Ирэх өвөл төв, зүүн аймгуудаар хүйтэрч, цас ахиу орно

Бусад
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин 32 сек
00
MPA06826.webp

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2026 оны арванхоёрдугаар сар, 2027 оны нэгдүгээр болон хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа. Ирэх арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол нэгдүгээр болон хоёрдугаар сард ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сард төв, зүүн аймгуудаар хүйтэрнэ.Арванхоёрдугаар сард Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэр аймгийн нутаг, Завханы зүүн, Баянхонгорын ихэнх, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Харин бусад нутгаар дунджийн орчим байх аж.

Мөн энэ сард Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговь аймгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөв гарчээ.

Ирэх оны нэгдүгээр сард Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймгийн нутаг болон Булганы зүүн хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим байх бол бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байна.


Хур тунадасны хувьд төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй аж.

Харин хоёрдугаар сард Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөв гарчээ.

Харин Хэнтий аймгийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатар аймаг болон Дорноговийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох бол бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох эрсдэлтэйг анхаарууллаа.

Эдгээр нөхцөл нь малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчний салбарт богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг болон аюултай, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрд авч ашиглахыг зөвлөжээ.