Нууц камер байршуулж зураг, бичлэг хийсэн зөрчил 54 хувиар өсжээ

Нийгэм
О.Алуунгуа
О.Алуунгуа
Унших: 1 мин 15 сек
00
Recording Under Watchful Eyes.webp

Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасны дагуу хүний зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг авах, дууны, дүрсний болон дуу-дүрсний бичлэг хийх нь хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Иргэн бүр өөрийн дүр төрх, дуу хоолой, хувийн нууцаа хамгаалуулах эрхтэй бөгөөд тухайн хүний зөвшөөрөлгүйгээр зураг, бичлэг хийж, бусдад түгээхийг хуулиар хориглодог.

“Зөрчлийн мэдээллийн нэгдсэн сан”-гийн сүүлийн хоёр жилийн мэдээллээс үзэхэд “Зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг хийх” нийт 53 зөрчилд шийтгэл оногдуулжээ.

Тодруулбал, 2025 онд 26 зөрчилд 24 хүн, хоёр хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан бол 2026 оны эхний есөн сарын байдлаар 27 зөрчилд 21 хүн, зургаан хуулийн этгээдэд шийтгэл ногдуулсан байна.Нийт бүртгэгдсэн зөрчлийн 78 хувь нь нийслэлд, 22 хувь нь орон нутагт гарчээ.

Зөрчлийн төрлөөр авч үзвэл, дууны, дүрсний болон дуу-дүрсний бичлэгийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусдад үзүүлсэн, эсхүл хуулбарлаж өгсөн зөрчил 2025 онд тав бүртгэгдэж байсан бол 2026 оны эхний есөн сард 10 болж, хоёр дахин нэмэгджээ.

Дуу дүрсний зөрчил(1).webp

Мөн хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн зөрчил 2025 онд 11 байсан бол 2026 оны эхний есөн сард 17 болж, 54 хувиар өссөн байна.

Түүнчлэн оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авах, дууны, дүрсний болон дуу-дүрсний бичлэг хийсэн есөн зөрчилд шийтгэл оногдуулжээ.

Харин оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн зориулалттай орон сууцанд айл, өрхийн орох, гарах хэсгийг хамруулан бичлэгийн төхөөрөмж байршуулж, бичлэг хийсэн нэг зөрчил бүртгэгдсэн байна.