“Туулын хурдны зам“ төслийн урьдчилгаа 500 тэрбумд монгол талаас баталгаа гаргаж оролцсон Мөнхдаатгал ХХК-ийн нийт хөрөнгө 28 ТЭРБУМ ТӨГРӨГ

Хоосон
YanjindulamУнших: 6 мин 49 сек
00
legacy:2026/04/5555.jpg

Нийслэл дээрх "халуухан хавар"-ыг өдөөсөн төсөл нь Туулын хурдны замын бүтээн байгуулалт байлаа. Хотын дарга Х.Нямбаатар тэргүүтэй хотын удирдлагуудын амиараа шахуу хамгаалж байсан эл төслийг өнөөдөр улстөрчид төдийгүй нийгмээрээ, нийтээрээ шүүлтэд оруулж байна.

Угтаа төсөл юу болов гэдгийг товчхон энд дурдъя. 2.3 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий эл төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг өнгөрөгч 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зарласан байдаг. Тус тендерт дөрвөн аж ахуй нэгж байгууллага тендерийн материалаа ирүүлсэн бөгөөд China Hyway group limited компани шалгарч гэрээ байгуулах эрх олгогдсон. Гэвч хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн тус төслийн төсөвт өртөг болоод байгаль орчны үнэлгээ, нөлөөлөлтэй холбоотой асуудлууд хөндөгдөж эхэлсэн ба улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төслийг түр хугацаанд зогсоосон. Гэсэн хэдий ч 14 хоногийн дараа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсан тул эхлүүлэх зөвшөөрлийг нь өгсөн юм. Үүнээс хойш тав хоногийн дараа ЗГ-ын хуралдаанаар төслийг дахин зогсоож буйгаа мэдэгдсэнээр нийслэл дээрх төдийгүй МАН доторх улс төрийн жинхэнэ "эхлэл" тавигдав.

Харин одоо гол асуудалдаа оръё.

Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс "Зогсоолоо" гэх хариу авсан Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч хэдийнэ шалгарсан төдийгүй бэлтгэл ажилдаа ороод байсан. Энэ утгаараа өнгөрсөн хугацаанд хэчнээн төгрөг шилжүүлэв гэдэг асуудал урган гарав. Ингэхэд одоогоор урьдчилгаанд 620 орчим тэрбум төгрөгийг төлөөд байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Харин үүний 500 орчим тэрбум төгрөгийг даатгалын бичгээр өгсөн гэдгийг зарим улстөрчид хөндсөн. Харин үүнийг Хотын дарга Х.Нямбаатар үгүйсгээгүй бөгөөд үүнийгээ олон улсын FIDIC SILVER BOOK зарчмаар хийсэн гэдгээ мэдэгдсэн юм. Харин юу гэж?

-Х.НЯМБААТАР:Бид шахаж байгаад 500 тэрбумыг өгсөн. Бид өгсөн өдөр болгоноороо юанийн эрсдлээ бууруулна гэсэн үг-

legacy:ganhuyag irgenii zorig nogoon nam/fuvyf.jpg

Хотын дарга Х.Нямбаатарын зүгээс тус 500 тэрбум төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаараа "Туулын хурдны замын 500 тэрбум төгрөгийг яачихсан юм бэ гээд бүх хүнд оньсого шиг санагдаж байх шиг байна. Алга болчихсон юм уу гэх мэтээр. Бид өгсөн. Тендер шалгарсны дараагаар гэрээ хийдэг. Гэрээ хийнгүүт гэрээлсэн компани банкны баталгаа юм уу олон улсын давхар даатгалаар "Бид урьдчилгаа төлбөр авья" гээд өгдөг байхгүй юу. Бид нар энэ хүртэл ажил хийхийн тулд танайхаас мөнгө авья. Ингэхдээ шууд өгөхгүйгээр банкны баталгаагаа байршуул гэсэн. Яг энэ зарчмаар 500 тэрбум төгрөгийг бид шахаж байгаад өгсөн юм.

Олон улсын FIDIC SILVER BOOK-р бид гэрээ хийсэн. Түүнд хоёр эрсдэл байдаг. Нэг нь бараа материалын үнэ өсөх эрсдэл. Нөгөөх нь ханшийн эрсдэл. Үүнийг хоёр тал ээлжилж авдаг юм. Манай тал юанийн ханш өсвөл өөрсдөө эрсдлээ үүрье гэсэн. Шатахуун, битум, цементийн үнэ өссөн ч түүний эрдслийг та нар өөрсдөө хүлээ гээд айлын талд тэр эрсдлийг нь үүрүүлсэн. Нөгөө тал үүргээ биелүүлээгүй нөхцөлд олон улсын даатгал өгөх учраас би энэ жил ажил явдаг юм бол дахиад ч мөнгө өгнө. Баталгааг нь ярина шүү дээ. Яагаад гэвэл бид өгсөн өдөр болгоноороо юанийн эрсдлээ бууруулж байгаа байхгүй юу.

Хоёрдугаарт, 500 тэрбум яасан юм гэнэ. Тэр байгууллагын дансанд орсон. Тухайн байгууллага энд өөрийн гэсэн шинэ компани байгуулдаг байхгүй юу. Толгой компанийнхаа салбар компанийг Монголд улсын бүртгэлд байгуулаад тэрнийхээ дансаар баталгаа байршуулаад авч байгаа юм. Авсан мөнгөөрөө бүх кемпүүдээ байгуулаад, тоног төхөөрөмжүүдээ татаад, карьераа олборлоход бэлэн болоод зураг нь дуусаад, өрөмдлөг зэргээ хийж байтал ирээд зогсоочихсон. Үлдсэн мөнгө нь бодвол дансанд нь байдаг байлгүй дээ. Би ХЗДХ-ийн сайд байсан хүний хувьд, мөнгө угаах терроризмтэй тэмцэх үндэсний зөвлөлийг ахалж байсан хүний хувьд, энэ байгууллагуудад тайлан өгч байсан хүний хувьд санхүүгийн гэмт хэргийг хэрхэн яаж мөрдөн мөшгидөг талаар гадарладаг хүний хувьд энд орсон мөнгийг хаашаа, хаашаа гарсныг бүгдийг программ гаргаж ирдэг юм. Үүнийг АТГ бушуу түргэн шалгаад олон нийтэд танилцуулах ёстой. Мөн хурдан гүйцэтгэлийг нь гаргаад бид мөнгө өгөх ёстой. Ингэвэл 2027 онд бид нар зөвхөн 2027 онд төлөх 1 их наяд дээрээ ханшийн эрсдэл хүлээнэ. Одоогоор бид ханшийн эрсдэл хүлээхгүй" гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, ийнхүү 500 тэрбум төгрөгийг урьдчилгаанд шилжүүлэхдээ даатгалтай байснаар бид өөрсдийн талд хүлээсэн ханшийн эрсдлээ бууруулж чадна гэж тэрбээр үзсэн гэв. Тэгвэл монгол талаас даатгалын компаниар оролцсон компани нь Мөнхдаатгал ХХК аж. Гэвч бодит байдал дээр монголын даатгалын компаниудад энэ хэмжээний "боломж" байхгүй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг онцолсон байдаг.

-Х.ГАНХУЯГ: Монголын аль ч даатгалын компани 500 тэрбум төгрөгийн даатгал хийх БОЛОМЖГҮЙ-

legacy:ganhuyag irgenii zorig nogoon nam/pejgugg.jpg

УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн зүгээс даатгалтай холбоотой асуудалд өөрийн байр суурийг илэрхийлэхдээ "Туулын хурдны зам байх ёстой юу, хаагуур байх ёстой юм" гэдэгт эрдэмтдээр мэдээллийг нь өгүүлэх хэрэгтэй. Банкны баталгаатай, баталгаагүй, даатгалын бичгээр урьдчилгаа шилжүүлсэн асуудал гарч ирж байна лээ. Монголын аль ч даатгалын компанид 500 тэрбум төгрөгийн үнэ бүхий даатгалыг хийх боломж байхгүй. Яагаад гээвл өөрсдийнх нь хөрөнгө түүнд хүрэхгүй. Тиймээс энэ асуудалд цэг тавихын тулд хотын захиргаа ч тэр, шинжээчдийг байлгаж байгаад иргэдэд мэдээллийг өгөх нь чухал" гэв.

Тэгвэл баталгаа гаргасан гэх Мөнхдаатгал ХХК нь хэр хөрөнгөтэй компани вэ гэдгийг сонирхъё. Тухайн компанийн сүүлийн жилүүдийн санхүүгийн тайланг харахад, нийт хөрөнгө нь жилдээ тогтмол 20 гаруй тэрбумаар хэмжигдэж байжээ.

-Мөнхдаатгал нь зөвхөн даатгалын харилцааны журмаар энэ гэрээнд оролцож буй тул хэдий хэр хэмжээний хөрөнгөтэй байх нь үүнд хамааралгүй-

Тэгвэл урьдчилгаа 500 тэрбумд баталгаа гаргасан гэх Мөнхдаатгалын хөрөнгө хэр чухал гэдэг талаар нийслэлээс тодруулахад "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42.3.1 болон Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 278 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-ын дагуу даатгалын баталгаагаар урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн. Товчхондоо ямар нэг зөрчил байхгүй. Мөн гэрээг FIDIC SILVER BOOK зарчмаар хийсэн тул манай талаас тодорхой ханшийн эрсдлийг үүрэх үүргийг хүлээж байгаа. Харин гүйцэтгэгч тал бараа, материалын үнийн өсөлтийн эрсдэлийг бүрэн хариуцна. Хэрэв хятад талаас ажил гүйцэтгэхтэй холбоотой ямар нэгэн алдаа дутагдал гаргавал гэрээ байгуулах үед манай талаас оролцсон даатгалын компани түүнийг нь нэхэмжилж төлүүлнэ гэсэн үг. Энэ утгаараа “Мөнхдаатгал” ХХК нь зөвхөн даатгалын харилцааны журмаар энэ гэрээнд оролцож байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн компани хэдий хэр хэмжээний хөрөнгөтэй байх нь үүнд хамаарахгүй.

Харин манай талаас асуудал үүссэн нөхцөлд эхлээд дотооддоо шүүхэд хандаж буруутай этгээдээр тухайн алдангийг тооцуулж төлүүлэх юм. Учир нь гүйцэтгэгч тал ажил зогсоосон сул зогсолтын төлбөр нэхэмжлэх заалттай. Тухайн замын зорчих хэсгийг 2027 оны долдугаар сард нээх заалт гэрээнд бий. Хэрэв гүйцэтгэгч тал хугацаандаа ашиглалтад оруулж чадахгүйд хүрч хугацаа хэтэрсэн алданги нэхэмжилвэл энэ процесс үүсэх юм" гэлээ.

-СОНИРХЪЁ: 500 ТЭРБУМЫН УРЬДЧИЛГААНД БАТАЛГАА ГАРГАСАН ГЭХ МӨНХДААТГАЛ ХХК НЬ 28 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨТЭЙ-

Мөнхдаатгал ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар НИЙТ ХӨРӨНГӨ нь 28 тэрбум 383 сая 138 мянган төгрөгөөр тогтоогдсон талаар санхүүгийн тайланд нь дурдагджээ.

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө - 2.7 тэрбум төгрөг

Хадгаламж, хадгаламжийн сертификат - 12.8 тэрбум төгрөг

Үнэт цаас /цэвэр/ - 113 сая төгрөг

Дансны ба бусад авлага - 2.2 тэрбум төгрөг

Бусад санхүүгийн бус хөрөнгө - 155 сая төгрөг

Хойшлогдсон давхар даатгалын хураамж - 1.4 тэрбум төгрөг

Нөхөн төлбөрийн нөөцийн сангийн давхар даатгагчид ногдох хэсэг - 335 сая төгрөг

Даатгалын орлогын хойшлогдсон шимтгэлийн зардал - 1.8 тэрбум төгрөг

Үндсэн хөрөнгө Цэвэр - 6.1 тэрбум төгрөг

Биет бус хөрөнгө Цэвэр - 27 сая төгрөг

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө - 500 сая төгрөг

Баталгааны даатгал тэр дундаа урьдчилгаа төлбөрийн баталгаа үзүүлдэг байна. Ингэхдээ баталгааны үнэлгээг үндсэн гэрээнд заагдсан урьдчилгаа төлбөрийн дүнгээр тогтоохоор заажээ. Харин шимтгэлийн тухайд, гүйцэтгэх ажлын төрөл, төсвийн дүн, баталгааны хугацаанаас хамаарах аж.

-ЭЗЭМШИЛ: 2006 онд байгуулагдсан "Мөнхдаатгал"-ын Гүйцэтгэх захирлаар М.Жалавдорж, ТУЗ-ийн даргаар Т.Оюунгэрэл бүртгэлтэй-

Харин одоо тус компанийн эзэмшлийг сонирхъё.

Тус компанийн гүйцэтгэх захирлаар М.Жалавдорж ажилладаг бөгөөд УБЕГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлд эзэмшил нь дараах байдлаар харагдаж байна. Тодруулбал, одоогоор 7 хувьцаа эзэмшигчтэй компани бөгөөд бүгд 2025 оны тавдугаар сарын 28-наас эхлэн бүртгэлтэй болсон байх аж. "Мөнх даатгал" ХХК нь 2006 онд байгуулагдсан компани юм.

legacy:bayar nith/bfyhrtt.jpg

ТУЗ-ийн даргаар Т.Оюунгэрэл, Гүйцэтгэх захирлаар дээр дурдсанчлан Мухлаашийн Жалавдорж бүртгэлтэй байна.

legacy:bayar nith/zuraga.jpg

М.Жалавдорж