Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны хуралдаан өчигдөр болжээ. Энэ удаагийн хуралдаанаар;
Төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудлаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ танилцуулав.
Хөдөлмөрийн тухай хуулийн 28.1, 28.5-д заасны дагуу “Жагсаалт батлах тухай”, “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ” батлах тухай Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулсан.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Мөн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны саналаар “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого”-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2026-2031 он)-ний төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо хэлэлцэж байна. Ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.



