VISUAL TOIM: Зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шийдвэр, санаачилга, үр дүн

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт хугацаанаасаа өмнө үүрэгт ажлаа өгөв. Тэгвэл түүний Ерөнхийлөгчөөр ажилласан 5 жил өнгөрүү хугацаанд гаргасан онцлох шийдвэр, дэвшүүлсэн санаачилга, тэдгээрийн хэрэгжилтийг VISUAL TOIM буландаа тоймлон хүргэж байна.
-1973 хоног Ерөнхийлөгчөөр ажиллав-
2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдсон байдаг. Тэрбээр ирэх жил Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой байсан боловч найман сарын өмнө ажлаа өгч байна. Ингэхдээ тэрбээр өөрийн нэр холбогдоод буй асуудлуудыг ажлаа өгсний дараагаар шалгуулж, өөрийн нэр төрийг сэргээнэ гэж мэдэгдсэн байдаг.
-Тэр "буухдаа" ЮУГ ОНЦЛОВ-
Ажлаа өөрийн хүсэлтээр өгнө гэж мэдэгдсэнээс хоёр хоногийн дараагаар УИХ-ын чуулганаар эл асуудлыг авч хэлэлцсэн. Харин тэрбээр чуулганы танхимд өөрийн чөлөөлөгдөх үндэслэл болоод бусад асуултуудад хариулсан. Тэгвэл түүний байр суурь дундаас хэд хэдэн онцлох байр суурь байсан нь тогтолцооны өөрчлөлт болоод өөрийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн төслийг батлах шаардлага байгааг илэрхийлсэн агуулга байв.
-10000 морьтон цуглаж "Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэв-
У.Хүрэлсүх адууны соёл, өв уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд адууны гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолын төсөл санаачилсныг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Бүгд хуралдаанаар хэлэлцэн баталсан. Үүний дагуу энэ жил анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлсэн байдаг.
НҮБ жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл гэдгийг тэрбээр онцолж байв.
-Түүний "ард нь гарсан" бүтээн байгуулалтууд-
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажиллахын өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байв. Эл албан тушаалуудыг хаших хугацаандаа тэрбээр улс эх орны хөгжил дэвшил, эдийн засгийн тусгаар тогтнолд нэн чухал ач холбогдол бүхий стратегийн бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, бас ашиглалтад оруулсан гэдгээ чөлөөлөгдөх үедээ хэлсэн байдаг. Тэгвэл эл бүтээн байгуулалтууд ЮУ БАЙВ
-ТАНИЛЦ: Үргэлжилж буй бүтээн байгуулалтууд-
Тэгвэл зарим бүтээн байгуулалтуудын ажил ид өрнөж байна. Үүнд, газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Солонго 1, 2 дугаар хороолол, Байгалийн шинжлэх ухааны музей, Монголын археологи, угсаатны зүйн музей, Боомтуудын шинэчлэл, Ерөнхийлөгчийн нэрэмжит спорт цогцолбор, хүүхдийн “Мазаалай” спорт цогцолбор зэргийг нэрлэж болно.
-Баялгийн сангийн суурийг тавьж, цар тахлын үед өрхийн зардлыг хөнгөлөв-
Тэрбээр ажлаа өгөх үедээ өнгөрсөн хугацаанд өөрийн гаргасан шийдвэр түүний үр дагавартай холбоотойгоор дараах байр суурийг илэрхийлсэн байдаг. Тодруулбал,
“Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Бор-Өндөр”, “Багануурын уурхай”, “Асгат”, “Салхит”-ын мөнгөний ордууд, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён уул” зэрэг орд газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авч, хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцлан, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан ба ингэснээр “Үндэсний баялгийн сан” бий болох эх үндэс тавигдан, байгалийн баялгийнхаа үр өгөөжийг ард иргэд хүртэх эрх зүйн орчин бүрдэж, улмаар олон жил хүлээсэн Оюу толгойн ногдол ашгийг иргэн бүр тэгш хүртэх боломж бий болоод байгааг онцолсон.
Мөн цар тахлын хүнд үед 20 мянга байсан хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн дулаан, цахилгаан, ус, уур, хэрэглээний төлбөрийг 1 жил 6 сарын хугацаанд Эрдэнэт үйлдвэр бүрэн хариуцаж, ахмадын тэтгэврийн зээлийг тэглэсэн зэрэг нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
-У.Хүрэлсүх ямар шийдвэрүүдэд хориг тавив-
Хууль болон УИХ-ын бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих нь Ерөнхийлөгчийн Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн нэг. Тэгвэл У.Хүрэлсүх ямар шийдвэрүүдэд хориг тавив. Түүний тавьсан хоригоос онцолвол, 2025 оны Төсвийн тухай хуульд хориг тавьж байв. Ингэхдээ 2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавьсан юм. УИХ эл хоригийг хүлээн авч, үр дүнд нь дахин төсвийн процесс өрнөж, тухайн онд алдагдалгүй төсөв баталж байв.
-Монголын түүх, соёлын өвийг таниулах санаачилгууд-
Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Монголчуудын нийтлэг үнэт зүйл болсон түүх, хэл, соёлын өвийг хойч үедээ өвлүүлэх, дэлхийд таниулахад төрийн тэргүүний санаачилга чухал байр суурь эзэлдэг. Тэгвэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа энэ чиглэлээр ямар ажил санаачилж, юуг хэрэгжүүлэв.
Тэрбээр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх, Эзэн Чингис хааны Шүтээн хөргийг аймаг бүр бүтээн байгуулах тухай зарлигийг тус тус гаргасан байдаг.
-"ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ"-ын үр дүнд...-
Монгол Улсын Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарч, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж, зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дэлгэрэнгүй мэдээлэл хийж, улс орон даяар “ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ” эхлүүлж байв. Эл хөдөлгөөний зорилго нь гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангаж, хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд оршино.
-"ТЭРБУМ МОД"-ын үр дүнд...-
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэхээр 2021 онд эхлүүлж байв. Эл хөдөлгөөний үр дүнд 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулах замаар цөлжилт, газрын доройтлыг сааруулж, ой, усны нөөцийг хамгаалах зорилгыг тавьсан байдаг.
-"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ"-ийн үр дүнд-
Монгол Улсын 330 сум, нийслэлийн хороо бүрээс нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж буй. Эл хөтөлбөрийн хүрээнд 1700 гаруй оюутан дэлхийн 21 улсад боловсрол, мэргэжил эзэмшиж байгаа бөгөөд эхний 150 гаруй оюутан сургуулиа төгсөж ирээд нутаг орондоо ажиллаж байна.
-"ЦАГААН АЛТ"-ын үр дүнд-
“Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь ноос, ноолуур, арьс, ширний салбарын хөгжлийг дэмжих, эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааг дээшлүүлэх, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлж, экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор хэрэгжиж буй. Үр дүнд нь самнасан ноолуурын экспорт анх удаа тав дахин өсөж, 330 сая ам.долларт хүрчээ.
-"ЦЭНХЭР АЛТ"-ын үр дүнд-
У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгч байхдаа санаачилсан өөр нэг санаачилга бол “Цэнхэр алт” юм. Үүний хүрээнд “Нэг сум-Нэг нуур-333 нуур” санаачилга ч хэрэгжиж буй. Усны нөөцийг хамгаалж, зохистой ашиглах, гадаргын усыг хуримтлуулах, нуур, цөөрмийг сэргээх зорилго бүхий эл санаачилгын үр дүнд Хөвсгөл нуурыг цэвэрлэж, Ганга, Өгий нуурыг ширгэж устахаас сэргийлж, Хэлтгий цагаан нуурыг дахин сэргээгээд байна.
-"ЭХ ОРОНЧ МОНГОЛ" хөдөлгөөний үр дүнд-
Хүүхэд, залууст Монголын үндэсний үнэт зүйлс, язгуур ашиг сонирхлыг таниулж, боловсролтой, ёс зүйтэй, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилго бүхий “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2026 онд 21 аймаг, 9 дүүрэгт “Эх оронч Монгол” өдөрлөг зохион байгуулж, хууль сахиулах, гамшигтай тэмцэх болон батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг сурталчлаад байгаа аж.
-"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" хөдөлгөөний үр дүнд-
Дэлхий дахин цар тахлын дараа хүн төрөлхтний эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн хөгжүүлэхийг чухалчлан үзэх болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, зохистой хооллолт, эрүүл амьдралын дадлыг хэвшүүлэх зорилго бүхий эл хөдөлгөөн 2022 оноос хойш үргэлжилж байна.
-Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 23 дугаарт эрэмбэлэгдэж байна-
Түүнчлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний 550, бусад ажиллагаанд 165 "цэнхэр дуулгатан" үүрэг гүйцэтгэж байна. Энхийг сахиулагчдын 15 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчид эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлтээрээ Монгол Улс НҮБ-д цэрэг хандивлагч 121 орноос 23 дугаарт эрэмбэлэгдэв.
Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулах, алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор:
- 2023 он: “Залуу офицерын жил”
- 2024 он: "Ахлагчийн жил "
- 2025 он: "Ахлах офицерын жил"
- 2026 он: "Залуу офицерын хөгжлийн жил" болгон зарлажээ.
-Таван аймаг, нийслэлийн хоёр дүүргийн ЕБС-д “Цэрэг-иргэний хамгаалалт” хичээлийн туршилтын хөтөлбөр хэрэгжүүлнэ-
Түүнчлэн энэ оны хичээлийн жилд таван аймаг, нийслэлийн хоёр дүүргийн ЕБС-д “Цэрэг-иргэний хамгаалалт” хичээлийн туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ.
-Хугацаат цэргийн алба хаагчид жолооч, техникч болон зам, барилгын зарим мэргэжлийг үнэ төлбөргүй эзэмших боломжийг бүрдүүлж, англи хэл, монгол бичиг, компьютерын мэдлэгтэй болж байгааг онцолж байна.
-Нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын олон улсын аварга шалгаруулах тэмцээнийг Ерөнхийлөгч байхдаа ивээл дороо зохиожээ.
-Гадаад харилцааны сэргэлт, өндөр түвшний айлчлалууд-
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөх үедээ "Миний бие Монгол төрийн гадаад бодлогын залгамж чанарыг хангаж, мөнхийн хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлогын хүрээнд дэлхийн бусад улс орнуудтай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулах болно" хэмээн хэлж байв. Тиймдээ ч өнгөрөгч он жилүүд манай улсын хувьд гадаад харилцаа эрчимтэй сэргэсэн болохыг судлаачид тэмдэглэдэг.
Үүний бас нэг нотолгоо нь, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож дуусчээ. Түүнчлэн У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд 23 улсын төрийн тэргүүн, эрхэм дээд зочид манай улсад төрийн айлчлал хийжээ. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин, Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап Францис зэрэг эрхмүүдийг дурдаж болно.
-20 гаруй улсад төрийн тэргүүний хувиар айлчилжээ-
Харин тэрбээр Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ОХУ, БНХАУ, Япон, Франц, Вьетнам, Лаос, Узбекистан, Туркменистан, Турк, Чех, Польш, Киргиз, Тажикистан, Энэтхэг, Итали, Ватикан (Гэгээн Ширээт Улс), Герман, Финланд, Беларусь зэрэг улсуудад төрийн айлчлал хийжээ.

.webp)
