СУРВАЛЖИЛГА: “Намрын ногоон өдрүүд“ үзэсгэлэн хөл хөдөлгөөн ихтэй ч зарим бүтээгдэхүүн хэт үнэтэй байгаад иргэд “ам муутай“ байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 3 мин 8 сек
60
legacy:2025/09/namriinnogoonudruud/lhj.jpg

Намрын улирлыг үдэж буй гэлтэй сүүлийн бороо шаагин орсон энэхүү долоо хоногийн Даваа гарагт “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа эхэлжээ. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь нийслэлийн хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилгоор зохион байгуулагддаг арга хэмжээ юм. Тэгвэл энэ жилийн “Намрын ногоон өдрүүд”-ээс сурвалжилгаа бэлтгэлээ.

Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж буй газарт ирэхэд зарим худалдаа эрхлэгчид борооны улмаас ногоогоо цааш хурааж асраа түр хаасан байдалтай байв. Удалгүй бороо ч намжиж, хөл хөдөлгөөн зэрэгцэн нэмэгдэв. Ийнхүү худалдаа эрхлэгчдийн ажил дөнгөж эхэлж байгааг илтгэх шиг төв цэнгэлдэх хүрээлэнг дайран өнгөрөх иргэд бүтээгдэхүүний үнийг тодруулан асууж худалдан авалтаа хийх ажээ.

-21 аймгийн ЖДҮ эрхлэгчид иргэдийн хэрэгцээт барааг нэг дор дэлгэжээ-

legacy:2025/09/a1/namriinnogoonudruud/jkjk.jpg

Ажихад, “Намрын ногоон өдрүүд”-д бүх төрлийн бүтээгдэхүүн цөм бүрэн аж. Энд хүнсний ногоо, эмийн ургамал, цагаан идээ, хувцас, хэрэгслээс эхлүүлээд үндэсний үйлдвэрлэгч нарын ур дүй шингэсэн гоо сайхан, бэлэг дурсгалийг ч олноор дэлгэжээ. Тодруулбал, эл үзэсгэлэнд 21 аймгаас шалгарсан брэнд бүтээгдэхүүнүүдийг дэлгэснээс гадна үндэсний үйлдвэрлэгч компаниуд болон жижиг, дунд бизнес эрхлэгчид ирж шинэ, содон бүтээгдэхүүнээ нийслэлчүүдэд борлуулахаар бэлтгэсэн байсан юм. Тиймдээ ч жил ирэх тусам тус үзэсгэлэнг зорьж, худалдан авалт хийх иргэд нэмэгдсээр байгаа гэнэ.

legacy:2025/09/a1/namriinnogoonudruud/jkffhjh.jpg

Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнд өөрийн тарьж ургуулсан бүтээгдэхүүнээр оролцож буй Сэлэнгэ аймгийн худалдаа эрхлэгч Ө.Сэлэнгэ үнийн мэдээллийг дараах байдлаар танилцуулсан юм. Тодруулбал, хүнсний ногооны үнэ ханшийг кг-аар тооцвол:

Улаан лооль-8000 төгрөг (Том)

Улаан лооль-15000 төгрөг (Жижиг)

Чинжүү-12000 төгрөг

Төмс-2500 төгрөг

Юуцай-10000 төгрөг

Цэцэгт байцаа-8000 төгрөг

Ногоон сонгино-3000 төгрөг (багцаараа)

Манжин-4000 төгрөгийн ханштай байлаа.

"Үзэсгэлэнд борлуулж байгаа хүнсний ногооны үнэ энгийн дэлгүүрт худалдаалагдаж байгаагаас ялгаагүй байна"

legacy:2025/09/a1/namriinnogoonudruud/as.jpg

Иргэдийн "Намрын ногоон өдрүүд"-ийг зорьж ирдэг шалтгаан нь олон төрлийн бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авахад тохиромжтой байдагт оршдог. Харин энэ жил хүнсний ногооны үнэ харьцангуй үнэтэй байна гэдгийг иргэд хэлж байв.

Иргэн А.Лхамсүрэн “Яг үнэ ханшийн тухайд бол үнэтэй санагдаж байна. Би өөрөө тэтгэврийн хөгшин. Мөнгөндөө тааруулж л хэдэн ногоо худалдаж авлаа. Баахан асар барьсан байхаар нь сонирхоод ирэхэд үзэсгэлэн худалдаа болж байгааг сая мэдлээ. "Алтан намар" худалдаанд зарж байгаа ногооны үнэтэй ойролцоо үнэтэй санагдлаа” гэв.

Иргэн Б.Сарнай “Бүтээгдэхүүнүүд жаахан үнэтэй байна. Өмнө жилийн ногооны үнээс хэд дахин өссөн нь энэ он гараад л мэдэгдэж эхэлсэн. Үзэсгэлэн худалдаа гээд зорьж ирж байгааг эс тооцвол энгийн дэлгүүрээс худалдаж авч байгаа үнийн дүнтэй адилхан санагдлаа. Бага хэмжээгээр л худалдаж авахад болохоор байна” гэлээ.

-Орон нутагтаа европ технологоор хийж эхэлсэн бяслагаа 55-60 мянган төгрөгөөр худалдаалж байна-

legacy:2025/09/a1/namriinnogoonudruud/iakhe.jpg

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор талбайд байрлах асруудаас Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын худалдаа эрхлэгчийн асар олны хөл ихтэй, бужигнаж байв. Тэрхүү асрыг сонирхож үзэхэд өөрсдийн шинээр худалдаанд гаргаад буй хоёр төрлийн бяслагийг хийдэг үйл явцыг иргэдэд сонирхуулж, амталгаат худалдаа явуулж байлаа. Тухайн бүтээгдэхүүний талаар худалдаа эрхлэгч Т.Хонгорзул “Хоёр сарын өмнөөс аймагтаа европ технологоор хийж эхэлсэн. Манайх урсах чадвар маш сайтай. Бид нар одоогоор бэлтгэлгүй ирчихсэн. Уг нь пицца хийж амтлуулвал чанар нь бүр ч сайн гэдгийг харуулах боломжтой байсан. Саяхан аймгийн үзэсгэлэн дээр тийм байдлаар амтлуулсан юм” гэв. Харин худалдаалж буй бяслагийн хувьд,

Cheddar cheese-55000 төгрөг

Gouda cheese-60000 төгрөгийн ханштай байлаа.

Эл асарт шинэхэн бяслагийг сонирхох иргэн Р.Цэгмид “Өмнө харж байгаагүй бяслагнууд байхаар нь сонирхож байна. Амталж үзэхэд тийм ч хурц амтгүй санагдсан. Харин худалдаж авахад бол харьцангуй үнэтэй санагдаж байна. Дэлгүүрт байдаг бяслагтай ойролцоо үнэтэй юм уу гэж харсан. Гэртээ очоод бяслагаа ашиглаж үзээд хэр сайн урсдаг гэдгийг мэднэ дээ. Монголын үйлдвэрлэлээ дэмжээд худалдан авалт хийлээ” гэсэн юм.

Ташрамд дурдахад, энэхүү үзэсгэлэн худалдаа нь энэ сарын 22-ны өдрөөс 28-ныг хүртэл үргэлжилнэ.

Ц.Анужин

legacy:2025/09/a1/namriinnogoonudruud/etrhsrg.jpg legacy:2025/09/a1/namriinnogoonudruud/hl.jpg legacy:2025/09/a1/namriinnogoonudruud/jhhgj.jpg legacy:2025/09/a1/namriinnogoonudruud/mjhm.jpg legacy:2025/09/a1/namriinnogoonudruud/ulhh.jpg legacy:2025/09/a1/namriinnogoonudruud/jkjk.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    xunsnii nogoonuud olon jil xyamdxan zaragdaj baigaad xudaldan avagch irged zarim ni unegui shaxuu avax gej dairaad baina. gaduur bux umnii une 2-3-daxin nemegdsen baixad xunsnii nogoonuudiin une busadtaigaa adilxan 2-3-daxin nemegdex ni zow gej bodoj baina. tarialanchid jil bolgon zowj zutgej zardal ixtei baij urguuldagiig oilgooroi.

  • З
    Зочин

    Ногоо, цагаан идээ үнэтэй байна лээ. Харин Сүү Хувьцаат компанийн тараг, сүүнүүд дэлгүүрийн үнээс хамаагүй хямд бөгөөд шинэхнээрээ байсан шүү. Сүү ХК-ныханд баярлалаа. Сүү ХК- д баярлалаа гэж хэлье.

  • З
    Зочин

    Монголд үйлдвэрлсэнгэхээрл маш үнэтэй зүгээрл шуналуууд төмс и март номинд 1800 к дэлгүүрт хөдөөниии нэртэй ченжүүд

  • З
    Зочин

    Ногоо үнэтэй байна иргэддээ бодлого буруу зөвхөн мөнгө хөөсөн үнэ бгахд

  • З
    Зочин

    Их үнэтэй байна лээ, дэлгүүр, зах, худалдааны төвүүдээс авсан нь хамаагүй хямд

  • У
    Улаанхүү

    Шинэ ногоо хямд үнэ шал худлаа зүгээр гантай байсан нэрээр үнийн 3-аас 4дахин нэмсэн газар байна чинжүү 1