ХӨНДӨХ СЭДЭВ: Утаатай тэмцсэн 20 жил, Улаанбаатарын өөрчлөгдөөгүй дүр зураг

Өвөл ирж байгааг хуанли харахгүйгээр мэддэг болсон хотынхон бид. Өглөө гэрээс гарахад утааны үнэр хамар сэтэлж, хоолой хорсож эхэлбэл өвөл ойртжээ гэж ойлгоно. Орой гэртээ харихад хот даяар саарал манан татаж, алсад харагдах барилгууд утаандаа бүдгэрсэн байвал нийслэлийн өвөл хэдийнэ эхэлсний шинж.
Гэтэл өвөл бүрэн эхлээгүй байна.
Арваннэгдүгээр сарын 11. Өдөртөө 8 хэмийн дулаан. Баянхошууны хөтөл дээрээс нийслэлээ тольдоход гэр хорооллоос эхлээд хотын төв дээгүүр өтгөн утаа суунаглана. Хүйтний эрч чангараагүй, айл өрхүүдийн галлагаа идэвхжих болоогүй байхад ийм дүр зураг угтаж байна.
Тэгвэл -20, 30 хэм хүрч, айл бүр зуухаа галлан, түлшний хэрэглээ нэмэгдэхэд Улаанбаатар ямар болох вэ. Өнөөдрийн утаа маргаашийн өвлийн өнгө төрхийг сануулж байгаа юм биш биз.
-Утаатай тэмцсэн мөнгө хаачив-
Утаатай тэмцэх ажил Монгол Улсад өчигдөр эхэлсэн зүйл биш. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан шахмал түлш нэвтрүүлж, гэр хорооллын өрхүүдийг цахилгаанаар халаах бодлого хэрэгжүүлж, олон төсөл, хөтөлбөр эхлүүлсэн. Энэ бүхний ард татвар төлөгчдийн мөнгө бий.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад 2008–2023 онд нийт 1.7 их наяд төгрөг зарцуулсан гэж УИХ-ын 2025 оны агаарын бохирдлын асуудлаарх сонсголын үеэр шинжээчид танилцуулжээ. Харин УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нийт зарцуулалтыг 5.6 их наяд төгрөг гэж дурдсан байдаг. Шинжээчдийн шалгалтаар зарцуулсан хөрөнгөтэй холбоотой 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа, зөрчил илэрч, зарим асуудлыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн сайжруулсан түлшний татааст 1.4 их наяд төгрөг зарцуулсан гэх мэдээлэл бий.
Гэвч олон жил их хэмжээний хөрөнгө зарцуулж, шахмал түлш хэрэглэсэн ч нийслэлийн агаарын бохирдол иргэдийн өдөр тутмын амьдралд тулгамдсан асуудал хэвээр байна.Тэгвэл утааг бууруулахад зарцуулсан их наядуудын үр дүн хаана байна вэ. Өвөл бүр утаатайгаа нүүр тулдаг нийслэлчүүд энэ жил дахиад л бохир агаараар амьсгалах уу.
УИХ-ын сонсголын тайланд өмнөх жилүүдийн төсөл, хөтөлбөрүүдийн уялдаа холбоо, хяналт, хариуцлага сул, зарцуулсан хөрөнгө бодит үр дүнд хүрэхэд учир дутагдалтай байсныг онцолсон. Мөн сайжруулсан шахмал түлшний хэрэглээ зарим бохирдуулагч бодисыг бууруулсан ч агаарын бохирдол хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хэвээр байгааг дурджээ.
Тэгэхээр асуудал зөвхөн түлшиндээ байна уу, эсвэл утаатай тэмцэх бодлогоо бүхэлд нь эргэж харах цаг болжээ. Гэхдээ дахиад л үр дүнгүй зардал гаргах уу.
-Шахмал түлштэй болсон ч утаанаас салсангүй-
Түүхий нүүрсийг хориглож, шахмал түлшинд шилжсэн нь агаарын бохирдлыг бууруулах томоохон алхам байсан. Гэвч түлшээ сольсноор утаа бүрэн арилсангүй. Гэр хорооллын айлууд зуухаа галласаар, автомашины тоо нэмэгдсээр, өвлийн улиралд агаарын бохирдол дахин эрчимждэг хэвээр байна.
Агаарын бохирдол зөвхөн нүдэнд харагдах утаагаар хэмжигдэхгүй. Ялангуяа PM2.5 нарийн ширхэгт тоосонцор хүний уушгинд гүн нэвтэрч, зүрх судас, амьсгалын замын өвчлөл, уушгины хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хүүхэд, өндөр настан хамгийн эмзэг бүлэгт тооцогддог.
Өөрөөр хэлбэл, бидний өдөр бүр үнэрлэж буй утаа зөвхөн тав тухыг алдагдуулаад зогсохгүй эрүүл мэндийн асуудал дагуулж байна. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэхдээ утаанаас хамгаалж амны хаалт зүүлгэх, гэртээ агаар цэвэршүүлэгч ажиллуулах, өвлийн улиралд цонхоо нээхээс хүртэл эмээх нь нийслэлчүүдийн хувьд энгийн үзэгдэл болжээ.
-Энэ өвөл дахиад л утаандаа дарагдах уу-
Өнгөрсөн өвлийн агаарын чанарын хэмжилтээр 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хоногийн 27-д нь PM2.5 тоосонцрын хоногийн дундаж агууламж Монгол Улсын хүлцэх хэмжээнээс давсан байна.Өвөл эхлээгүй байхад л утаа үнэртэж, гэр хорооллын дээгүүр өтгөн утаа тогтож байгаа энэ үед өнгөрсөн өвлийн үзүүлэлт дахин давтагдах вий гэсэн болгоомжлол бий.
Хүйтний эрч чангарахад айл өрхүүдийн түлшний хэрэглээ нэмэгдэнэ. Харин салхигүй, температурын инверс үүссэн өдрүүдэд бохирдуулагч бодис газрын гадаргад хуримтлагдах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр нийслэлийн агаарын чанар улам муудах эрсдэлтэй.
Тэгвэл энэ өвөл төрөөс ямар арга хэмжээ авах вэ. Түлшний нөөц, чанар, түгээлтээ хэрхэн зохицуулах вэ. Утааг бууруулахад зарцуулсан өмнөх хөрөнгө оруулалтын үр дүнг хэрхэн хэмжиж, алдаа дутагдлаа засах вэ.
Утааг бууруулахад зарцуулсан мөнгөний хэмжээ хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж байна. Гэвч нийслэлчүүдийн хувьд энэ мөнгөний үр дүнг тайлан, танилцуулгаас бус өвлийн өглөө цэвэр агаараар амьсгалах боломж бүрдсэн эсэхээр хэмжинэ.
Өвөл ирэхэд утааны үнэрээр улирлаа таньдаг болсон нийслэлчүүд энэ жил ч бас маскаа зүүж, цонхоо хааж, утаа сарнихыг хүлээх үү.Өвөл бүр давтагддаг энэ дүр зураг хэзээ өөрчлөгдөх вэ. Утаатай тэмцэхэд зарцуулсан хэдэн зуун тэрбум төгрөгийн үр дүн хэзээ иргэдийн амьдралд мэдрэгдэх вэ.


