ДАТА: Батлан хамгаалахын төсөв 1 их наяд, цэргийн зардал 221 сая ам.долларт хүрсэн ч сайд нь “Армиа тэжээж чадахгүй байна” гэв

Батлан хамгаалахын сайд Д.Батлут саяхан "Юун хувийн арми. Хувь байтугай улсынхаа армийг ч хангалттай "тэжээж" чадахгүй байна" гэж хэлсэн нь олны анхаарлыг татав. Батлан хамгаалах салбар бол улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үндсэн тулгуурын нэг.
Иймдээ ч улс орнуудын батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэх болсон "жишгээр" Монгол Улс ч салбарынхаа төсвийг жилээс жилд өсгөж байна. Мэдээж тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад хөрөнгө мөнгө харамлах учиргүй. Гэхдээ төсөв нэмэгдэж байгаа ч салбарын сайдын амнаас яагаад тэжээж чадахгүй байна гэх үг унав гэдэг сонирхолтой. Тэгвэл үүнийг тухайн салбарт тавигдаж буй төсөвтэй холбон авч үзье.
-2027 онд БХ-ын сайдын багцад 1 их наяд төгрөг тусгасан нь 2017 оны төсвөөс бараг тав дахин өндөр байна-
Тухайн жилийн салбарын урсгал болон хөрөнгийн зардлыг салбарын сайдын багц болгон төсөвт суулгаж баталдаг. Тэгвэл сүүлийн арван жилийн төсвийн дүнг харьцуулбал 2016 онд 216.3 тэрбум төгрөг байсан багц 2026 онд 739.5 тэрбум төгрөг болж, 3.4 дахин нэмэгджээ. Үүнээс дүгнэхэд,
-Батлан хамгаалахын сайдын төсвийг 2024 онд өмнөх оноос 58.1 хувиар буюу 225.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгаж оруулж ирээд байна
-2016-аас 2026 оны хооронд батлагдсан төсвийг харахад 2025 онд хамгийн өндөр буюу 874 тэрбум төгрөгийг тусган баталжээ
-2027 оны төсөлд 1.08 их наяд төгрөг тусгасан нь 2017 оны төсвөөс бараг тав дахин өндөр байгааг харж болно
-Харин хамгийн огцом өсөлт 2024 онд гарч, өмнөх оноос 225.3 тэрбум төгрөгөөр буюу 58.1 хувиар нэмэгджээ
-МУ-ын цэрэг, батлан хамгаалахын зардал 2016 онд 96 сая ам.доллар байсан бол 2025 онд 221 сая ам.доллар хүртлээ өсчээ-
Шведийн Стокхольм хотод төвтэй Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI) нь дэлхийн улс орнуудын цэргийн зардлыг олон улсын нэгдсэн аргачлалаар тооцож, жил бүр мэдээллийн сангаа шинэчилдэг. Тус хүрээлэнгийн судалгаанд улс орнуудын зэвсэгт хүчин, батлан хамгаалах байгууллагуудын урсгал болон хөрөнгийн зардал, цэргийн алба хаагчдын цалин, хангамж, зэвсэглэл, техник хэрэгслийн худалдан авалт зэрэг зардлыг боломжтой хэмжээнд хамруулдаг.
Тэгвэл тус байгууллагын нээлттэй судалгаагаар Монгол Улсын цэрэг, батлан хамгаалахын зардал 2022 онд 90 сая ам.доллар байсан бол 2023 онд 111, 2024 онд 179, 2025 онд 221 сая ам.доллар болжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилд цэрэг, батлан хамгаалахын зардал 2,5 дахин өссөн гэсэн үг юм.
НЭМЭЛТ: SIPRI-ийн аргачлалд дараах зардлууд багтдаг. Үүнд:
- Зэвсэгт хүчин, түүний дотор энх цагт цэргийн чиг үүрэг гүйцэтгэдэг холбогдох байгууллагуудын зардал
- Батлан хамгаалах яам болон цэргийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллагуудын зардал
- Цэргийн алба хаагчдын цалин, тэтгэвэр болон холбогдох хангамж
- Зэвсэглэл, цэргийн техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт
- Цэргийн судалгаа, хөгжүүлэлт, бүтээн байгуулалт
- Цэргийн тусламжийн зардал



