Баянгол дүүргийн 7-р хороо, 25-р байрны гадна “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгууллаа

Баянгол дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд энэ намар нийт 20 байршилд “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажил үргэлжилсээр байна. Энэ ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн 7-р хороо, 25-р байрны баруун талын 1050мкв талбайд гацуур болон гоёлын бут сөөг зэрэг нийт 8 төрлийн 120 гаруй ширхэг мод тарилаа.
Энэ ажилд 7-р хорооны Ажлын албаныхаас гадна, хорооны иргэд,ахмадууд, иргэдийн бүлгийнхэн, ногоон байгууламж хариуцсан ажилтнууд мөн НЕБ-ын 78-р сургуулийн 8 дугаар ангийн сурагчид нэгдэж, “Тэрбум” мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж буйгаа илэрхийллээ.
Ташрамд мэдээлэхэд, 7-р хорооны 25-р байр нь 1984 онд ашиглалтад орсон, 9 давхар, 7 орцтой, нийт 252 өрх оршин суудаг. Дулаан алдагдал ихтэй. Иймээс оршин суугчдын санал хүсэлтийн дагуу 1, 2, 3, 6, 7-р орцны фасад дулаалгын ажлыг энэ онд хийсэн бол 4, 5-р орцны дулаалгын ажлыг 2021 онд хийж гүйцэтгэсэн. Ингэснээр оршин суугчид дулаан ая тухтай орчинд амьдрах орчин бүрдсэн.
Тэгвэл тус байрны гаднах 1050мкв талбайд 8 төрлийн мод тарьж, “Бичил цэцэрлэгт хүрээлэн” байгуулснаар 25-р байрныхан төдийгүй ойр орчимд амьдардаг оршин суугчид ногоон байгууламж бүхий талбайд амрах, чөлөөт цагаа өнгөрөөх боломж бүрдэж байна.


