АДУУНЫ ЭЗЭН Т.Тогтохбаяр: Л.Чинбат миний адуунуудыг дайрч 40-50 сая төгрөгийн хохирол учруулсан. Үүнийг дамжуулж хэлүүлтэл “Хохирлын үнэлгээ өндөр байна“ гэсэн
“Гацуурт” компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт автомашинтай зорчиж явахдаа таван адуу мөргөж, өөрөө гэмтсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, осол есдүгээр сарын 1-ний 21:00 цагийн орчимд гарч, “Land Cruiser-300” маркийн автомашин зам дээр бэлчиж байсан таван адууг мөргөсөн бөгөөд Л.Чинбат гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн. Ослын улмаас хүний амь нас хохироогүй юм.
Тэгвэл уг ослын улмаас таван адуугаа хорогдуулсан эзэн Т.Тогтохбаяртай бид холбогдож, хохирол болон хэргийн газрын нөхцөл байдлын талаар тодрууллаа.
Түүний мэдээлснээр, ослын дараа хэргийн газарт “Гацуурт” компанийн 2-3 ажилтан болон Цагааннуур сумын цагдаагийн алба хаагч очсон байна. Мөн Сэлэнгэ аймгаас ажлын хэсэг ирж, хэргийн газарт хэмжилт хийжээ.
Л.Чинбат өөрөө адууны эзэнтэй одоогоор холбогдоогүй бөгөөд өчигдөр түүний өмгөөлөгч адууны эзэн Т.Тогтохбаяртай холбогдож, хохирлын талаар байр суурийг нь сонссон байна.
Адууны эзэн Т.Тогтохбаяр: “Хорогдсон таван адуунд 2024 оны арваннэгдүгээр сард унага байхад нь 15 сая төгрөгөөр авч байсан үрээ, сайхан гүү, гурван унага байсан. Нэг унаганы эх нь жороо байсан. Нийт хохирлоо 40-50 сая төгрөг гэж тооцож байгаа. Үүнийг хэлэхэд хохирлын үнэлгээ өндөр байна гэж хэлсэн” гэлээ.



