Эдийн засагч Ц.Даваадорж: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнө нь удаа дараа нэмж байсан ч гарсан үр дүнг нь танилцуулаагүй

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 4 мин 13 сек
50
legacy:ediin zasagch ts.davaadorj/05.png

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, 792 мянган төгрөгт хүргэхээр болсон талаар мэдэгдсэн. Ингэснээр эдийн засагт ямар үр нөлөө үзүүлэх талаар Эдийн засагч, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн захирал Ц.Даваадоржтой ярилцлаа.

-Ирэх 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх болсон талаар сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ. Уг асуудалд таны байр суурийг сонирхъё?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь эдийн засгийн ямар үзүүлэлт вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол аливаа ажил эрхэлж буй хүн хамгийн доод тал нь энэ хэмжээний цалинг авах ёстой гэсэн хэмжээ. Тухайн хэмжээг тогтооно гэдэг нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр баримжаалаад манай улсад ядуурлын хэмжээ, хүн амын орлогын түвшин ямар хэмжээнд байна вэ гэх үзүүлэлтүүдийг харах гээд байна гэсэн үг.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ гэдэг нь ажилд орж буй ажилтан хамгийн доод тал нь 792 мянган төгрөгийн цалинтай байна гэсэн санаа. Бид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувиас доош орлоготой хүмүүсийг ядууралд орсон байна гэж хэлдэг. Тиймээс иймэрхүү түвшний тооцооллын үзүүлэлт гэж ойлгож болно. Энэ хэмжээ цаашид 20 хувиар нэмэгдэхээр ямар үр дагавар гарах вэ гэдгийг бодолцож үзэх ёстой. Хувь хүмүүсийн тухайд орлого нь нэмэгдэж байгаа юм шиг харагдана. Энэ сургаар ямар үзэгдэл гардаг вэ гэхээр инфляцыг өдөөж, үнийн өсөлт үүсэх сэдлийг өгдөг. Нөгөө талаасаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөж байна гэдэг нь үйлдвэр, аж ахуйн газрууд шинээр ажилтан авах гэхээр олон төрлийн татвар, даатгалын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг.

Ялангуяа, бидний ярьдаг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл илүү их хэмжээгээр нэмэгдэх юм. Иймэрхүү гинжин урвалтай эдийн засгийн өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэдгийг тооцоолж байх ёстой болов уу.

-Аливаа зүйлд эерэг сөрөг хоёр тал бий. Сая та сөргийг нь ярилаа. Харин одоо эерэг үр нөлөөг нь яривал?

-Эерэг тал нь гэвэл хувь хүний нэрлэсэн орлого өснө гэсэн үг. Худалдан авах буюу импортын барааны тоо хэмжээ нэмэгдэх байдал ажиглагдана. Тэгэхээр эдийн засгийн хувьд тодорхой тоон хэмжээгээр тэлэлт бий болох боломж гарч ирэх боломжтой. Аливаа үзэгдэлд гинжин урвал явагддаг гэх утгаараа эерэг сөрөг талын аль нь давамгайлах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

-Үнийн өсөлт их байгаа үед инфляцтай уялдуулаад жил бүр цалинг нэмэх ёстой-

legacy:ediin zasagch ts.davaadorj/04.png

-Өмнө нь энэ оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660 мянгад хүргэж нэмэгдүүлсэн. Ингэхдээ ойрын хоёр жилд энэ хэмжээг хөндөхгүй байхаар заасан. Гэвч жил хүрээгүй байхад хөндөөд эхэллээ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх гэж буй нь 2025 оны төсвийн төсөлтэй холбоотой шийдэл байж магадгүй. Яагаад ийм шийдэлд хүрч байна вэ гэхээр цалин хөлсний доод хэмжээг тодорхой хугацаанд барина гэсэн асуудал байхгүй. Ялангуяа одоогийнх шиг инфляц, үнийн өсөлт их байгаа үед инфляцтай уялдуулаад жил бүр нэмээд явах ёстой. Ингэхгүй бол иргэдийн бодит орлого буурчхаад байгаа юм. Өөрөөр хэлбэл цалинг нь нэмж өгөхгүй болохоор өмнө нь авч байсан бүтээгдэхүүний үнэ өссөн байхад бидний цалин хэвээрээ гэхээр орлого нь бодитоор буураад байна л гэсэн үг шүү дээ.

-Цалин хөлсийг нэмэх бодлого бол төр нь иргэдээс үнэлгээ авах гэсэн санаа-

legacy:ediin zasagch ts.davaadorj/03.png

-Мөн ирэх оны төсвийн төсөлд инфляцтай уялдуулж цалин, тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үүнтэй давхардуулан нэмж буйг та юу гэж харж байна?

-Өнөөдрийн байдлаар инфляцын түвшин 6.5 хувь орчим байна. Харин цалин, тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхээр инфляцын түвшингээ гүйцэхгүй байж магадгүй учраас бодит орлого буурч л таарна. Цалингийн доод хэмжээг давхардуулж нэмэх болсныг би сайн ойлгохгүй байна.

Цалин хөлсийг нэмэх бодлого бол төр нь иргэдээс үнэлгээ авах гэсэн санаа байж магадгүй. Үнэхээр эдийн засагт шууд эсвэл дам нөлөө нь юу байна гэдэг судалгааг нийтэд ил болгочихвол хүмүүст илүү ойлгомжтой болох байх. Өнөөдрийн нөхцөл байдлыг харвал, улс төрийн шийдэл гэдэг утгаар олон нийт хүлээж аваад байна.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх бүрд ААН-д ирэх дарамт нэмэгдэнэ-

legacy:ediin zasagch ts.davaadorj/02.png

-ААН-үүдийн хувьд ажилчдынхаа цалинг олгохын тулд НД, ЭМД-ын шимтгэлийг төлдөг. Тэгвэл цалин нэмэгдэхийн хэрээр ААН-д ирэх ачаа нэмэгдэх байх. ААН-үүдэд үзүүлэх нөлөөллийн тал дээр та юу хэлэх вэ?

-Жижиг, дунд ААН-үүдийн хувьд цалингаа тавихад хүндрэлтэй бөгөөд хүний нөөцийн дутагдлын асуудлыг ч маш ихээр ярьдаг. Нэг талдаа мэргэжлийн ажилчдын дутагдалтай холбогдох ч нөгөө талаараа цалин болон түүнд оногдож буй татвар, шимтгэлийн асуудал маш хүнд тусдаг юм билээ.

ААН-үүдийг судлахад, нийгмийн даатгалын шимтгэл бол маш хүнд ачаа болж байна, үүнээс шалтгаалж ажилчдынхаа цалинг айхтар нэмж чадахгүй байна гэх асуудлыг хөнддөг.

Байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн 12.5 хувийг төлдөг ч эргээд хувь хүнийхээ тэтгэвэрт энэ шимтгэл очдоггүй. Ийм учраас ААН-д хүнд дарамт болж байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх бүрд ААН-д ирэх дарамт нэмэгдэнэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнө нь удаа дараа нэмж байсан ч үүний үр дүн ямар байсныг танилцуулдаггүй. Өөрөө хэлбэл, цалингийн доод хэмжээг нэмснээр улсын эдийн засагт ямар өөрчлөлт гарсныг танилцуулахгүй байна гэсэн үг л дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүн2 жил өмнө

    Эдийн засагчаа хатдааа. Ажилгүй иргэд буюу хүүхдэээ харж буй эх,хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бүх газрын хувиараа хөпөлмөр эрхлэгчид энэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаарч Эрүүлмэнд, нийгмийн даатгалын шимтгэл нь өсдөг. Энэ нь эдгээр хүмүүсийн амьдралд дарамт болж ирдэг. Энэ талыг мэдсээр байж яагаад засгийн газар уих нэмээд байгааг ойлгохгүй бна. Энэ эдийн засагч ч энийг ярихгүй мэдэхгүй байгаад их гайхлаа.

  • З
    Зочин2 жил өмнө

    Эздийн байгууллага энэ шийдлийг зөвшөөрөх үндэслэл байх ёсгүй олон арван ЖДҮ дампуурхад хүрнэ мөн энэ үзүүлэлт бүтээмжтэй заавал уялдах учиртай

  • И
    Иргэн2 жил өмнө

    Хувийн аж ахуйн нэгжүүд шимтгэл төлөх дарамт нэмэгдэх хирээр ажиллагсадынхаа цалинг 20% нэмж чадахгүй бдаг.доод хязгаар нэмлээ гээд тэтгэвэр улам багасаад.....юмны үнэ өсөөд....татвар авах арга байхаа хө

  • С
    Сонирхогч2 жил өмнө

    Монгол улсын Ерөнхий сайд асан Бямбасүрэн гэдэг хүнээс өөр хөдөлмөрийн эдийн засаг,үнэ,тариф,инфляц.чөлөөт зах зээл мэддэг,мэргэшсэн хүн байна уу.Ёрөнхий сайдууд,яамдын сайдуудад Зах зээлийн мэдлэг боловсрол чадвартай Үнийн өсөлт, ядуурлыг мэдэх даргатангууд байна уу.Зах зээлээр далимдуулан үнийн өсөлтөөр баяжих бодолтонгууд төрд ажиллаад байгаа юм уу.

  • H
    Halamjiin bodlogoo hasaachee2 жил өмнө

    Ajil hiih hungui bolson shuudee.