БАЙР СУУРЬ: Монгол Улс шаардлагатай үед халуунтай иргэнийг тусгаарлах байраа бэлдсэн

ОХУ-ын Эрхүү мужийн Шелехов хотод Тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лабораторийн ажилтан 28 настай Дарья Шипилова ҮХЛИЙН АЮУЛТАЙ уушгины тахлаар нас барсан байж болзошгүй гэх мэдээлэл олон улсад төдийгүй Монголын иргэдэд "Корона вирус"-ээс аюултай тахал дахин дэгдэх вий гэх айдсыг төрүүлж буй. АНУ-ын ЭСЯ-наас иргэдээ аль хэдийн ОХУ руу зөрчихгүй байхыг сэрэмжлүүлсэн МЭДЭГДЭЛ гаргаж байна Манай улсын хувьд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх нь битгий хэл албаны эх сурвалжуудын мэдээлэл хоорондоо зөрөлдсөөр байна.
Улсын онцгой комиссын ажлын алба ОХУ-д гарсан асуудал дээр ажиглалт хийж, судаллаа. Энэ тахал онолын хувьд "Булцуут, цусны, Уушгины" гэх гурван хэлбэртэй байдаг. Хөрш улсад хамгийн хүнд хэлбэр буюу "Уушгины тахал" гэх урьдчилсан байдлаар тогтоосон. 200 гаруй хүнийг одоогоор тусгаарласан. Эдгээр хүмүүсээс илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй гэх асуудалд эцсийн цэг тавиагүй үргэлжилж байгаа.
ОХУ-тай хил залгаа Казахстан, Узбекстан, Киргиз зэрэг улсууд хилийн хорио цээрийг чангатгаж, орж гарах шалгалтыг эрчимжүүлсэн. Манай улсын хил гаалийн хяналт тавьж байгаа тогтолцоо хэр хариуцлагатай, орчин үеийн тоноглолтой билээ гэдгээ бодолцож, илүү анхаарахгүй бол бүхэл бүтэн чемоданд үүлдэр нь мэдэгдэхгүй ямаа хилээр оруулаад ирсэн нь ХЯНАЛТ, ХАРИУЦЛАГА сул байгаагийн илрэл.
ЗӨСҮТ-ийн Захиргааны албаны дарга У.Нямжаргал: Иргэд сошиал мэдээнд хэт автаж, сандрахаа болих хэрэгтэй
Манай байгууллага Эрхүүгийн Сибирь болон Алс Дорнодын тахалтай тэмцэх эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтын ажиллагаатай байдаг. Тус газраас "Тахал" биш шалтгаан тодорхойгүй "Уушгины хатгаа" гэдгийг баталсан. Тэгэхээр манайд энэ өвчин орж ирэх магадлал маш бага байна. Гэхдээ гэнэтийн тохиолдолд улсын хэмжээнд хүний нөөц, техник хэрэгсэл, оношлуур хангалттай сайн байгаа.
Иргэдийн хувьд сошиал мэдээнд хэт автаж, хий сандрахаа болих хэрэгтэй. Хүний аминд халтай, үхлийн аюултай вирус, тахлын тохиолдол батлагдаагүй. Алтанбулагийн хилээр олон хүн орж гардаг тул сэрэмжтэй байх хэрэгтэй гэдгийг Шадар сайд Н.Номтойбаяр сануулсан байх. Дээрх тохиолдол уушгины хатгалгааны тохиолдол учир агаар, дуслын замаар халдах тул ойрын хавьталд орсон хүмүүсийг тусгаарласан, үүнээс 2 хүн "Ковид-19" вирусийн халдвар авсан байна. Тэрнээс 200 хүнийг тусгаарласан гэх мэдээллийг ОХУ-ын албаныхан өгөөгүй. Ерөнхийдөө хүйтний улирал эхэлж буй тул тус улсад томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Хилээр орж, гарч буй иргэдийн халууныг хэмжиж, шаардлагатай үед тусгаарлах байраа бэлдсэн
ОХУ-д тахалтай холбоотойгоор 200 иргэнээ тусгаарлаад, ажиглаж байгаа гэх мэдээлэл өгсөн. Манай улсын хувьд мэргэжлийн хүмүүс эрсдэлийн үнэлгээ хийгээд "БАГА ЭРСДЭЛТЭЙ" гэх дүгнэлт гаргасан. Нөгөө талаараа хилээр орж, гарч буй иргэдийн халууныг хэмжиж, тусгаарлах байраа бэлдсэн байгаа. Албан ёсоор тарваган тахал эсвэл уушгины вирус гэж батлагдаагүй. ОХУ-аас ирсэн захианд "Хурц хатгаан шинж" гэж тогтоосон бөгөөд шинжилгээний дүнд "ТАХАЛ БИШ" гэдгийг баталсан талаараа дурдсан байна.



