Амьсгалын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмчлүүлж буй иргэдийн 65.3 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна

Эрүүл мэндийн яамнаас аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдаж, томуу, томуу төст өвчний тархалт, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэл өглөө.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт “Идэвхжил”-ийн түвшинд байна.
-Өвчлөгсдийн 77.1 хувь нь 15 хүртэлх насны, 49.6 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна.
-Амьсгалын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 81 хувь нь 15 хүртэлх насны, 65.3 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна.
Хурлаар хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг хангах, өдрийн эмчилгээ болон гэрийн эргэлтийг эрчимжүүлэх, өвчтэй хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх, нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг шуурхай хангах чиглэл өглөө.
Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, томуугийн улирлын эрсдэлийг бууруулахад бэлэн байдлыг ханган ажиллана.


