БНХАУ-ын ЗГ бакалаврын 39, магистр, докторын 19 оюутанд шинээр тэтгэлэг олгоно

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 6 мин 59 сек
00
images (15).webp

БНХАУ-ын Засгийн газраас 2027-2028 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт 39, магистр, доктор болон мэргэжил дээшлүүлэгч оюутан 19 элсэгчид шинээр тэтгэлэг олгоно.

Тус хөтөлбөрийн ангилал: A ангилал (A类), хүлээн авах байгууллагын код: 4961. Иргэд цахим системд бүртгүүлэхдээ эдгээр мэдээллийг заавал зөв сонгох шаардлагатай.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

1. Монгол Улсын иргэн байх, бие сэтгэцийн хувьд эрүүл байх;

2. Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээтэй, сурлагын дүн сайтай, 25 хүртэлх настай байх; Бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт” (CSCA) шалгалтыг заавал өгнө. Тус шалгалтын танилцуулга болон бүртгүүлэх зааврыг www.csca.cn хаягаар орж үзнэ үү.

3. Магистрын зэрэгт суралцах бол бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, сурлагын дүн сайтай, 35 хүртэлх настай байх;

4. Докторын зэргээр суралцах оюутан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй, сурлагын дүн сайтай, 40 хүртэлх настай байх;

5. Богино хугацааны сургалт, судалгааны ерөнхий хөтөлбөрт хамрагдагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 45 хүртэлх настай байх;

6. Богино хугацааны сургалт, судалгааны ахисан түвшний хөтөлбөрт хамрагдагч нь элсэх үедээ магистр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл дэд профессор болон түүнээс дээш цолтой, 50 хүртэлх настай байх;

7. Суралцах мэргэжлийн хичээл нь хятад хэл дээр байх магистр, докторын оюутан нь хятад хэлний түвшин тогтоох шалгалтын HSK-4, богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч HSK-3 түвшинтэй байх; Өмнө нь хятад хэлээр боловсрол эзэмшсэн, Хятадын их дээд сургуулийн диплом авсан бол холбогдох нотолгоог өгөх шаардлагагүй.

8. Хүсэлт гаргагч нь суралцахыг хүссэн Хятадын их дээд сургуулийнхаа талаар нарийвчлан судалж, сургуулиа сонгон, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв бөглөх ёстой. Хүсэлт гаргагч нь өөрийн сонгосон сургуулийн элсэлт хариуцсан хэлтэстэй холбогдон элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг авна. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийн аль нэгний элсэлтийн урилга эсвэл элсүүлэх хүсэлтэй байгааг гэрчлэх баримт бичгийг өгөх ёстой. (Тухайлбал, элсэлтийн урьдчилсан урилга, удирдагч багшийн хүлээн зөвшөөрсөн баримт гэх мэт)

9. Хүсэлт гаргагч нь сонгосон сургуулийнхаа академик мэдлэг, хэлний түвшин болон бусад холбогдох элсэлтийн шаардлагуудыг нэгэн зэрэг хангасан байх ёстой.

10. Сонгосон сургуульдаа тэнцээгүй хүсэлт гаргагчийг өөр сургуульд шилжүүлэн элсүүлэхгүй.

11. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцагч нь Хятадын бүх шатны Засгийн газар болон элсүүлэн авсан сургуулиас олгодог бусад тэтгэлгийг давхар эдлэхгүй. Үүнд (нэг удаагийн шинжтэй шагналт тэтгэлэг хамаарахгүй). Хэрэв илэрсэн тохиолдолд Хятадын Засгийн газрын тэтгэлгийн эрхийг хүчингүй болгож, авсан тэтгэлгийг буцаан төлүүлэхээс гадна 3 жилийн хугацаанд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахыг хориглоно.

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА БА МАТЕРИАЛ:

Бүртгэл 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2027 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

Хүсэлт гаргагч нь Хятадын гадаад оюутнуудын цахим хуудас «Study in China» http://www.campuschina.org-д бүртгүүлж, материалаа илгээх шаардлагатай. Үйл ажиллагааны тусгай зааврыг Хавсралт 1-ээс үзнэ үү.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

1. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн маягт (хятад эсвэл англи хэл дээр бөглөнө);

2. Гадаад паспортын эхний нүүр хуудас;

Жич: Гадаад паспортын эхний нүүр хуудасны сканердсан тод хуулбарыг ирүүлнэ. Хэрэв одоогийн паспортын хүчинтэй хугацаа нь 12 сараас бага бол шинээр паспорт захиалж, шинэ паспортаар тэтгэлгийн өргөдлийг бөглөнө. Өөрөөс үл хамаарах шалтгаанаар гадаад паспорт захиалж чадахгүй байгаа хүсэлт гаргагч хүлээн авах байгууллагын зөвшөөрлөөр өөрийн «англи хэлээр нэр, хүйс, иргэншил, төрсөн огноо» зэрэг мэдээллийг агуулсан хүчинтэй үнэмлэх эсвэл баталгааны бичиг баримтыг ирүүлж болно.

3. Боловсролын зэргийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан байх. Хэрвээ хүсэлт гаргагч нь сургуульд сурч буй бол өөрийн сургуулиас олгосон урьдчилж төгсөх гэрчилгээ эсвэл сурч байгааг тодорхойлсон тодорхойлт өгөх ёстой;

4. Дүнгийн хуулбар;

Бүх бичиг баримтыг хятад эсвэл англи хэлээр орчуулан нотариатаар батлуулан эх хувийн хамт хавсаргах.

5. БНХАУ-д бакалаврын зэрэгт хүсэлт гаргагч нь CSCA шалгалтыг өгсөн байна.

6. Хятад хэл дээр суралцах магистр, доктор болон богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч HSK шалгалтын хүчинтэй оноотой байх.

7. Англи хэл дээр суралцах магистр, доктор болон богино хугацааны сургалт, судалгааны хөтөлбөрт хамрагдагч сургуулийн шаардлагын дагуу IELTS эсвэл TOEFL-ийн шалгалтын дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөх.

8. CSCA шалгалтын дүнгийн хуудас. Бакалаврт суралцахаар хүсэлт гаргагч нь бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө CSCA-д бүртгүүлж, хүчинтэй дүнгийн хуудас авсан байх ёстой. Шалгалтын огноо нь 2025 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хойш авагдсан байх ёстой. Тус шалгалтууд 2026 оны 12 дугаар сарын 19-20-ны өдрүүд, 2027 оны 1 дүгээр сарын 23-24-ны өдрүүдэд зохион байгуулагдахыг нхаарна уу. Хүчинтэй дүнгийн хуудсыг системд байршуулна. (Хүсэлт гаргаж буй мэргэжилд

шаардлагатай заавал өгөх шалгалтыг өөрийн хүсэлт гаргаж буй их дээд сургуулиас лавлаж асууна уу.)

9. Урьдчилсан элсэлтийн материал.

Хятад улсад суралцахаар хүсэлт гаргагч нь өргөдөл гаргасан сургуулиас олгогдох элсэлтийн материалыг бүрдүүлж өгнө. Үүнд сургуулийн олон улсын оюутан элсүүлэх хэлтсийн элсэлтийн урьдчилсан батламж, салбар сургууль болон удирдагч багшийн урилга зэрэг орно. Хүсэлт гаргагч нь хамгийн багадаа сонгосон сургуулийнхаа аль нэгнээс элсэлтийн урьдчилсан баримт бичигтэй байх ёстой.

10. Суралцах төлөвлөгөө эсвэл судалгаа хийх төлөвлөгөө.

Бакалаврын зэргийн оюутнууд 200-аас доошгүй, судалгааны хөтөлбөрт хамрагдагчид 500-аас доошгүй, магистр болон докторын оюутнууд 800-аас доошгүй үгтэй суралцах төлөвлөгөөг хятад эсвэл англи хэлээр бичнэ.

11. Магистр, докторын зэрэгт суралцах оюутнууд профессор, дэд профессороос авсан хятад эсвэл англи хэлээр бичсэн хоёр тодорхойлох захидал ирүүлнэ.

12. Ур чадварын бүтээл.

Урлаг, дизайн гэх мэт мэргэжлээр суралцах хүсэлтэй хүмүүс «Бүтээл/бусад туслах материал»-аар дамжуулан ур чадварын бүтээл (бичлэг, зураг, хар зураг гэх мэт) байршуулж болно, эсвэл өргөдөл гаргаж буй сургуулийн шаардлагын дагуу өөр аргаар өгч болно.

13. Хүсэлт гаргагч нь 18 нас хүрээгүй бол Хятад дахь хууль ёсны асран хамгаалагчийн холбогдох хууль ёсны баримт бичгийг бүрдүүлж ирүүлэх.

14. Хятадад 6 сараас дээш хугацаагаар суралцах хүсэлт гаргагч нь:

“Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-ыг бөглөн ирүүлэх. Жич: Эх хувиа өөрт хадгалах ба энэ маягтыг Хятадын Эрүүл мэнд, хорио цээрийн газраас нэгдсэн журмаар хэвлэсэн байдаг бөгөөд англи хэлээр бөглөнө. “Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас”-д заасан шаардлагын дагуу үзлэгт хамрагдах ёстой. “Гадаад иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас” дутуу, тухайн хүний зураг байхгүй, зурган дээр тамга дараагүй, эмч, эмнэлгийн гарын үсэг, тамга тэмдэггүй байвал хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Уг шинжилгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна.

15. Цагдаагийн тодорхойлолт.

Өргөдөл гаргагч нь тухайн орон нутгийн Цагдаагийн газраас олгосон гэмт хэргийн бүртгэлгүй, ял шийтгэлгүй нь үнэн болох тодорхойлолт ирүүлнэ. Хүсэлт гаргахаас өмнөх 6 сарын доторх тодорхойлт байна.

БИЧГИЙН ШАЛГАЛТ, ЯРИЛЦЛАГА:

Бүртгүүлсэн материалуудыг шалгаж дууссаны дараа Элчин сайдын яамнаас цахим шуудангаар хүсэлт гаргагчдад шалгалтын хуваарийг мэдэгдэх болно. Шалгалтын хуваарийн мэдэгдлийг цаг тухайд нь авах үүднээс хүсэлт гаргах үедээ байнгын нээлттэй холбоо барих мэдээллээ бөглөнө үү. Шаардлага хангаагүй материал ирүүлсэн хүмүүсийг шалгалтад оролцуулахгүй болохыг анхаарна уу.

· Шалгалтын огноо: 2027 оны 2 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд, нийт 3 хоногийн турш.

· Шалгалтын байршил: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас цахим шуудангаар тусад нь мэдэгдэнэ.

· Шалгалтын үр дүнгийн мэдэгдэл: 2027 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Элчин сайдын яамнаас цахим шуудангаар мэдэгдэнэ.

ЭЛСЭЛТИЙН ЭЦСИЙН ХАРИУ:

2027 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Элчин сайдын яам бичгийн шалгалт, ярилцлагад тэнцсэн хүсэлт гаргагчдыг БНХАУ-ын Улсын гадаад тэтгэлгийн удирдлагын хороо (CSC)-нд хүргүүлнэ. CSC нь хүсэлт гаргагчдын материалыг тус бүрийн сонгосон их сургуульд нь илгээж, тухайн сургууль эцсийн сонгон шалгаруулалтыг хийнэ.

Элсэлтийн эцсийн үр дүнг CSC-ийн мэдэгдлээр баталгаажуулна. 2027 оны 7-8 дугаар сард CSC элсэлтийн эцсийн мэдэгдлийг гаргах тул хүсэлт гаргагчид бүртгэлийн системээс лавлана уу.

АНХААРАХ ЗҮЙЛС:

· Хятад, англи хэлнээс бусад хэл дээрх өргөдлийн материал заавал англи хэл дээр орчуулан илгээнэ.

· Системд илгээсэн материал нь тод харагдах, үнэн зөв, хүчинтэй байх ёстой. Хүсэлт гаргагч нь шаардлагатай баримт бичгүүдийг сканердахдаа мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглахыг зөвлөж байна. Материал тод бус, эсвэл уншигдах боломжгүйгээс үүдсэн үр дагаврыг хүсэлт гаргагч өөрөө хариуцна.

· БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам ямар нэгэн зуучлагч, хувь хүн, байгууллагад элсэлтийн ажил даалгаагүй болно. Хэрэв хүсэлт гаргагч ийм тохиолдолтой таарвал Элчин сайдын яаманд мэдэгдэх шаардлагатай.

ХАВСРАЛТ

1. Өргөдөл гаргагчийн системд бүртгүүлэх заавар (хятад, англи);

https://1drv.ms/.../IQAWtx7A0U18R4AU14PQk112AZhd5ySDLFVT1...

2. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах өргөдлийн материалын жагсаалт;

https://1drv.ms/.../IQAWtx7A0U18R4AU14PQk112AZhd5ySDLFVT1...

3. CSCA Хятад/Англи хэлний дүнгийн хуудас (оюутны хувилбарын загвар); https://1drv.ms/.../IQBR0kRep239TKt6z1f2yhlLAcjgRmL18KH...

4. Гадаадын иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний хуудас (хятад, англи). https://1drv.ms/.../IQC4CG-l_QiDQ7viUIIE_yC6Adq_szu...