ӨМНӨГОВЬ: 6-р сургуулийн дулаан хангамжийг сайжруулах зорилгоор “Газком” ХХК-ийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзлаа

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат холбогдох хэлтэс, агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Эрдэнэ нарын хамтаар Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд ажиллаж, сургалтын үйл ажиллагаа, хичээлийн орчин, шинээр тохижуулсан гадна зогсоол болон хоол үйлдвэрлэлийн чанар, хүртээмжтэй танилцлаа.
Тус сургууль нь төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбогдоогүй бөгөөд сургуулийн болон цэцэрлэгийн халаалтыг жижиг оврын уурын зуух ашиглан шийдвэрлэж байна. Үүнтэй холбогдуулан дулаан хангамжийн шийдлийг сайжруулах, эрчим хүчний илүү үр ашигтай эх үүсвэр ашиглах боломжийг судлах зорилгоор “Газком” ХХК-ийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүдийн хамт ажиллалаа.
Энэ хүрээнд метан хий, хийн түлш ашигласан дулаан хангамжийн систем нэвтрүүлэх боломж, техникийн нөхцөл болон хэрэгжүүлэх боломжийн талаар урьдчилсан судалгаа хийж, санал солилцов.
Цаашид боловсролын байгууллагын дулаан хангамжийг сайжруулах, хүүхдүүдийн сурч, хөгжих эрүүл, тав тухтай орчныг бүрдүүлэх чиглэлээр боломжит шийдлүүдийг судлан ажиллах юм.


