С.Амарсайхан: Согтуурах мансуурах донтой өвчтөнийг эмчлэх тогтолцоог шинэчилж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулна

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Төв аймгийн Баян суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх төвд ажиллаж, тус төвийн үйл ажиллагаа, эмчилгээ үйлчилгээний чанар, орчин нөхцөлтэй танилцлаа.
Өчигдрийн байдлаар тус төвд согтуурах донтой 58, мансуурах донтой гурван хүн буюу нийт 61 иргэн албадан эмчилгээ хийлгэж байна. Тус төв жилд дунджаар 400-500 хүнийг хүлээн авч эмчилгээнд хамруулдаг бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5197 хүн хэвтэн эмчлүүлснээс 3805 нь архины хамаарлаас гарсан байна.
Сайд С.Амарсайхан согтууруулах ундаа болон мансууруулах бодисын хамаарал нэмэгдэж, үүнээс шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил буурахгүй байгаа нь асуудлыг зөвхөн албадан эмчилгээний төвийн хүчин чадлын хүрээнд шийдвэрлэх боломжгүй болсныг онцоллоо.
Тэрбээр урьдчилан сэргийлэх, эмчлэх, нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх үйл ажиллагааг уялдуулсан салбар дундын цогц тогтолцоо шаардлагатай гэж үзэж, холбогдох байгууллагуудад тодорхой чиглэл өгчээ.
Тухайлбал, Эрүүл мэндийн яам тус төвд эмчлүүлж буй иргэдийн эмчилгээ, эмийн хангамжийг сайжруулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр ажиллана.
Мөн мансууруулах бодисын хамааралтай иргэдийг эмчлэх стандартыг шинэчилж, согтуурах болон мансуурах хамааралтай иргэдийн эмчилгээг тусгаарлан зохион байгуулах боломжийг судлах юм.
Хууль зүй, дотоод хэргийн яам тус төвийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалт, дүрэм журмыг шинэчилж, холбогдох байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно.
Харин Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эмчилгээ хийлгэж буй болон эмчилгээний дараа гарсан иргэдийг нийгэмшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байраар хангах чиглэлээр ажиллахаар болжээ. Түүнчлэн архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангийн үйл ажиллагааг шинэчилж, хөрөнгийг зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулах, архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгжүүдийг урьдчилан сэргийлэх ажилд бодитоор оролцуулах шаардлагатайг хэллээ.
Цаашид албадан эмчилгээний зардлыг улсын төсөв болон Нийгмийн даатгалын сангаас гаргадаг тогтолцоог өөрчилж, Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сангаас санхүүжүүлэх зохицуулалт хийхээр судлах юм.
Мөн архины албадан эмчилгээнд хамрагдаж, дахин хэвийн амьдралд шилжих хүсэл эрмэлзэлтэй болсон иргэдийг шаардлагагүйгээр олон сар байлгалгүй, нийгэмшүүлэх тогтолцоог бүрдүүлэхийн тулд холбогдох дүрэм, журамд өөрчлөлт оруулах асуудлыг судлан шийдвэрлэхийг ШШГЕГ-т чиглэл болгожээ.
Холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар согтуурах болон мансуурах бодисын хамаарал нь зөвхөн тухайн хүний асуудал бус, гэр бүл, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой томоохон асуудал болж байна. Иймээс урьдчилан сэргийлэхээс эхлээд эмчилгээ, нийгэмшүүлэлт, хөдөлмөр эрхлэлт хүртэлх бүх үе шатыг хамарсан тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцоллоо.



