Оюутолгойн 61 ажилтан 1226 метрийн гүнд гацжээ

Оюутолгойн уурхайн гүний хэсгээс гадарга руу ажилтнууд тээвэрлэдэг өргүүр цахилгааны доголдлын улмаас зогсож, тухайн үед өргүүрт байсан 61 ажилтан хэдэн цагийн турш саатсан байна.
Тус үйл явдал өчигдөр 18:10 цагийн орчимд болсон бөгөөд уурхайн цахилгааны шугам хооронд шувуу орсны улмаас богино залгаа үүсэж, автомат хамгаалалт ажилласан байна. Ингэснээр уурхайн зарим хэсэгт цахилгааны доголдол үүсэж, өргүүрийн аюулгүйн систем идэвхжсэнээр ажиллагаа нь зогсжээ.
Өргүүрийг хэвийн ажиллагаанд оруулах ажил үргэлжилж байх хугацаанд дотор нь байсан 61 ажилтантай тогтмол холбоотой байж, агаарын урсгал хэвийн нөхцөлд байсан талаар мэдээлжээ.
Улмаар уурхайн холбогдох багууд ажиллаж, өргүүрт саатсан 61 ажилтныг 23:57 цагт гадарга дээр гаргасан байна. Ажилтнууд бүгд эсэн мэнд, бэртэл гэмтэлгүй гарчээ.
Гадарга дээр гарсны дараа ажилтнуудыг эмч, сэтгэл зүйч нар хүлээн авч, шаардлагатай дэмжлэг үзүүлсэн байна.
Одоогоор цахилгааны доголдол үүссэн шалтгаан, нөхцөлийг нарийвчлан шалгаж байгаа аж.



