Н.Номтойбаяр: Бид нэг л эх оронтой. Отроор яваа малчдыг нутаг орондоо хүлээн авахаас татгалзвал хуулийн хариуцлага хүлээлгэнэ

Шадар сайд Н.Номтойбаяр отор нүүдэлтэй холбоотойгоор аймаг орон нутгийн удирдлагуудад чиглэл өгчээ. Тэрбээр “Улсын Онцгой комиссын даргын хувьд орон нутгийн удирдлагуудад отор нүүдэл хийж буй малчдыг хүлээн авах, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэл өгсөн. Өвөлжилт хүндэрч, малчид малаа онд оруулахын тулд отор нүүдэл хийж байхад тухайн нутаг дэвсгэртээ нэвтрүүлэхгүй, хязгаарлах явдал байж болохгүй. Бид нэг л эх оронтой. Иймд отроор яваа малчдыг нутаг орондоо хүлээн авахаас татгалзсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил ерөнхийдөө боломжийн түвшинд хангагдсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 205 асуудлыг эрэмбэлээд шийдвэрлээд явж байгаа. Төсөвт суугдаагүй хэдэн асуудал байсан үүнийг шийдвэрлээд явж байна” гэв



