МУГЖ У.Уранчимэг Ардын жүжигчин цол хүртлээ

Улс тунхагласны 102 жилийн ой, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэгт Ардын жүжигчин цол хүртээлээ.
Тэрбээр театрын урлагт 30 гаруй жил зүтгэхдээ 60 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээсэн бөгөөд “Цахлай” жүжгийн Нина Заречная, “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Эсмеральда, “Гамлет” жүжгийн Гертруда, “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатан, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатан зэрэг дүрээрээ үзэгчдийн сэтгэлд хоногшсон уран бүтээлч юм.
У.Уранчимэг 1990-2012 онд Улсын драмын эрдмийн театрт жүжигчнээр ажиллаж, 2013-2025 онд “Хувьсал” продакшны захирал, ерөнхий найруулагч, жүжигчнээр ажилласан. Харин 2026 оноос төрөлх театртаа эргэн ирж, уран бүтээлээ туурвиж байна.
Мөн “Тамгагүй төр” жүжгийн Цэцэр хатны дүрээрээ Лондон хотын West End-ийн Колизеум театр, Сингапурын Marina Bay Sands цогцолборт болсон олон улсын тоглолтуудад оролцож, Монголын үндэсний драмын урлагийг дэлхийн үзэгчдэд таниулсан. Түүнчлэн 2026 онд Санкт-Петербург хотын Александринскийн театрын олон улсын фестивальд “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр уригдан тоглосон юм.
Түүний олон жилийн хөдөлмөр, авьяас билгийг төрөөс өндрөөр үнэлж, 2009 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээж байсан бол ийнхүү Ардын жүжигчин цол хүртлээ.


