгөрсөн. 2020 онд МУИС-ийн физикийн ангийг дөрөвхөн хүүхэд төгссөн бол 2021 онд МУИС-ийг долоон хүүхэд төгсөх жишээтэй?

-2022 оноос МУИС элсэлтийн шалгалтаа 700-аас дээш оноотой өгсөн, физикийн ангид элсэн сонирхолтой хүүхдийг төлбөрөөс нь бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан. Уг шийдвэр гарсны дараа элсэгчид нэмэгдсэн гэж сонссон. 2023 онд физикийн чиглэлийн эрдэмтэн төгсөгчид физикийн гоо сайхныг ойлгуулахын тулд Азийн физикийн олимпиадыг Монголд зохион байгуулсан. Бүх аймгуудад физикийг таниулах ажил хийсэн. Өнгөрсөн жил МУИС-ийн физикийн ангид 68 хүүхэд элссэн байх жишээний. Мэдээж энэ тоо цаашид нэмэгдэх шаардлагатай.

Монголын өнөөдрийн тулгамдаж байгаа асуудал нь мэдлэг боловсролгүй байна. Жишээ нь өөртөө л таалагдсан зүйлийг л үнэн гэж боддог хүмүүс олширсон. Гэтэл шинжлэх ухаанаар нотлогдсон зүйлсийг үнэн гэнэ. Өөртөө таалагдаагүй зүйлийг худлаа гэж боддог хүмүүст үнэн гашуун байдаг гэдгийг ойлгох ёстой.

-Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Монголчууд өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, оюун санааны хувьд доройтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан. Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй, мунхаг ард түмэн болсон" гэж хатуухан хэлж байсан удаатай. Үнэхээр шинжлэх ухаанаас холдох тусам Монголчууд "оркжоод" байх шиг.

-Монголчууд нийтээрээ байгалийн шинжлэх ухаанаас холдчихсон. Мэдээллийг шүүлтүүргүй, эх сурвалжийг нь хайж, анзаарч харах чадамжгүй хүмүүс олширсон. Аливаа зүйлийг олон талаас нь харах чадвар дутаад байна. Үүнийг хүүхэд байхаас нь шинжлэх ухаан сургадаг юм. Би ярианы эхэнд "Математик физикт суралцахад арын хаалга байдаггүй" гэж хэлсэн дээ. Тогтвортой сууж сурсан хүүхэд л байгалийн шинжлэх ухаанд илүү сайн суралцдаг. Нэг зүйлд тогтмол цагаа зарцуулах чадвар их чухал. Спортынхон өдөр бүр бэлтгэл хийдэг шиг байгалийн ухаанаар суралцдаг хүүхдүүд өдөр бүр 4-5 цаг суудаг. Гэхдээ монголчуудад гайхамшигтай нэг чанар байна. Тэр нь эцэг эхчүүд олсон хэдэн төгрөгөө бүгдийг нь хүүхдийнхээ боловсролд зарцуулдаг. Гэтэл их сургуулиуд үүнийг зөвхөн бизнес гэж хараад байвал энэ бол доройтол. Тиймээс ЕБС-иас эхлээд их дээд сургуулиуд чадамжтай хүүхэд, залуусыг төгсгөдөг болмоор байна.

МУБИС төгссөн хүн бүр мундаг багш болдоггүй

legacy:2025/02/460402830_1904006453429420_3939485788808759184_n.jpg

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд "2030 он хүртэл багш мэргэжлийг сонгож байгаа оюутнуудын сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна, багш магистрт дотоодод суралцах бол сургалтын төлбөрийг 100 хувь төр хариуцна" гэдгийг мэдэгдсэн. Танд энэ шийдвэр ямар санагдаж байв?

-Нуулгүй хэлэхэд сургуульгүй хоцорсон эсвэл бага оноо авсан хүүхдүүд МУБИС-руу орох болсон шүү дээ. Үнэгүй юманд нугасгүй гэдэг нь энэ. Тиймээс багшлахыг хүссэн хүмүүст зориулж кредит гаргаж өгч байгаа нь боловсролын салбарт шинэ гэрэл гэгээ өгнө. Ирээдүйд гайхамшигтай хүүхдүүдүүдийг "төрүүлнэ". Би үүнтэй холбоотой нэг гоё жишээ ярьж өгье.

-За?

-Монгол Улсын гавьяат багш З.Бат-Эрдэнэ бол миний найз. Тэр хэрэглээний математикаар төгссөн. Монголын хамгийн олон математикийн улсын аварга төрүүлсэн олон улсаас медаль авсан. Гэхдээ З.Бат-Эрдэнэ гавьяат багш болсон хойноо багшлах эрхийн гэрчилгээ авсан. Тэгэхээр зэрэг багшийн дээд төгссөн хүн бүр мундаг багш болдоггүй гэдгийг амьдрал харуулж байгаа биз дээ.

Манай профессор "МУИС-ийн Физикийн ангийг төгссөн хүн дунд сургуулийн гайхамшигтай багш болно" гэж хэлж байсан. Тэр үнэн. Тиймээс эдгээр хүмүүс 45 хоногийн курст сураад багш болно гэвэл талархаж, хадаг сүү өгөөд хүлээж авах хэрэгтэй. Цалин хөлсийг нь ч өндрөөр үнэлэх ёстой гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хүүхдүүд маш дуртай байх бно хараарай. энэ хүмүүс заах арга зүй дутуу бж болох ч нийгмийн , ажлын асар их туршлагатай. зөвхөн хичээл заах биш хүүхдийг зөв чиглүүлж, ментор болж чадна. ахлах ангийнханд энэ маш том боломж юм

  • Г
    Гэрэл

    Энэ бол маш зөв шийдвэр байсан.эрдэм мэдлэгтэй хүнээсээ айдаг юмуу эсвэл атаархадаг юмуу.энэ атхаг санаагаа орхиод үр хүүхдүүдийхээ ирээдүйг бодоцгооё.БСын энэ шийдвэр үнэхээр хэрэгтэй байсан шүү.дэмжээрэй хүмүүсээ.энэ шийдвэрээс хэн хожих вэ гэвэл үр хүүхдүүд минь хожино.улс орон минь л хожино

  • О
    Ойдов

    Энэ хүний ярьсан зүйлтэй санал нэг байна.Би бол эмч хүн.Миний эхнэр МУИС төгссөн химик хүн Би 2 хөдөө сум аймагт ажилларад эхнэр маань химийн багш хийсээр тэтгэвэрт гарсан.Өчнөөн олон шавь нар нь улсын олимпиадаас медаль хүртэж монголын аль сайн гэх эмнэлэгүүдэд эмчээр ажиллаж байна.Иймд хими физик математик байгалийн ухааны хичээлүүдийг тухайн мэргэжлийн хүмүүсээр заалгах хэрэгтэй.Анагаахын сургуульд анагаах төгссөн хүн л багшилдаг биз дээ.

  • З
    Зочин

    бас нэг бэлэн амтай увсын нөхөр гарч ирээ юу

  • Ж
    жагаа

    зөв шүү.

  • З
    Зочин

    Зөв шүү. Яагаад хичээл заах багш хүрэлцэхгүй хүүхэд хохирч байхад жинхэнэ шинжлэх ухааныг нь судалсан хүмүүсээр хичээл залгахад саад тотгор болоод байгаа юм бэ. Ер нь багш нараас хамаагүй дээр мэдлэгтэй хүмүүс зөндөө байгаа шүү. Багш хүрэлцэхгүй байх нь багш нарт л хэрэгтэй бололтой гэх сэтгэгдэл төрчих лөө.

  • З
    Зочин

    МУИС багш нараа 3 сар мэргэжил дээшлүүлдэг. Маш чанга шүү! Ярилтгүй ээ.

  • А
    Анхаа

    Доктороо битгий ингэж дүр эсгэ.Эрхэм доктор та бүхэн минь үнэхээр л чадлаараа,чадвараараа доктор болсон бол Монголд Физикийн салбараа хөгжүүлж өгч л тус бол

  • З
    Зочин

    Ингэж зоргоороо ярьж болохгүй ээ. Эцэст нь муу нэр нь хэдэн багш нар дээр л ирнэ дээ.

  • З
    Зочин

    Хүмүүс яагаад 45 хоногийн сургалтаар багш бэлдэхийг эсэргүүцээд байгааг огт ойлгохгүй юм. МУИС гэхэд багш биш мэргэжлээр төгссөн хүнийг багшаар шалгаруулж авсан бол тэдгээр шинэ багш нарт сургах, заах аргын сургалтыг богино хугацаанд зохион байгуулдаг шүү дээ. Өдөр болгон дор хаяж 90 минутаар сургалт явуулахад 45 хоногт хичнээн кредитийн хичээл болох вэ. Ингээд бодоход дээрх хугацаа бол тийм ч бага биш шүү. Энэ хугацаанд багш болох бүрэн боломжтой

  • З
    Зочин

    4 жилийн сургуулиудаа хаачих доо хэдхэн хоногийн сургалт курсэд суугаад багш болж болдог юм бол хайран мөнгө цаас аливаа мэргэжлийг хэдхэн хоногт сурч эзэмшдэг ид шидийн үе болсон юм байлгүй юун шу цаашаа шу-нд ч гэсэн хугацаа баймаар л юм арай л өөр бодлого санаа яваад байх шиг

  • И
    И

    МУБИС гэж хэрэггүй, одоогийн багш нарыг наймаандаа яв гэө байгаа юм уу ?

  • B
    Bat

    Үнэн шүү ШУ-ы мэдлэг хэрэгтэй дэмжиж бна

  • З
    Зочин

    За чи битгий худлаа шаа муу гөлөг