Шатахууны импортыг нэмэгдүүлэхээр БНХАУ, БНСУ, Сингапур, Малайз зэрэг улстай хэлэлцээ хийж байна

Нийгэм
Admin
Унших: 1 мин 19 сек
00
MPA40048-1.webp

Сүүлийн 6 сарын хугацаанд Украин ОХУ-ын жилд нийт 150 сая тонн гаруй бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадал бүхий 12 газрын тосны үйлдвэрт халдлага үйлджээ. Тус үйлдвэрүүдийн дийлэнх нь өнгөрөгч есдүгээр сард халдлагад өртсөн бөгөөд Украины Батлан хамгаалах яамнаас "ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадлын 51 хувийг үгүй хийсэн" гэж мэдэгдсэн байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн есдүгээр сард гаргасан дүн шинжилгээгээр, ОХУ-ын газрын тос боловсруулах хэмжээ өнгөрөгч зургаадугаар сард өдөрт ердөө 3.8 сая баррель болж, сүүлийн 20 гаруй жилийн хамгийн доод түвшинд хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс ойролцоогоор 30 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнээс үүдэн бензин үйлдвэрлэх өнгөрөгч онтой харьцуулахад 20 хувь, дизель түлшний үйлдвэрлэл 30 хувиар буурсан тооцоолол гарчээ. Мөн 2026 оны эхний найман сард ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дунджаар гурван өдөр тутамд нэг удаа их бага хэмжээгээр халдлагад өртөж байгааг мэдээлжээ. Мөн ОХУ болон Персийн булангийн орнуудын дизель, газ ойлын нийлүүлэлт дэлхийн зах зээлд өдөрт 1.6 сая баррелиар буурсныг тус агентлаг онцолсон байна.

ОХУ дотоодын зах зээлээ хангах зорилгоор өнгөрсөн 7,8 дугаар сард БНСУ-аас нийт 176 мянга гаруй тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон бөгөөд цаашид нөхцөл байдлаас шалтгаалан нийлүүлэлтийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, экспортод хатуу хориг тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг авах магадлал өндөр гэж олон улсын шинжээчид үзэж буй юм.

Монгол Улсын хувьд нийт шатахууны 95 хувийг ОХУ-аас авдаг бөгөөд тус улсын нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед АҮЭБЯ-наас шатахууны импортыг нэмэгдүүлэхээр БНХАУ, БНСУ, Сингапур, Малайз зэрэг улстай хэлэлцээ хийж байгаа юм.