25 ААН-ээс 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны аравдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.
Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.
2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.
Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна.
Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.


