Энэ амралтын өдрүүдэд болох “Хүрээ цам-Даншиг наадам 2025” руу нийтийн тээврийн 10 автобус үнэ төлбөргүй ҮЙЛЧИЛНЭ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болно. Энэ үеэр 07:00-23:00 цагийн хооронд хоёр чиглэлд нийтийн тээврийн 10 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тодруулбал, Хүй7:1 “Төв цэнгэлдэх - Яармаг - Хүй 7 худаг”, Хүй7:2 “МУБИС - Хүй 7 худаг" гэсэн хоёр чиглэлд автобус үйлчилнэ. Даншиг наадмын талаар НЗДТГ-аас болон зохион байгуулагч холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Нийслэлийн Аялал, жуулчлалын газрын дарга Д.Батсүх “1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залах үеэс Даншиг наадмыг зохиож ирсэн. Иймд, Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой тус наадмыг жуулчдыг татах зорилготой зохион байгуулдаг. Энэ жилээс эхлэн нийслэлийн өдөр болон Даншиг наадмыг нэгтгэж, нийслэлийн иргэдийн баяр “Хүрээ цам-Даншиг наадам” нэрийн дор жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдээр зохион байгуулна” гэлээ.
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Жил бүр зохион байгуулагддаг “Хүрээ цам - Даншиг наадам”-д зориулж Гандантэгчэнлин хийдээс хүрээ цам гаргадаг. Жахар цамыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн гурван хоног хийдэд хурах бөгөөд үргэлжлүүлэн 28-ны өдрөөс Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна. Мөн уламжлалт шашин соёлыг сурталчлах зорилгоор 21 аймаг, есөн дүүргийн лам нарын дунд ном хаялцах зэрэг тэмцээнийг хийнэ” гэлээ.
“Хүрээ цам-Даншиг наадам 2025” үеэр дараах үйл ажиллагааг зохион байгуулна.
256 бөхийн барилдаан
Хурдан морины уралдаан
Жороо морины уралдаан
Үндэсний сур харвааны тэмцээн
Үндэсний шагайн харвааны тэмцээн
Морьт харвааны тэмцээн
Морьтны үзүүлбэр
Цам харайх ёслол
Сээр цохих тэмцээн
Есөн дүүргийн Ардын авьяастнуудын шилмэл тоглолт
Монгол туургатны уран бүтээлчдийн тоглолт
Иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам” урлагийн тоглолт
Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн,
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн
Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга
Их эзэн Чингис хааны тахилга
Балин, тосон урлалын тэмцээн
Унзад, голч лам нарын тэмцээн
Номын мэтгэлцээний тэмцээн



