Карго ачаанд хувцас дотор нуусан 1.6 кг МАНСУУРУУЛАХ БОДИС илрүүлжээ

Гаалийн байгууллага 961 кг жинтэй карго ачаанд шалгалт хийх үеэр 1 кг 630 грамм метамфетамин буюу “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодис илрүүлжээ.
Тодруулбал, 2026 оны есдүгээр сарын 28-ны өдөр нийт 21 боодол, 961 кг жинтэй карго ачаанд гаалийн хяналт шалгалт хийх явцад хувцас дотор нуун далдалсан 1 кг 630 грамм метамфетамин илрүүлж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон байна.
Уг үйлдэлд гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, хэргийг харьяаллын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.
Гаалийн байгууллага Тагнуулын болон Цагдаагийн байгууллагатай хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгааг мэдээлэв.
Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд бусдын нэрээр болон дайвар хэлбэрээр ачаа, карго тээвэрлэхдээ агуулгыг нь сайтар шалгаж, мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт холбогдохоос сэрэмжлэхийг анхаарууллаа.


