ТОЙМ: Медалийн өнгөө хувиргасан олимпын наадмын дөрөв дэх өдөр

Токио-2020
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин 29 сек
00
legacy:221088740_1874335689415657_9000094066349651194_n.jpg

“Токио-2020” олимпын наадмын дөрөв дэх өдрийн уралдаан, тэмцээнүүд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголын бөх Саид Моллай олимпын наадмын мөнгөн медалиар энгэрээ мялаасан нь өнөөдрийн онцлох үйл явдал байсан бол ОУХМ Б.Ганхайч 63 кг-ын гурвадугаар тойрогт Бразилын Кетлин Куадрод ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ. Энэ мэт олимпын наадмыг тойрсон үйл явдлаар дүүрэн өдрийн мэдээллийг тоймлон хүргэж байна.

legacy:Olimpic games/Judo/Mollaie/Mollaie mungu.jpg

Эрэгтэйчүүдийн 81 кг-ийн Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Монголын бөх Саид Моллай алтан медалийн төлөө Таканори Нагасетай барилдаж ялагдсанаар олимпын наадмаас мөнгөн медаль хүртэж, энэ олимпоос авсан Монгол Улсын медалийн өнгийг өөрчилж чадлаа. Тэрбээр медаль хүртсэний дараах сэтгэгдэл хуваалцах үеэрээ "Би энэ медалийг Монголын ард түмэнд зориулж авсан" гэж онцлов.

legacy:222222222222222222.jpg

Токиогийн татамид эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд эх орноо төлөөлөн зодоглосон ОУХМ Б.Ганхайч хэсгийн эхний барилдаанд иппон үнэлгээгээр өрсөлдөгч Мексикийн бөхийг буулган авсан хэдий ч гурвадугаар тойрогт Бразилын Кетлин Куадротой хүч үзэн ялагдсан. Ингэснээр ОУХМ Б.Ганхайчийн анхны олимпын наадам өндөрлөлөө.

legacy:Flora-Duffy-Bermuda copy.jpg

Бас нэгэн рекорд эвдсэн өдөр тохиов. Тухайлбал, Атлантын далайд орших 63 мянган хүн амтай Бермудын арал дахь жижиг улс 1936 оноос хойш олимпын наадамд оролцож буй ч 1976 онд боксын төрлөөр ганц хүрэл медаль хүртсэн байжээ. Тэгвэл тус улсын тамирчин Флора Даффи эх орондоо анхны алтан медалийг авчирлаа. Тэрбээр триатлоны эмэгтэйчүүдийн төрөлд түрүүлж, алтын эзэн болсон юм. Бермуд нь олимпын наадмаас алтан медаль хүртсэн хамгийн цөөн хүн амтай улс болжээ.

legacy:Olimpic games/ttttt.jpg

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг олимпын наадмаа албан ёсоор өндөрлүүллээ. Манай багийн тамирчид Итали, АНУ, Франц, Румын, ОХУ, Япон, БНХАУ-ын багуудын эсрэг тоглож бүх тоглолтдоо хожигдол хүлээсэн.

Олимпын наадмыг зохион байгуулагч орны зүгээс багийн спортоор анх удаа олимпт оролцож буй Монгол Улсын шигшээ багт хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн юм.

Б.Амарбаясгалан