Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунайгаар дамжиж, М.ЭНХБОЛД руу ОЙРТОНО

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 51 секунд
UBN.MN

Жунай ирлээ. Одоо зугаатай юм болно. Зугтах хүртлээ нам харгалзахгүй бүх л улс төрийн хар, хорыг найруулж явсан түүнийг ингээд баригдаад ирнэ гэж хэн санах билээ. Зугтсан хойноо ч Сингапур хавиар улс төрийн хууччуудаа үе үе цуглуулсаар байсан Жунай та нарын өрөвдөөд байгаа шиг эрүү өвдөг нь нийлчихсэн, хүч тамиргүй өвгөн биш. Улс төрийн сайн, муу ухаан нь одоо байгаа хэдийг хэд хэд нугална уу л гэхээс дутна гэж үгүй. Тиймээс баригдаад ирж буй нь Т.Бадамжунайд ашигтай өнцөг харагдсан л гэсэн үг.

Т.Бадамжунайгаар дамжиж, "амилах" гээд байгаа М.Энхболд руу ОРНО

Тэгвэл одоо түүнийг ямар хувь заяа хүлээж буй бол. Юу төсөөлж, ямар төлөвлөгөө зохиочихоод дув дуугүй, яг л хонь шиг чирүүлээд ирэв. Түүний улс төр дахь чих уртаас урт. Энэ чих нь Засгийн газрын кабинетаас Ерөнхийлөгчийн үүд хүртэл сунаж чадах элдэвтэй. Ямар үед хэнтэй нийлэх, хэнийг буланд шахахаа маш гаргуун мэдэрдэг. Хаана ямар эрх ашиг байна? Түүнийг яаж холбож ашиглах, дундаас нь яаж хожоо олох зэргийг түүн шиг бодож гаргадаг улс төрийн найруулагч байгаагүй гэх. Товчхондоо Т.Бадамжунай бол МАН-ын сүүдрийн удирдагчдын нэг гарцаагүй мөн байсан. Одоо цаг үе өөр болсон. Түүнгүйгээр Монголын улс төр багагүй хугацааг туулчихсан. Тэгэхээр түүн дээр хэн очих, эсвэл тэр хэн дээр очиж юу найруулах, найрууллаа гэхэд урьдын адил уурга нь хол сунах эсэх нь сонирхолтой.

Нэн түрүүнд түүнийг баривчилж ирсэний цаана ямар улс төр байгаа вэ гэдгийг бодох нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, жинхэнэ “бай” хэн бэ. Ер нь бол хайгаад байх зүйлгүй. Жунайгаар дамжиж М.Энхболд руу л ойртоно. Улс төрөөс гаргуулаад багагүй хугацааг үдсэн тэр эргэж ирэхээр сүүлийн нэг жил гаруй хөшигний ард эрчимтэй хөдөлж буй. Өнгөрсөн 9 сард сайд нарын томилгооны маргааш гэнэт гарч ирээд “Улс төрд хэзээ эргэж ирэхийг нь цаг хугацаа харуулна” гэж хэлчихээд нуувчиндаа орчихсон. Саяхан цагаан сарын дараа намын томчуудын золголтын үеэр улс төрд эргэн орох санаагаа мань эр илэрхийлсэн гэж дуулсан. “Ирэх сонгуульд Төв аймгаасаа ах нь нэр дэвшинэ ээ, нам нэр дэвшүүлэхгүй бол бие даагаад дэвшчихнэ” хэмээн ярьсан тухай МАН-ын томчууд шивэр авир хийцгээсэн. Тоглоом, шоглоом хоёрын дундуур хэлсэн энэ үг цаанаа учиртай байж. Хотын даргаас огцорсон Су.Батболд нь хүртэл ТАЗ-ийн дарга болохоор ЗГХЭГ-ын даргын үүд хавиар эргэлдэж, тохироонд хүрсэн ч улс төрийн нөлөөнд орж томилгоо нь унтарсан.

Энэ цагийн МАН-ын байтугай Монголын улс төрийг найруулж буй эрхэм хэнтэй хоршиж цаашаа явахаа удаан тунгаасны эцэст М.Энхболдын хотын фракцийг түшээд буй гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд далд түвшинд яригдаад эхэлсэн. Улмаар хотын фракцийн сэргэлт намын болон төрийн албаны дунд шатнаас өндийж, томилгоонууд нь аажмаар хийгдэж буй дүр зураг тодоор ажиглагдаж эхлэв.

Тиймээс л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хуулийн сайд Х.Нямбаатар нар Т.Бадамжунайг бариад М.Энхболд руу чиглэх улс төрийн акцаа ирээдүйд эхлүүлэх шинжтэй болоод ирлээ хэмээн таамаглаж буй. Жунайгийн хэрэгт М.Энхболдын нэр орооцолдохгүй байна гэж байхгүй. Ерөнхий сайд оны дараахан чуулганы индэр дээрээс газрын асуудал, хотын газрын наймааг гаргаж “дэлбэлнэ” гэсэн нь ч цаанаа ийм учиртай байж. Одоо М.Энхболд алалцаад улс төр рүү орох уу, бодлоо хаяад бие амар суух уу гэдэг сонголтын өмнө тулгарах нь. Цаашлаад “Хотын фракц”-ийг тулж түшээд, бага багаар амь оруулаад байгаа эрхэм хүртэл жолоогоо татах уу, алалцаад дуусах уу гэдэг сонголтын өмнө очно. Ийм л учраас улс төр бол ухааны уралдаан юм. Ингээд нийтлэлийнхээ төгсгөлд Т.Бадамжунайгийн өнгөрсөн цаг үед Монголын улс төрд хэрхэн халигаж цалгиж явсан талаарх түүхийг товчийн товчоор өгүүлээд дуусгая.

Түүний цалгиж явсан үеийнх нь түүх...

Жунай бол цагтаа жинхэнэ цалгиж явсан эр. М.Энхболд, Н.Энхбаяр хоёрын хоршилын гол санхүүч, холбон тоглогчоор ажилласан. Яваандаа Н.Энхбаяраагаа буланд шахаж, намаас гаргах сценарыг бичиж, МАН-ын тайзнаа тоглуулсан. 2012 онд улс төрийн эрх мэдлээ алдсан М.Энхболдыг эргүүлэн 2012 онд МАН ялагдсаны дараа М.Энхболдыг эргэн тайзанд гаргаж, Ж.Мөнхбатыг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилуулсан зохиолын эзэн мөнөөх л Т.Бадамжунай. Энэ үйл явдлын талаар тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өрсөлдөж ялагдсан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нэгэнтээ “Манай улсын авлигын загалмайлсан эцэг бол Т.Бадамжунай тэргүүтэн. Т.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авлигачид жаргаж, олон түмэн айдас, доромжлол амссаар байх болно” гэж жиргэж байлаа. Ингэж жиргэснийхээ төлөө Ж.Сүхбаатар МАН-д хорогдох булангүй болтолоо шахуулж МАХН-д элсэж явсан түүх ч саяхных.

2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч Ч.Сайханбилэг МАН-тай нэг зуны хурим хийсэн. Энэ танхимд багтсан 6 сайд түүгээр визээ даруулж байсан гэдэг юм билээ. 2016 онд МАН ялалт байгуулж М.Энхболд УИХ-ын дарга болсноор Ерөнхий сайдын марафонд Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, С.Бямбацогт гурав уралдсан түүхтэй. Хаана хүрч түрүүлэхээ мэдэхгүй болсон үеийн гурван залуу Т.Бадамжунай дээр очиж хайнаагаа хагалуулснаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилуулж үлдсэн хоёр нь гар бариад гарсан гэж ойрын хүрээнийхэн нь ярьдаг. Улмаар МАН-ын боловсон хүчнийг томилгоонд хамгийн гүн гүнзгий оролцсон. Энэ тухай Ц.Нямдорж “Бид энд намын бага хурал, мурал хийж бөөн юм яриад байдаг. Гэтэл хажуугийн буудалд Т.Бадамжунай гэдэг хүн бүхнийг зуураад, томилгоо хийгээд байна” гэж ярьсан гэдэг. Түүний уургийн үзүүр ямар урт болохыг энэ мэт явдлууд тайлбаргүй нотолдог. Товчхондоо тэр МАН-ын сүүдрийн удирдагчдын нэг байлаа. Харин сайнаасаа муу нэр нь ямагт түрүүлж дуулдаж явдаг эр байв

Монголын ноолуурын салбарынхан Италийн дэвшилтэт технологитой танилцах айлчлал хийлээ
Монголын ноолуурын салбарынхан Италийн дэвшилтэт технологитой танилцах айлчлал хийлээ
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.