Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 30 тэрбум төгрөг хэмнэнэ

Нийгэм
OtgonbayarS
Унших: 1 мин 4 сек
10
legacy:2026/09/eby.jpg

Төрийн өмчит үйлдвэрийн газруудын бүтэц, үйл ажиллагааг оновчлох хүрээнд Засгийн газраас зарим арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Учралын мэдээлснээр, төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргана.

Ингэснээр 108-324 орон тоог оновчилж, цалин болон бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарчээ. Энэ нь 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль-ийн хэрэгжилтийг хангах хүрээнд хийгдэж байна.

legacy:2026/09/rkhkhkha.jpg

Засгийн газрын тогтоолоор төрийн өмчит үйлдвэрийн газруудыг төрийн өмчийн компани болон нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах, мөн заримыг нь татан буулгах жагсаалтыг баталжээ. Тогтоолын хүрээнд 25 төрийн өмчит үйлдвэрийн газрыг нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд хамруулна.

Тус байгууллагууд 2025 оны байдлаар нийт 2,162 ажилтантай, жилийн 73.2 тэрбум төгрөгийн цалингийн сантай ажилласан байна. Мөн удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэж, байгууллагуудын бүтэц, орон тоог оновчлох юм. Байр ашиглалт, тээвэр, бичиг хэрэг, худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологи зэрэг чиг үүргийг төвлөрүүлснээр урсгал зардлыг бууруулах зорилготой байна.

2025 оны тайлангаар Монгол Улсад 65 төрийн өмчит үйлдвэрийн газар 7,030 ажилтантай үйл ажиллагаа явуулжээ. Үүнээс 26 байгууллага үйл ажиллагааны орлогоороо зардлаа бүрэн санхүүжүүлдэг бол 39 байгууллага улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авчээ.