СУРВАЛЖИЛГА: “Хурх“, “Улаанбаатар“ гурил ховорджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 11 сек
20
legacy:guril uildver/2025.png

Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэн байгаатай холбогдуулан айлууд "Энэ үеийг ашиглаж л цагаан сарын буузаа хийх юм шүү" гэж ярьцгаана. Буузны гол материал яах аргагүй гурил мөн. Иймд гурилын үнэ, нийлүүлэлт ямар байгааг сурвалжлахаар “Нарантуул” ОУХТ болон Баянзүрх захаар орлоо.

Сануулахад, өнгөрсөн 2024 оны тавдугаар сарын 1-нээс гурилын үнийг тогтворжуулж, өрсөлдөөнийг бий болгох үүднээс импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Гэвч энэ нь өнгөрсөн хугацаанд төдийлөн үр дүнд хүрээгүй талаар хөндөгдөх болов.

Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Гурил, тэжээлийн импортын татварыг сүр дуулиантай ТЭГЛЭСЭН. Үр дүнд нь тариалалт, үйлдвэрлэлтээ 20 хувиар УНАГАЛАА. Үнийн БУУРАЛТ чинь хүссэн хэмжээнд очсонгүй. Үүнд ямар шийдэл байна" гэх асуултыг тавихад ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн "Импортын татварыг тэглэснээр гурилын үнэ буураагүй. Импортын хэмжээ л нэмэгдсэн" гэх хариу өгч нэг ёсондоо, үр дүн муутай ажил болсныг хүлээн зөвшөөрсөн байдаг.

-Үнэ өсөж, нийлүүлэлт ХОВОРДОВ-

legacy:20254.png

“Нарантуул” ОУХТ-өөр ороход, эхний худалдаа эрхлэгч “Худалдан авалт муу байна. Мөн дээд гурил хомстолд орчихсон, үйлдвэрээсээ ирэхгүй байгаа. Ченжүүдийн гараар орсон юм уу, хаашаа юм. Хэтэрхий үнэтэй гурил ирээд байгаа болохоор хүмүүс худалдан авах нь муудсан. Үнэ 20-30 хувиар өссөн” гэв.

Харин дараагийн худалдаа эрхлэгч “Худалдан авалт гайгүй байгаа ч гурилын нийлүүлэлт ховор байна. Бидэнд голдуу шагийн үнээр ирж байгаа. Жишээлбэл, “Хурх”-ын гурил заавал янз бүрийн юм дагуулж үнэтэй өгөөд байна. Алтан тариа болон Дорнодын гурил харьцангуй элбэг бий. Хурх, Улаанбаатар гурил ховордсон.

Улаанбаатар дээд гурил 10 кг нь 30 мянган төгрөгөөр ирдэг. Бид ачаа тээврийн хөлсөө нэмээд 35 мянгаар борлуулж байгаа. 25 кг-ынх нь 80-85 мянган төгрөгийн үнэтэй. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал иргэд ядруухан л байна даа. Мөнгөний ханш унаад юмны үнэ тэнгэрт хадчихсан, ард түмний амьдрал хэцүү л байх шиг байна” гэлээ.

Харин импортын гурилын татварыг тэглэсэнтэй холбоотойгоор “Импортын гурилнууд ховор л байна шүү дээ. Татвар тэглэнэ гэхээр чинь гурилын үнэ хямд байна л гэсэн үг биз дээ. Гэтэл үр дүн нь муу байна” гэсэн юм.

Нарантуул захаар ороход хөл хөдөлгөөн багатай учраас ганц хоёр хүн явах төдийд худалдагч нар “Гурил, будаа байна шүү” гэж хүнээ дуудах аж. Бид үргэлжлүүлэн Баянзүрх захаар ороход, хүний хөл хөдөлгөөн харилцан адилгүй байлаа.

-Импортын гурил ирсэн ч хүн авдаггүй-

legacy:guril uildver/2025-2.png

Зарим худалдагч нар мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан бол өөр нэгэн худалдаа эрхлэгч “Худалдан авалт тааруухан байна даа, нээх оволзсон юм алга. Үнэ хэвээрээ байна. Импортын татвар тэглэлээ гээд сүртэй мэдрэгдсэн юм байхгүй шүү дээ. Импортын гурил ирсэн ч хүн авдаггүй. Дотоодын гурилаа л их асууж ирдэг. Учир нь Орос гурилнууд кг-аар биш шуудайгаар ирдэг учраас иргэд мөнгөндөө тааруулж, дотоодын гурилаа авдаг” гэв.

Харин худалдан авагчдын байр суурийг нэгтгэж үзвэл "Гаднаас гурил орж ирлээ гээд үнэ хямдарсан зүйл алга. Харин ч тав, арван цаасаар нэмэгдсэн байна. Импортын гэхээс илүү монгол гурилаа хэрэгцээндээ тааруулаад авчихдаг" гэж байлаа.

-Ж.ЭНХБАЯР: Дотоодын гурилын үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж эхэлсэн-

legacy:enhbayar gishuun/3f7cab2e-b9d9-42f2-acb9-60225642bcb0.jpg

Гаалийн татварыг тэглэснээс хойш гарсан үр нөлөөний талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "Импортын гурил, улаанбуудай, малын тэжээлийн хэмжээ эрс нэмэгдсэн. 80 мянга гаруй тонн улаанбуудай, 60 мянга гаруй тонн гурил, мөн хэмжээний малын тэжээл орж ирсэн. Үүнтэй холбоотойгоор дотоодын гурилын үйлдвэрлэл, газар тариалангийн салбарт доголдол үүссэн.

Нэгэнт импортоор их хэмжээний гурил ороод ирсэн учраас дотоодын гурилын үйлдвэрүүд алдагдалтай ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар гурилын гурван үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд дахиад энэ хэмжээний үйлдвэр зогсох эрсдэлд хүрээд байна" гэж мэдэгдсэн юм.

Улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд сайд Ж.Энхбаяр Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. Дээрх хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхээр байгаа юм.

legacy:guril uildver/06.jpg legacy:2025/10/556.jpg legacy:guril uildver/2025-5.png
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 жил өмнө

    Номинд Царь гээд орос гоё гурил байгаа

  • З
    Зочин1 жил өмнө

    Аль хямдыг нь л ав. Эсвэл огт авахаа байчих. Одоо хэрэглэгчид та нар тэмцэх болсон. Бүх гурилын үйлдвэр паипууртал нь бүтээгдэхүүнийг нь битгий ав. Гурилын үнээ үндэслэлгүй хуйвалдаж дуртай цагтаа нэмж болдоггүй юм бна гэдгийг ойлготол битгий худалж ав. Битгий гомдол. Зүгээр л тэвч