Алслагдсан цэргийн ангид 5 жил ажилласан алба хаагч 30 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна

Алслагдсан ангид 5 жил ажилласан цэргийн алба хаагч 30 сарын цалинтай тэнцэх урамшуулал авна Говь-Алтай аймагт үргэлжилж буй “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөгийн үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын бодлого, шийдвэрүүдийг танилцууллаа.
Тэрбээр алслагдсан анги, салбарт ажиллаж буй цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг нэмэгдүүлэх чиглэлээр гарсан шийдвэрийг онцолсон байна.
Тодруулбал, алслагдсан ангид тав болон түүнээс дээш жил тасралтгүй ажилласан офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдад таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох зохицуулалт 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Мөн алслагдсан ангид тооцогдох анги, салбарын тоог нэмэгдүүлэхээр болжээ.
Энэхүү шийдвэр нь алслагдсан нутагт тогтвор суурьшилтай ажиллаж буй цэргийн алба хаагчдын хөдөлмөрийг үнэлэх, нийгмийн баталгааг сайжруулах, мэргэшсэн хүний нөөцийг орон нутагт тогтвортой ажиллуулахад чиглэж байна. “Эх оронч Монгол” сургалт, өдөрлөгийн хүрээнд иргэдэд батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг танилцуулах уулзалт, Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт багийн үзлэг, оношилгоо, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа үйлчилгээ, зэвсэглэл, техникийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж байна.



