БАРИМТ: Төрөөс 3.5 тэрбум төгрөгийн хувьсах зардал авах хүсэлт гаргасан гэх Ерөнхий сайдын ээжийн “Их Засаг Кинг“ сургууль 2025 онд “ОУ-ын хөтөлбөртэй ЕБС байгуулах“ зөвшөөрлийг БЯ-наас авчээ
Ерөнхий сайд Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн удирддаг "Их Засаг Кинг" сургууль төрөөс хувьсах зардал авахаар хүсэлт өгсөн тухай мэдээллийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир мэдээлснээр, олон нийтийн анхаарал, шүүмжлэл хоёрыг зэрэг дагуулаад буй.
Тодруулбал, 2026-2027 оны хичээлийн жилд "Гэрт ойр сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 50 тэрбум төгрөгийг төсвийн тодотголд тусгасан тухай ЗГ-аас мэдэгдсэн. Хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах гурван хувийн сургуулийн тоног төхөөрөмжийг сайжруулахаар долоон тэрбум төгрөг тусгасан бөгөөд "Их засаг кинг", "Шинэ санаа", "Империал" зэрэг гурван сургууль Боловсролын яаманд хүсэлтээ өгсөн" гэх мэдээллийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан.
Ерөнхий сайдын ээжийн гэх "Их засаг кинг" сургууль нь анх 2007 онд байгуулагдсан аж. Үүнээс хойш Ерөнхий боловсролын сургууль байгуулах зөвшөөрлийг Нийслэлийн боловсролын газраас 2020 оны есдүгээр сард авсан бөгөөд 2026 оны тавдугаар сарын 9-нд дуууссан байна.
Түүнчлэн "Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах" тусгай зөвшөөрлийг 2025 оны зургаадугаар сард таван жилийн хугацаатайгаар Боловсролын яамнаас авсан байгаа юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдэд тараагдсан материалд "Нэг сурагчид оногдох хувьсах зардлыг 5.5 сая буюу нийт 3.5 тэрбум санхүүжилт төсөв дээр тавигдахаар байнгын хорооны хурлаар орж ирсэн ч Сангийн сайд З.Мэндсайханы зүгээс няцааж "Ийм материалыг мэдэхгүй" гэх тайлбарыг өгөөд байгаа юм.



