Ө.Шижир: Төсвийг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн атлаа инфляцыг 6 хувьд барих шаардлага тавих эрх УИХ-ын гишүүдэд байхгүй

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тогтоолын төслийг батлах тухай УИХ-ын нэгдсэн чуулганы хэлэлцүүлгийн үеэр тус тогтоолын төслийн ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ө.Шижир үг хэлсэн юм. Тэрбээр улсын төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдаатай байх ёстой. Гэвч УИХ-аас баталсан төсвийн тэлэлт нь инфляцыг тогтоон барих зорилтод сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа.
Мөн “Улсын төсөв, мөнгөний бодлого хоёр нэг уялдаатай байх ёстой. Улсын төсвөө баталсны дараа мөнгөний бодлогоо хэрэгжүүлдэг. Гэтэл төсвийг 10 их наяд төгрөгөөр нэмэгдүүлчихээд инфляцыг зургаан хувьд барих шаардлагыг Монголбанканд тавьж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.
Мөн төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд хяналт тавих бүрэн эрхээ хангалттай хэрэгжүүлээгүй, тойрог, орон нутаг, сургууль зэрэгтэй холбоотой хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнээр гишүүдийн хяналт, шаардлага сулрах нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаагаа хэлсэн юм.
Түүний хэлснээр, улсын төсвийн хэмжээ өмнөх оноос 30 гаруй хувиар өсөж байгаа нь анхаарах асуудал бөгөөд төсвийн ийм тэлэлт инфляц, хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлөх эрсдэлтэй аж.
Тэрбээр “Монгол Улс хэнтэй дайтаад улсын төсвөө 30 хувиар нэмэгдүүлж байгаа юм бэ? Сонгууль угтсан төсөв ийм аюултай. Төсөв гэдэг бол тухайн жилийн улсын ажлын төлөвлөгөө. Төлөвлөгөө, төсөв хоёртоо ийм хайнга хандчихаад бид ирээдүйгээ юугаар төсөөлөх юм бэ?” хэмээн шүүмжиллээ.
Түүнчлэн төсвийн хөрөнгө оруулалтын зардлаар барилга байгууламж барьж байгуулахын зэрэгцээ тэдгээрийн цаашдын ашиглалт, урсгал зардлыг хэрхэн санхүүжүүлэх асуудлыг урьдчилан тооцох шаардлагатайг дурдав. Нүүрсний экспортын хэмжээ буурах тохиолдолд төсвийн орлого тасалдаж, алдагдал нэмэгдэх эрсдэлтэйг мөн анхааруулсан юм.
Үүнээс гадна төсвийн шинжтэй арга хэмжээг Монголбанк болон төрийн өмчит компаниудаар дамжуулан санхүүжүүлэх явдлыг хязгаарлах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр “Сүүлдээ бид гурван төсөвтэй боллоо. Улсын төсөв гэж нэг байна, Монголбанкны санхүүжилт гэж нэг байна, төрийн өмчит компаниудын төсөв гэж байна. Ингэж явбал хэнээс юу шаардах юм бэ?” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь УИХ-ын гишүүд төсөв батлахдаа хариуцлагатай хандах ёстойг сануулж, 2027 оны инфляцын зорилтын талаар Монголбанканд шаардлага тавихаасаа өмнө өөрсдийн баталсан төсвийн тэлэлтэд дүгнэлт хийх хэрэгтэйг онцоллоо.
Тэрбээр “2027 онд инфляцыг тодорхой түвшинд барь гэж Монголбанканд шаардлага тавих эрх та нарт үлдээгүй. Өөрсдөөсөө эхлээд асуу” хэмээн үгээ өндөрлүүлэв.


