Д.Амарбаясгалан: WADA-аас нэгдүгээр сарын 22-ны хүртэлх хугацаанд алдаагаа засах хугацаа өгсөн

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар холбогдох сайд нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,
"Азийн залуучуудын наадамд Спортын сайд Б.Бат-Эрдэнэ оролцсон. Мөн энэ үеэр Олон Улсын допингийн эсрэг байгууллагын хурал болсон тул өөрийн биеэр оролцож, алдаа дутагдлаа засаж залруулахаа илэрхийлсэн байдаг. Үүний үр дүнд ирэх оны нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацааг МҮДЭТ-д өгсөн байгаа.
Энэ хугацаанд манай улсад өгсөн 5 зөрчлийг арилгах үүрэг өгсөн. Үүнд,
Шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж баталгаажуулсан эсэх,
Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд тусгагдсан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримт бичигт заагдсан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа эсэх,
Тамирчны биологийн пасспорт дахь цусны шинжилгээний модулийг хэрэгжүүлсэн эсэх
Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд 3-аас доошгүй удаа шинжилсэн эсэх
Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид хүргүүлэн шинжлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эсэх гэсэн 5 шаардлагыг хүргүүлсэн байна" хэмээв.



