Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Охин минь сэтгэлээр унаж уйлаад орон нутаг дахь бүх тоглолтуудаа цуцлаад, Улаанбаатар руу буцах гэж байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
7 минут 34 секунд

Дуучин В.Баттулга өөрийн охин Б.Дуулимтай хамтран дуулж, уран бүтээлүүдээрээ үзэгчдэд бэлэг бариад чамгүй хугацаа өнгөрч байна. Тэр ч утгаараа дуучид маань хөдөө, орон нутгуудаар аялан тоглолт хийж байгаа ба ирэх 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр "UB palace"-д тоглолтоо хийхээр төлөвлөөд буй. Гэтэл тэдний тоглолтын постерыг сэтгүүлч Х.Уламбаяр өөрийн цахим хуудаснаа шүүмжилж, иргэдийн дунд талцал үүсгээд байгаа.

Ингээд орон нутгаар аялан тоглолтоо хийж буй дуучин В.Баттулгатай уг асуудлын талаар ярилцлаа. Тэд өдгөө Увс аймагт тоглолттой яваа юм.

-Сайн байна уу. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийн байр сууриа илэрхийлэх нь зөв байх?

-Би охинтойгоо хамт дуулахыг хоёр өнцгөөр боддог юм. Манайхан аав нь залуу байх ёстой гэх өнцгөөр харж байна. Ийм зүйл хэзээ ч байхгүй. Аав охин гэхээрээ мөн нийтийн дуучид гэхээрээ л заавал уул усны хажууд, дээл малгай өмсөөд зураг авахуулах ёстой юм уу. Үгүй. Бид хоёрын дуулж байгаа дуунууд нийтийн гэхээсээ илүү поп урсгал руу чиглэж байгаа.

"Тэсрэлт хийнэ" гэдэг үгээр маш гоё тоглолт хийхээ илэрхийлсэн юм. Энэ постер зураг ч хоёр, гурван жилийн өмнө авахуулсан зураг. 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тоглогдох тоглолтын маань үндсэн постер зураг биш. Тоглолтын нэр, постер зураг, шторкууд огт өөрөөр хийгдэнэ. Энэ постер нь маркетингийн маань жижигхэн хэсэг. Би тэсрэлт хийх гэж албаар энэ постерыг оруулсан юм. Янз бүрийн сэтгэгдэл орж ирнэ гэдгийг мэдэж байсан ч ийм муухай сэтгэгдэл орж ирнэ гэж бодоогүй.

Гэтэл бүхэл бүтэн сэтгүүлч хүн байж энэ зургийг өлгөж аваад хэт муухай үгсийг бичиж, нийгэмд өөр хандлага төрүүлж байгаад нь маш их гомдолтой байна. Миний хувьд хөл хүрэх газраа хүртэл явна гэж бодож байна. Магадгүй сэтгүүлч Х.Уламбаяр надад энэ постерын өнцөг ингэж харагдаж байна гэдгийг шүүмж хэлбэрээр хэлсэн бол түүнийг нь хүлээж авна. Гэвч түүний илэрхийлэмж нь маш буруу байлаа. "Виагра" гэдэг үг хэрэглэсэн байна лээ.

Би өнөөдөр бор зүрхээрээ хөдөлмөрлөж яваа хүн. Охины минь нэр хүндэд халдаж, бидний сэтгэл санаанд хүнд цохилт өглөө. Хэрэв Х.Уламбаяр сэтгүүлч өөрийнхөө шүүмжийг зөв гэж үзэж байсан бол яагаад постоо устгачихав. Миний хувьд ч заавал хариу өгөхгүй бол болохгүй нөхцөл байдалд хүрсэн. Миний хэлж буй үг, хийж буй үйлдэл зөв байгаа учир миний пост одоо хүртэл цахим хуудсан дээрээ байж байна. Энэ хүн яагаад постоо утгачихав. Энэ хамгийн чухал. Тиймээс би хөл хүрэх газраа хүртэл явна. Миний өмнө, охинын маань өмнө сөгдөөд уучлал хүссэх хүртэл явна гэж бодож байна.

-Хууль, хяналтын байгууллагаар явах уу?

-Мэдээж тийм. Өөрийн нэр төр болон охиныхоо нэр төрийг сэргээлгэнэ. Би нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлээгүй, хулгай хийгээгүй, хүн зодоогүй. Өөрийн хөдөлмөрөөрөө яваа жирийн л нэг эцэг хүн. Охиндоо үлгэр дуурайлал үзүүлж яваа. Хүн шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ доромжлолыг хүлээж авахгүй.

Мэдээж уран бүтээлд шүүмжлэл хэрэгтэй. Гэхдээ ийм муухай байдлаар доромжлох нь зүй ёсонд нийцэхгүй. Тэр дундаа сэтгүүлч хүний ёс зүйд нийцэхгүй байх. Над руу маш олон сэтгэгдэл, мессеж ирж байна. Дөнгөж сая нэг иргэн маш муухай пост оруулсан байна. Би үүнийг нь постлоно. Сэтгүүлч Х.Уламбаяр энэ асуудлыг ингэж хөндөөгүй бол магадгүй хүмүүс ч ингэж хүлээж авахгүй байсан байх.

Сэтгүүлчийн цаана 25-р суваг ТВ-ийн нэр хүнд явна. Тиймээс би Хууль зүйн сайдад ч хандана гэж бодож байгаа.

-Охин Б.Дуулим нь маш их уйлж байна. Сэтгэлзүйн дарамтад орсон гэж өөрийнхөө цахим хуудсаар илэрхийлсэн байна лээ шүү дээ?

-Охин маань шилжилтийн насан дээрээ яваа. Яаж хүлээж авах нь ойлгомжтой шүү дээ. Нийгмээрээ дээрэлхэж, гадуурхаж байгаа учир охин маань амиа хорлоход ч хүрч мэднэ. Намайг юу гэж ч доромжилж болно. Харин энэ хүний доромжлолыг би хүлээж авахгүй. Би буруу зүйл хийсэн бол байр сууриа илэрхийлэхгүй, лайв ч хийхгүй байсан. Тоглолтон дундуур ийм үйл явдал болохоор яаж ч дуулах вэ дээ. Ямар хүн тоглолт хийхэв. Энэ нөхцөл байдал хэрээс хэтэрлээ.

-Цаашид охинтойгоо үргэлжлүүлэн дуулах уу. Эсвэл охиноо ганцаарчилсан уран бүтээлд нь шамдуулах уу?

-Бид хоёр хамтран дуулахаас гадна охин маань ч ганцаарчилсан уран бүтээлүүд олныг хийж байна. Шинэ тоглолтдоо зориулаад хэд хэдэн дуу бүтээчихсэн. Удахгүй хоолойндоо ороод, клипжүүлэх ажилдаа орох байсан.

-Та бүхний хувьд хөдөө орон нутгуудаар аялан тоглолтоо хийгээд явж байгаа шүү дээ. Тоглолтууд нь хэвийн үргэлжлэх үү?

-Бид яг одоо Увс аймгаар аялан тоглоод явж байна. Арван нэгдүгээр сарын 09-ний өдөр хүртэл тоглох ёстой байсан. Гэвч бүх тоглолтуудаа цуцаллаа. Охин маань уйлаад дуулахгүй байна. Тиймээс яаж тоглолт хийх вэ. Одоо Улаанбаатар хот руу буцаж энэ хүнтэй маш том хариуцлага тооцно. Энэ бол жижиг асуудал биш, маш том асуудал.

Сумдад хоёр сарын өмнөөс л тоглолтын зар тараасан байсан. Иргэдийн дунд ч хүлээлт ч үүссэн. Гэтэл энэ хүмүүсийг ч давхар хохироож байна. Энэ хэний буруугаас вэ. Х.Уламбаяр сэтгүүлчээс болсон. Энэ хүнээс болж ийм нөхцөл байдалд хүрсэн гэдгээ илэрхийлнэ. Сэтгэл санаа маш хүнд нөхцөлд байна. Гэхдээ би зөв зүйлд тэмцэж байгаа учир хөлөө хүрэх газраа хүртэл явна гэж бодож байна.

Тодруулга мэдээлэл өгсөнд баярлалаа.

Б.Пүрэвдорж: Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын тендер, төлбөрийн мэдээллийг ил болгох хэрэгтэй
Б.Пүрэвдорж: Тавантолгой Гашуунсухайтын төмөр замын тендер, төлбөрийн мэдээллийг ил болгох хэрэгтэй
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.